Skip to content

Гарчиг руу орох

Захидал задлахад ... Оросоос

Алтайн алтан уулсаас эрдэнэс олсон нь

Алтайн алтан уулсаас эрдэнэс олсон нь

СИБИРИЙН баруун өмнө зүгийн үзэсгэлэнт байгальтай нутагт Бүгд Найрамдах Алтай улс бий. Тавдугаар сарын урин сайхан өдөр байв. Цонхоор шагайхад гүн хөхрөн харагдах шилмүүст ой, цаана нь шовойх сүрлэг өндөр уулс оргилдоо цасан цагаан малгай духдуулсан мэт харагдана. Энэ бол алтай үндэстний суурьшдаг уулархаг, алслагдсан нутаг юм. Алтай гэдэг үг нь түрэг-монгол хэлний «алтан» гэдэг үгнээс гаралтай аж.

Эхнэр бид хоёр орос дохионы хэл сурч, Еховагийн Гэрчүүдийн дохионы хэлний хурал, бүлгүүдэд эргэлт хийдэг болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Оросод 170 орчим үндэстэн ястан амьдардаг бөгөөд хүн амын дийлэнх нь орос хэлээр ярьдаг юм. Гэхдээ бид сонсголгүй хүмүүстэй өөр хэл буюу орос дохионы хэлээр харьцдаг. Ер нь, сонсголгүй хүмүүс их нийтэч, нөхөрсөг хүмүүс байдаг юм. Танилцахлаараа үүх түүхээ сонирхуулан ярьж, зочломтгой ханддаг. Алтайд ч мөн тэгж угтаж билээ.

Горно-Алтайск хотод ирээд тэндээс 250 км зайтай нэг жижиг тосгонд сонсголгүй хэдэн хүн байдгийг дууллаа. Уг нь, тэнд Гэрчүүд байдаг боловч дохионы хэл мэдэх хүн байдаггүй аж. Бид сонсголгүй хүмүүст дэлгэрүүлэхийн хүслэн болж, тийшээ явах санаатай байв. Бидэнтэй сэтгэл нийлсэн сонсголгүй хос Юрий Татьяна хоёр хамт явахаар болсон юм. Дохионы хэлээрх видео материал, DVD тоглуулагч, бас том халуун саваар уух юм, хачиртай талх, утсан хиам болон байцаа, төмстэй шинэхэн пирошки авч замын хүнсээ зэхлээ. Бидний очих газар шавьжинд хазуулж халдвар авах аюул байдаг учир бид бие, хувцас, гутал зэрэгтээ шавьж үргээгч бодис түрхээд машиндаа суун замд гарлаа.

Уул сүлжин бэл хяраар нь давхихад мэлрэг, голт борын үнэр хамар цоргиж, сэтгэл сэргээнэ! Бэлчиж яваа бугын сүрэгтэй таарахад бас чиг сонин байв. Нэг дор төмөр дээвэртэй модон байшин олноороо байж харагдах нь суурин бололтой. Ихэнх байшингийн хажууд нутгийнхний хэлээр «айыл» гэдэг зургаан өнцөгтэй, шовгор оройтой модон сууц байна. Зарим нь модон урц гэмээр харагдана. Алтайчууд «айыл»-даа хаваржиж, зусна, байшиндаа намаржиж, өвөлжинө.

Биднийг тосгонд ирэхэд тэндхийн Гэрчүүд халуун дотноор угтан авч, сонсголгүй нөхөр эхнэр хоёртой танилцуулав. Тэд бидэнтэй танилцсандаа тун ч олзуурхаж, хаанаас, ямар хэргээр явааг маань сонирхов. Ашгүй, тэднийх компьютертэй байж таарсан юм. Биднийг DVD-гээ гаргаж иртэл бушуухан үзүүлэхийг шавдуулав. Ингээд гэрийн эзэд бидний байгааг огт анзаарахаа больж, гэрт нам гүм болов. Тэд дэлгэцнээс нүд салгалгүй харж, зарим нэг дохиог дууриан дохиж, ойлгосноо илэрхийлж толгой дохицгоож байв. Тэднийг ятгаж байж үзсэн материалынхаа эхэн рүү буцаж дэлхий дэх диваажингийн дүр зургийг ярилцахаар болов. Тэр зургийг үзүүлж байгаад Бурхан хүн төрөлхтний төлөө юу хийх, тэр сайхан газар ямар хүмүүс амьдрахыг тайлбарлалаа. Шимтэн сонирхсонд нь бид урамшив. Биднийг явах гэхэд тэд хэдэн цаг яваад хүрдэг өөр нэг тосгонд бас нэг сонсголгүй хос байдгийг хэлж өгөв.

Аяллаа үргэлжлүүлэн уул хадтай, мушгирсан замаар явсаар арай жижиг тосгонд хүрэв. Тэнд өнөөх айлаа олж, сонсголгүй нөхөр эхнэр, тэдний хүү, эхнэрийнх нь ээжтэй танилцав. Хэлж дуулгалгүй очсон биднийг найрсгаар хүлээж авч билээ. «Айыл»-ынх нь намхан хаалгаар ортол сүү, мод үнэртэнэ. Шовх оройтой энэ сууц оройдоо гэгээвчтэй, түүгээр нь гэрэл тусах аж. Гэрийн нэг буланд цагаан шавар зуух, хананд нь тод улаан өнгийн хивс хадсан харагдана. Гэрийн эзэд биднийг боорцог, цайгаар дайллаа. Боорцгоо дорнын загвартай шаазан аяганд хийж тавьсан нь содон санагдав. Тэдэнтэй ярилцаж, Бурхантай нөхөрлөж болох талаар бодож үзсэн эсэхийг нь асуухад их нухацтай бодож байв. Эхнэрийнх нь ээж хүүхэд байхдаа нэг удаа бурханд өргөл өргөхөөр идээ будаа аван ууланд гарснаа дурсаад «Ямар учиртайг нь мэдэхгүй юм даа. Тэгдэг ёстой байсан юм» гэж хэлээд мөрөө хавчин инээмсэглэлээ.

Бид тэр асуултын хариуг өгөхөөр нэг DVD үзүүлэхэд тэд их баярлаж, илүү ихийг мэдэх гэж шимтэв. Гэтэл яаж холбоо барих билээ? Уг нь, сонсголгүй хүмүүстэй мессежээр харьцчихаж болдог ч тэнд сүлжээ байдаггүй аж. Тиймээс захиа бичиж байхаар болов.

Нар хэвийх алдад шинэхэн танилуудтайгаа салах ёс гүйцэтгээд дахин холын замд гарч, Горно-Алтайск хот руу буцав. Бид хэдий ядарсан ч сэтгэл дүүрэн байлаа. Хэсэг хугацааны дараа нутгийн Гэрчүүдээс тэднийг сураглахад нөхөр нь хоёр долоо хоногт нэг удаа арай том хотод очиж, дохионы хэл мэддэг Гэрч эмэгтэйгээр туслуулан Библийн хичээл хийж, цуглаанд явдаг болсныг нь хэлсэн юм. Хичээл зүтгэл маань үр дүнд хүрсэнд их баярласан!

Чин сэтгэлтэй, сонсголгүй хүмүүсийг хайх нь, нэгэн бодлын, уулсын гүнд нуугдсан эрдэнэс хайн, олон цаг явж байгаад нэгэн үнэт чулууг бараг санамсаргүй гэмээр олохтой адил байлаа. Үнэнийг хайдаг хүмүүстэй уулзуулж учруулсан Алтайн шовх оргилт уулс бидний хувьд үргэлж алтан уулс байх болно.