Хүүхэдтэйгээ хамт уншаарай
Хэзээ сэрүүн байх хэрэгтэй вэ?
ХИЧЭЭЛ дээрээ унтаж болохгүй гэдгийг чи мэдэх байх. Гэхдээ хичээлийн цагаар нойрмоглодог хүүхэд олон байдаг. Харин юм суръя гэвэл сэрүүн байх хэрэгтэй. Чи Библийн тухай сурахын тулд цуглаанд явдаг байж болох юм.
Нойрмоглохгүйн тулд яах хэрэгтэй бол?— * Нэг арга бол орой эрт унтах юм. Бас өдөр жаахан дуг хийсэн ч болно. Нэг орой элч Паулыг ярьж байхад нь нойрондоо дийлдэн унтчихсан хүүд тохиолдсон явдлаас юу сурч болохыг үзье. Библид байдаг «Үйлс» номын 20-р бүлгийн 7–12-р зүйлийг уншаад юу болсныг мэдэж авъя.
Паул далайн эрэгт орших Трой хотын нэгэн хуралд очжээ. Библид бичсэнээр, Паул «маргааш» нь усан онгоцоор «явахаар шийдсэн» байж. Тийм учраас, «шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ». Паулыг ярьж байхад «Юутух гэгч нэгэн залуу цонхны тавцан дээр суун гүн нойрсов». Тэгээд яасан бол оо?—
Юутух «гурван давхрын» цонхноос уначихжээ! Паул болон тэнд байсан хүмүүс хамаг хурдаараа доош буун иржээ. Хүү үхчихсэн байв! Тэнд байсан хүмүүс ямар их гашуудсаныг чи төсөөлж байна уу?— Библид бичсэнээр, Паул Юутухыг тэвэрчээ. Тэгээд «Бүү зов. Тэр зүв зүгээр!» гэж баяртайгаар хэлдэг. Бурхан Юутухыг амилуулжээ.
Юутухт тохиолдсон энэ явдлаас Бурхны тухай юу мэдэж болох вэ?— Тэнгэрийн Эцэг Ехова Бурхан маань хөгшин залуу бүх хүнийг амилуулна. Ехова чамайг эцэг эхээс чинь илүү хайрлаж, ойлгодог. Есүс дэлхий дээр байхдаа бяцхан хүүхдүүдийг тэвэрч, ерөөн Еховаг ямар Эцэг болохыг харуулсан. Тэрбээр хүүхдүүдийг, тэр дундаа 12 настай охиныг амилуулжээ.
Тэнгэрийн Эцэг чинь чамайг хайрладгийг мэдэхлээр юу хиймээр санагддаг вэ?— Тийм ээ, Еховаг хайрлаж, хэлсэн үгэнд нь дуулгавартай байх хүсэл төрдөг биз ээ. Тэгвэл Еховаг хайрладгаа яаж харуулах вэ?— Бурханд хайртай гэдгээ хэлж болно. Есүс: «Би Эцэгээ хайрладаг» гэж хэлсэн байдаг. Гэхдээ Есүс, Бурхныг хайрладаг гэж хэлэхээс илүү юм хийжээ. Тэрбээр хайраа үйл хэргээрээ харуулсан.
Есүс Бурханд дуулгавартай байсан. Тэрбээр: «Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг» гэж хэлжээ. Бид ч бас Ехова болон Хүү Есүст нь таалагдъя гэвэл хичээл болон цуглаан дээр нойрмоглохгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй.
БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ
^ Хэрэв та хүүхдэдээ уншиж өгөх бол зураас тавьсан газар түр зогсоод хүүхдийнхээ хариулахыг сонсоорой.