Skip to content

Гарчиг руу орох

Итгэлийн жишээ

Иосеф гэр бүлээ хамгаалж, тэжээж, үүргээ сайн биелүүлсэн

Иосеф гэр бүлээ хамгаалж, тэжээж, үүргээ сайн биелүүлсэн

ИОСЕФ илжгэндээ дахин ачаа тэгнэлээ. Тэрбээр шөнийн Бетлехемийг ажиглаад давжаа биетэй ч хүнд ачаатай илжгээ гуядав. Тэрбээр Египетийг зорин холын аянд гарч байгаа нь энэ аж. Мэдэхгүй хэлээр ярьдаг, өөр ёс заншилтай, харийн хүмүүсийн дунд аж төрөх амаргүй. Амьдрал нь ийн өөрчлөгдөхөд Иосефынх яах бол?

Хайртай эхнэр Мариадаа муу мэдээ дуулгах Иосефт амаргүй байсан ч зориглон хэлжээ. Бурхны тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж, Херод хаан бяцхан хүүг нь хөнөөх гэж байгааг дуулгав! Тиймээс даруй зугтах хэрэг гарчээ (Матай 2:13, 14). Мариа ихэд түгшиж байлаа. Гэм буруугүй бяцхан үрий нь хөнөөх санаа агуулах хүн байна гэдэг Иосеф Мариа хоёрын ухаан санаанд багтахгүй байлаа. Гэхдээ Еховад найдан замд гарахад бэлэн байв.

Бетлехемийн хүмүүсийг унтаж байхад нь Иосеф эхнэр, хүүхдээ аваад харанхуйгаар сэм явлаа. Тэрбээр гэр бүлээ дагуулан өмнө зүгийг зорин явахдаа юу тохиолдох бол хэмээн бодсон биз ээ. Эгэл жирийн мужаан эрх мэдэлтэй хаанаас гэр бүлээ хэрхэн хамгаалах бол? Яаж тэжээх бол? Ехова Бурхны өөрт нь өгсөн хариуцлагатай үүргийг биелүүлж, хосгүй хүүг нь өсгөж хүмүүжүүлж чадах болов уу? Иосефт үнэхээр амаргүй үүрэг оногдоод байж. Одоо бүгдээрээ Иосеф энэ бүхнийг хэрхэн даван туулсныг мэдэж авахын зэрэгцээ өнөөгийн бид бүгд, тэр дундаа эцгүүд түүний итгэлийг хэрхэн дууриаж болохыг авч үзье.

Иосеф гэр бүлээ хамгаалсан

Энэ явдлаас хэдэн сарын өмнө Иосеф төрөлх хот Назартаа Елигийн охинтой сүй тавьснаар амьдрал нь бүрмөсөн өөрчлөгджээ. Иосефын мэддэг Мариа бол цэвэр ариун, Бурханд үнэнч бүсгүй байв. Гэтэл Мариаг жирэмсэн болсныг мэджээ! Иосеф сүйт бүсгүйгээ шившиг болгохгүй гэсэндээ нууцаар салахаар шийддэг. * Тэгтэл тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж, Мариаг Еховагийн ариун сүнсээр хөл хүнд болсныг тайлбарлажээ. Мариагийн төрүүлэх хүү «Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна» гэдгийг мэдэгдэж, «Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн» хэмээв (Матай 1:18–21).

Иосеф Бурханд үнэнч, дуулгавартай хүн учир Бурхны хэлснээр болов. Ийнхүү тэрбээр туйлын хариуцлагатай үүрэг хүлээж, мах цусных нь тасархай биш боловч Бурхны хайртай хүүг өсгөж хүмүүжүүлэхээр болжээ. Хожим нь хааны зарлиг ёсоор хүн амын тооллогод хамрагдахаар хөл хүнд эхнэрээ дагуулан Бетлехем рүү явдаг. Тэнд хүүхэд төрдөг. *

Иосеф буцаж ирээд Назарт бус, Иерусалимаас холгүй орших Бетлехемд амьдрах болов. Тэднийх чинээлэг байгаагүй ч Иосеф эхнэр, хүүгээ наад захын юмаар дутаахгүйн тулд чадах бүхнээ хийсэн. Удалгүй тэднийх хэрдээ таарсан сууцтай болж, Есүс хүү ч өсөж торниж байв. Есүсийг ой гарантай байхад тэдний амьдралд дахин нэг өөрчлөлт гарав.

Иосеф Мариа хоёрын гэрт Дорнын хэдэн зурхайч ирлээ. Тэд алс холын Вавилоноос ирсэн бололтой. Одоор газарчлуулж ирсэн тэд Иудейн хаан болох хүүхдийг хайж яваа аж. Зурхайчид тэдэнд их хүндэтгэлтэй ханджээ.

Өөрсдөө мэдэж байсан эсэх нь тодорхойгүй ч, зурхайчид бяцхан Есүсийг аюулд оруулав. Тэднийг газарчилсан од эхлээд Бетлехемд бус, Иерусалимд аваачсан шүү дээ. Тэнд Херод хаантай уулзаж, иудейчүүдийн хаан болох хүүхдийг хайж байгаагаа хэлэхэд хорон санаат хааны уур хорсол буцалдаг. (29-р хуудасны «Уншигчдын асуулт» буланд нийтэлсэн «Хэн „одыг “ илгээсэн бэ?» гэдэг өгүүллийг үзнэ үү.)

Гэхдээ Херодоос илүү хүч чадалтай Нэгэн байв. Хэн байж таарах вэ? Зочид бэлэгнийхээ хариуд юу ч нэхээгүй. Иосеф Мариа хоёр гэнэт «алт, гүгэл, мир» гэх мэтийн үнэт зүйлтэй болсон нь хачирхалтай санагдахаар. Уг нь, зурхайчид Херод хаанд хүүгийн байгаа газрыг мэдэгдэх санаатай байлаа. Тэгтэл Ехова хэрэг явдалд оролцож, тэднийг өөр замаар гэртээ харихыг зүүдэнд нь мэдэгдэв (Матай 2:1–12).

Зочдыг явмагц Еховагийн тэнгэр элч: «Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет рүү зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна» гэж Иосефт сэрэмжлүүлжээ (Матай 2:13). Иосеф ч тэр ёсоор яаран хөдөлснийг өгүүллийн эхэнд тэмдэглэсэн билээ. Тэрбээр хүүгийнхээ амь насыг хамгаалахыг хамгийн чухалд үзэн гэр бүлээ аваад Египет рүү явсан. Тэд харийн зурхайчдын өгсөн үнэт зүйлээр хүний нутагт амьдралаа залгуулж чадах байв.

Зарим үлгэр домогт бяцхан Есүсийг Египет рүү явахдаа гайхамшгаар замаа товчилж, эцэг эхээ дээрэмчдээс аварч, бүр дал модыг бөхийлгөн жимсийг нь ээждээ өгүүлсэн гэх мэтээр хэтрүүлэн дүрсэлдэг. * Үнэн хэрэгтээ, тэд хүнд бэрх, урт замыг туулсан юм.

Эцэг эхчүүдэд Иосефын түүхээс сурах юм их бий. Тэрбээр гэр бүлийнхнийгээ аюулаас хамгаалахын тулд өөрийн ая тухыг золиосолж, ажлаа орхиход бэлэн байсан. Гэр бүлээ хамгаалахыг Еховагийн даалгасан хариуцлагатай үүрэг гэж үзсэн нь тодорхой байна. Өнөөгийн нийгэмд хүүхэд залуусыг эвдэж гажуудуулах, тэр байтугай хөнөөх аюултай юм их байдаг. Ийм аюултай нийгэмд үр хүүхдээ муу нөлөөнөөс хамгаалах гэж Иосефын адилаар шийдэмгий алхам хийдэг, үүргээ биелүүлдэг эцэг эхчүүдээр бахархууштай!

Иосеф гэр бүлээ тэжээсэн

Удалгүй тэнгэр элч Херод хаан нас барсныг Иосефт дуулгасныг бодож үзвэл тэднийх Египетэд удаагүй байх. Тэрбээр нутаг буцахаар боллоо. Ехова хүүгээ «Египетээс дуудан гаргана» хэмээн эрт цагт зөгнөсөн байлаа (Матай 2:15). Иосеф энэ зөгнөлийг биелэхэд хувь нэмэр оруулсан. Одоо чухам хаана суурьших бол?

Иосеф ихэд хянуур хандаж, хаан эцэг Херодоо залгамжилсан, хорон санаат, хэрцгий Архелаас болгоомжилж байсан нь зүйн хэрэг. Тэрбээр Бурхны удирдлагаар Иерусалимаас хойд зүгт орших төрөлх хот Галилын Назартаа иржээ. Энэ нь Иерусалимаас зайтай, аюул осол багатай газар байв. Иосефынх тэнд өнөр өтгөн айл болдог (Матай 2:19–23).

Тэднийх эгэл амьдралтай айл байв. Библид Иосефыг мужаан гэж бичихдээ модоор олон төрлийн юм хийх, тухайлбал, мод огтлох, ойгоос татах, байшин барих, завь, жижиг гүүр, түрдэг тэрэг, тэрэгний дугуй, буулга болон газар тариалангийн бүх төрлийн хэрэгсэл хийхэд модыг тохируулан засах гэсэн санаа илэрхийлдэг үг хэрэглэжээ (Матай 13:55). Мужааны хөдөлмөр биеийн хүч шаардсан амаргүй ажил байв. Тэр үеийн мужаан гэрийнхээ үүд хавьд юм уу гэртэй нь залгаа мухлагт ажилладаг байжээ.

Иосеф олон төрлийн багажныхаа заримыг эцгээсээ өвөлж авсан биз ээ. Тэгш өнцөг гаргагч, тугалган эгцлүүр, хэмжүүрийн утас, мод өөлөгч, модон муна, гар өрөм, сүх, хөрөө, алх, цүүц, янз бүрийн цавуу, бас өртөг өндөртэй ч хадаас хэрэглэдэг байсан болов уу.

Есүс хойд эцгийнхээ ажил хийж байхыг харж өссөн. Хөдөлгөөн бүрийг нь анхааралтай ажиглаж, гарынх нь бяр чадал, ур дүй, хурц харааг биширч байсан нь лавтай. Иосеф ч хүүгээ багаас нь модыг загасны хайрсаар үрж, өөг нь дарах гэх мэтийн энгийн ажилд сургаж, инжир, агч, чидун зэрэг модны ялгааг заасан биз ээ.

Есүсийн хувьд Иосеф бол зөвхөн мод огтлох, цавчих гэх мэтийн хүнд хүчир ажил хийдэг бүдүүн барагийн хүн биш, өөрийг нь болон ээж, дүү нарыг нь хайрлан энхрийлдэг, тайвшруулж тайтгаруулдаг уян зөөлөн хүн байлаа. Иосеф Мариа хоёр Есүсээс гадна наанадаж зургаан хүүхэд төрүүлж өсгөжээ (Матай 13:55, 56). Иосеф бүл нэмэхийн хэрээр тэднийгээ тэжээж, халамжлах гэж улам бүр чармайн хөдөлмөрлөж байсан.

Гэхдээ Иосеф гэр бүлийнхээ сүнслэг хэрэгцээг хангахыг хамгийн чухалд үзэж байлаа. Тиймээс хүүхдүүддээ Ехова Бурхны тухай зааж, хууль тушаалыг нь ойлгуулахад цаг гаргадаг байжээ. Нутгийнхаа синагог буюу Бурхны хуулийг чанга дуугаар уншиж, тайлбарладаг газар эхнэр, хүүхдүүдээ авч тогтмол очдог байж. Бодвол, синагогт очсоны дараа Есүс олон асуулт тавьж, Иосеф бүгдэд нь хариулахыг хичээдэг байсан биз ээ. Бас Иерусалимд болдог шашны баярт гэр бүлээрээ очдог байжээ. Жил бүрийн Дээгүүр өнгөрөх баяр тэдний нутгаас 112,65 километр зайтай газар болдог байж. Тэнд очиж баяр тэмдэглээд буцаж ирэхэд хоёр долоо хоног ордог байсан бололтой.

Өнөөдөр ч христиан гэр бүлийн тэргүүнүүд адилхан үүрэг хүлээдэг. Үр хүүхдийнхээ сүнслэг хэрэгцээг хангахыг сэтгэл санааны, материаллаг гэх мэтийн бусад хэрэгцээг нь хангахаас чухалд үзэн цаг зав гаргадаг. Тэднийгээ цуглаан, чуулганд авч очихийн тулд чадах бүхнээ хийдэг. Өрхийн тэргүүнүүд Иосефын адилаар, хүүхдийнхээ сайн сайхны төлөө хийж болох хамгийн сайн үйл бол сүнслэг хэрэгцээг нь хангах явдал юм гэдгийг ухамсарладаг.

«Санаа зовон»

Есүсийг 12 настай байхад Иосеф Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр гэр бүлээ аван заншил ёсоороо Иерусалим руу явав. Ер нь хүмүүс гэр бүл, хамаатан саднаараа нийлж явдаг байжээ. Аянчид хаврын ногоо цухуйсан газраар явсаар Иерусалим орчмын өндөр нүцгэн газар хүрэх үест алдарт өгсөх дуунууд дуулдаг байжээ (Дуулал 120–134). Баярын үеэр хэдэн зуун мянган хүн Иерусалим хотод бужигнаж байгаад баярын дараа гэрийн зүг буцна. Иосеф Мариа хоёр явдал суудалдаа болоод ч тэр үү, Есүсийг бусад хамаатан садантайгаа явж байгаа гэж бодож байж. Гэтэл Иерусалимаас гарч бүтэн өдөр явсан хойноо аймшигтай юм болсныг мэдлээ. Есүс алга болжээ! (Лук 2:41–44).

Сандарч тэвдсэн тэд Иерусалимд буцаж очоод явсан бүх газраараа Есүсийг хайв. Хотын гудамжаар хүүгийнхээ нэрийг дуудан гүйж явахад нь хот эл хуль оргиж, хачин жигтэй санагдаа биз ээ. Хүү маань хаана байгаа бол гэсэн ганцхан бодол тэдний толгойд эргэлдэж байсан нь лав. Иосеф хүүгээ ололгүй гурав дахь өдөртэй золгоод Еховагийн итгэлийг даанч алдлаа даа гэж бодсон биз. Эцэст нь, сүмд очоод хайж явсаар Хуулийн багш нар цугласан нэг танхимд явж оров. Тэгтэл Есүс хүү тэдний дунд сууж байх нь тэр! Иосеф Мариа хоёрын сэтгэл сая нэг уужрав! (Лук 2:45, 46).

Есүс сүмд байхдаа эрдэм номтой хүмүүсийг анхааралтай сонсож, тэднээс асууж лавлаж, тэд хүүгийн мэдлэг ойлголт, хариултыг биширч байж. Харин Иосеф Мариа хоёр гайхжээ. Энэ явдлын талаар Библид бичсэнийг үзэхэд Иосефыг үг хэлсэн гэж байдаггүй ч Мариа: «Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа» гэж хэлснийг хоёулангийнх нь сэтгэлийн үг гэж дүгнэж болно (Лук 2:47, 48).

Ийнхүү эцэг эх байх гэдэг хэчнээн хариуцлагатай хэрэг болохыг Бурхны Үгэнд цөөхөн үгээр тун онож хэлжээ. Тийм ээ, бүр төгс хүүхэд хүмүүжүүлэхэд ч амаргүй аж! Өнөөгийн аюултай нийгэмд эцэг эхчүүдэд «санаа зовох» юм бишгүй их тохиолддогийг Бурхан ойлгодог гэж бодохлоор сэтгэл тайвширдаг.

Есүс энэ ертөнцөд тэнгэрийн Эцэг Еховадаа хамгийн ойр байж болох тийм л газар Еховагийн тухай мэдэж болох бүхнийг шимтэн сурч байсан нь баярламаар. Тиймээс Есүс аав ээждээ: «Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү?» хэмээн хэлжээ (Лук 2:49).

Иосеф энэ үгийг олон удаа бодсон байж таарна. Тэгээд хүүгээрээ бахархсан ч байж мэднэ. Өсгөсөн хүүгээ Ехова Бурхантай эцэг хүүгийн харьцаатай болгох гэж хамаг чадлаараа хичээж явсан. Хүү нь насаар бага боловч «эцэг» гэдэг үг өөрийнх нь хувьд онцгой утгатайг ойлгодог болсон байв. Ийм харьцаатай болоход нь Иосеф их үүрэг гүйцэтгэсэн байх учиртай.

Хэрэв та эцэг хүн бол танай хүүхдүүд эцгийн хайр халамжийг танаас л мэдэрнэ. Та ийм хариуцлагатай үүрэг хүлээдгээ ойлгодог уу? Нөгөө талаас, та дагавар юм уу өргөмөл хүүхэдтэй бол Иосефын жишээг санаж, хүүхдээ эрхэмлэн хүндэтгэж байгаарай. Тэнгэрийн Эцэг, Ехова Бурхантай дотно харьцаа тогтооход нь туслаарай.

Иосеф үүргээ сайн биелүүлсэн

Библид Иосефын амьдралтай холбон үзэж болохоор өөр хэдэн зүйлийг товч дурдсан байдгийг эргэцүүлж бодвол ихийг мэдэж болно. Сүмд болсон явдлаас хойш ч Есүс эцэг эхийнхээ «үгэнд дуулгавартай байв» гэж Библид байдаг. Бас «Есүсийн бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурхны болон олон түмний тааллыг олжээ» гэж байдаг (Лук 2:51, 52). Эдгээрээс Иосефын талаар чамгүй ихийг мэдэж болохоор. Есүс төгс хүүхэд байсан ч эцгийнхээ эрх мэдлийг хүндэтгэн, дуулгавартай байсныг бодвол Иосеф гэр бүлээ сүнслэг үйл хэрэгт тэргүүлсэн хэвээр байж.

Есүс бас мэргэн ухаанаар өсөж байсан гэдгийг бодвол Иосеф хүүгээ ийм хүн болгох гэж их анхаарсан байж таарна. Тэр үеийн иудейчүүдийн дунд эртний нэг зүйр үг яригддаг байжээ. Тэр үг нь завтай хүн л мэргэн болж, харин мужаан, тариачин, дархан гэх мэтийн хар ажилчин «шударга ёсыг тунхаглаж үл чадах бөгөөд зүйр үг хэлцдэг газраас олдохгүй» гэсэн утгатай аж. Энэ үгийн ор үндэсгүйг Есүс хожим баталсан. Иосеф жирийн нэг мужаан байсан ч Есүсийг бага байхаас Еховагийн шударга ёсны талаар ихийг энгийн ойлгомжтой заасан нь лавтай.

Есүс эрүүл чийрэг, хүч тэнхээтэй залуу болсон нь Иосеф түүнийг багаас нь анхааран халамжилж өсгөсний бас нэг баталгаа юм. Хожим нь Иосеф хүүгээ биеийн хүчний ажилд ч сургажээ. Хүмүүс Есүсийг мужааны хүү гэхээс гадна өөрийг нь ч «мужаан» гэдэг байв (Марк 6:3). Тэгэхлээр Иосеф сайн зааж сургажээ гэсэн үг. Өрхийн тэргүүн хүн Иосефыг дууриан үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, ажил хөдөлмөрт сурган амьдралаа авч явах чадвар эзэмшүүлэхийг анхаарах нь зүйтэй.

Есүсийг 30 настайдаа баптисм хүртсэн тухай Библид бичихдээ Иосефын талаар огт дурдаагүй байдаг. Баримт үзвэл Есүсийг үйлчилж эхлэх үед Мариа бэлэвсэн байж (27-р хуудасны «Иосеф хэзээ нас барсан бэ?» гэсэн хавсралтыг үзнэ үү.) Гэхдээ Иосеф гэр бүлээ хамгаалж, тэжээж, үүргээ сайн биелүүлсэн эцэг хүний гайхамшигтай жишээ үзүүлжээ. Эцэг хүн бүр, өрхийн тэргүүн бүр, христиан хүн бүр Иосефын итгэлийг дууриах нь зүйтэй.

[Зүүлт]

^ Тэр үед сүй тавьсан хүмүүсийг гэрлэсэнд тооцдог байжээ.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2008 оны 10-р сарын 1-ний дугаарын «Итгэлийн жишээ» буланд нийтэлсэн «Тэрбээр „зүрхэндээ тунгаан бодсон“ юм» гэдэг өгүүллийг үзнэ үү (англи).

^ Есүс анхны гайхамшгаа баптисм хүртсэнийхээ дараа үйлдсэнийг Библид тодорхой бичсэн байдаг (Иохан 2:1–11).

[27-р хуудасны хавсралт]

Иосеф хэзээ нас барсан бэ?

Есүсийг 12 настай байхад Иосеф амьд сэрүүн байсныг бид мэддэг. Ер нь, иудей хүүхдүүд төдий насандаа аавынхаа ажлын зах зухаас сурч байгаад 15 настайгаасаа аавыгаа дагалдан ажилладаг аж. Юутай ч, Иосеф Есүсийг мужаан болтол нь амьд сэрүүн байсан. Тэгвэл Есүсийг 30 орчим настайдаа дэлхий дэх үйлчлэлээ эхлэхэд амьд байсан уу? Үгүй болов уу. Тэр үеийн талаарх тэмдэглэлд Есүсийн эцэг Иосефоос бусдыг нь буюу эх, дүү нарыг нь амьд байснаар дурдсан байдаг. Хүмүүс Есүсийг Иосефын хүү гэж биш, харин «Мариагийн хүү» гэж хэлсэн удаатай (Марк 6:3). Бас Мариа нэгэн удаа нөхөртэйгээ зөвлөлгүйгээр шийд гаргасныг Библид бичсэн байдаг (Иохан 2:1–5). Тэр үеийн эмэгтэйчүүд бэлэвсрээгүй л бол ингэдэггүй байжээ. Түүнээс гадна, Есүс үхэхийнхээ өмнөхөн ээжийг нь харж хандахыг шавь Иоханд захидаг (Иохан 19:26, 27). Хэрэв эцэг нь амьд байсан бол ингэхгүй байв. Тэгэхлээр, Иосеф Есүсийг арай залуу байхад нас барсан бололтой. Есүс баптисм хүртэх хүртэлээ ууган хүүгийн хувьд мужааны ажлыг нь үргэлжлүүлж, гэр бүлээ авч явж байсан нь лавтай.

[24-р хуудасны зураг]

Иосеф хүүхдээ хамгаалахын тулд амиа бодолгүй шийдэмгий хөдөлсөн

[25-р хуудасны зураг]

Иосеф гэр бүлээ тэжээхийн тулд нөр их хөдөлмөрлөсөн

[26-р хуудасны зураг]

Иосеф гэр бүлээрээ Бурхныг шүтэхээр Иерусалимын сүмд очдог байв

[28-р хуудасны зураг]

Иосеф хүүгээ мужааны ажилд сургасан