Таны мэдлэгт
Таны мэдлэгт
Иерусалимын сүмд яагаад мөнгө солигчид байдаг байсан бэ?
▪ Есүс сүмийг шударга бус явдлаар дүүрснийг үхэхээсээ өмнө хэлсэн байдаг. Библид «Есүс ... худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, зоос солигчдын ширээ, тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод, тэдэнд: «„Миний гэр бол залбирлын гэр гэж нэрлэгдэх болно“ гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгож байна» гэж бичжээ (Матай 21:12, 13).
І зуунд иудейчүүд болон Еховаг шүтдэг иудей бус хүмүүс янз бүрийн улс орон, хотоос Иерусалимын сүмийг зорин ирдэг байж. Тэд сүмийн жилийн татвар төлөх, тахилд өргөх амьтан худалдан авах, сайн дурын өргөл өргөхийн тулд өөрсдийнхөө орны мөнгийг тухайн нутгийн мөнгөөр солиулах шаардлага гардаг байв. Тийм учраас мөнгө солигчид өөр өөр газрын янз бүрийн ханштай зооснуудыг сольсныхоо төлөө хөлс авдаг байж. Тэд иудейчүүдийн баяр дөхөхөд сүмийн харь үндэстний хашаанд ширээ тавиад мөнгө сольдог байсан.
Есүс мөнгө солигчдыг сүмийг «дээрэмчдийн үүр болгож байна» гэж шүүмжилсэн нь тэднийг үйлчилгээний хөлсөндөө их мөнгө авдаг байсныг харуулдаг.
Эрт үед чидун модыг чухалд тооцдог байсны учир юу вэ?
▪ Бурхан ард түмнээ үнэнч байвал ивээж, өгөхөөр амласан зүйлийнхээ тоонд чидун мод, усан үзмийн модыг оруулсан байдаг (Дэд хууль 6:10, 11). Чидун мод ургадаг нутгийн хүмүүс одоо ч энэ модыг маш чухалд үздэг. Чидун мод нь хэдэн зуун жил жимс ургуулдаг бөгөөд арчилгаа бага шаарддаг. Нас бие гүйцсэн мод чулуурхаг хөрсөнд ч цэцэглэж, ган гачигтай үед ч тэсвэртэй ургадаг. Тэр байтугай, тайрсан юм уу унасан модноос хэд хэдэн мөчир нахиалж дахин ургадаг аж.
Библи бичигдэж байх үед чидуны холтос, навчийг халуун буулгахад хэрэглэдэг байжээ. Олон жил насалсан модны мөчрөөс ялгардаг ванилины үнэртэй давирхайг үнэртэн хийхэд хэрэглэдэг байв. Чидуны жимс болон жимснээс нь гаргаж авдаг тосыг хүнсэнд өргөн хэрэглэдэг байсан. Боловсорсон жимсний зөөлөн эдийн эзлэхүүний хагас нь тос байдаг аж.
Сайн модноос жилдээ 57 литр тос гаргаж авдаг. Чидун жимсний тосыг дэнлүү барих, ёслол, шашны арга хэмжээнд хэрэглэдэг байжээ. Бас гоо сайхны зориулалтаар бие, үсэнд түрхэхээс гадна эмчилгээний зорилгоор шарханд түрхэх, хаван буулгах гэх зэргээр хэрэглэдэг байв (Египетээс гарсан нь 27:20; Левит 2:1–7; 8:1–12; Рут 3:3; Лук 10:33, 34).