Бурхны Үгийг судалъя
Бурхны нэрийг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Та энэ өгүүлэлд хөндсөн асуултуудыг бодож явсан байж болох юм. Эдгээр асуултад Библи юу гэж хариулдгийг мэдэж аваарай. Еховагийн Гэрчүүд энэ сэдвээр тантай дуртайяа ярилцана.
1. Бурхан яагаад нэртэй вэ?
Ер нь, хүн «ах», «эгч» гэх юм уу албан тушаалаараа дуудуулахаас илүү нэрээрээ дуудуулах дуртай. Хүн нэрээрээ л бусдаас ялгардаг. Бурхан «Эзэн», «Төгс Хүчит», «Бүтээгч» гэх зэргийн олон цолтой (Эхлэл 15:2; 17:1; Номлогчийн үгс 12:1). Гэхдээ Бурхан оноосон нэртэй. Бурхныг нэртэй бодгаль гэж мэдэх нь Бурхантай дотно харьцаа тогтоох үндэс болдог. Монгол хэлэнд Бурхны нэрийг «Ехова» гэж буулгасан байдаг. Бурхан өөрөө: «Би бол Ехова. Энэ бол миний нэр» гэж Библид бичүүлсэн (Исаиа 42:8, ШЕ).
Библийг орчуулахдаа Бурхны нэрийг «БУРХАН», «ЭЗЭН» гэх зэргийн үгээр орлуулсан нь түгээмэл байдаг ч Библийн еврей эх бичгүүдэд «Ехова» гэдэг нэр 7 000 орчим удаа гардаг. Бурхан хүмүүст нэрээ мэдүүлэхийг хүсдэг нь тодорхой байна (Исаиа 12:4-ийг уншина уу).
2. Бурхны нэрийг мэдэх нь яагаад чухал бэ?
Бурхны нэрийг мэдэх нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд Бурхантай дотно харьцаатай байхыг хэлнэ. Ехова гэдэг нэр «Тэр болгодог» гэсэн утгатай. Энэ нь Бурхан санаа зорилгоо биелүүлэхийн тулд юу болох шаардлагатай байна, тийм болдог гэсэн үг юм. Тэгэхлээр, Бурхны нэрийг мэддэг хүн Бурхныг санаа зорилгоо биелүүлнэ гэж итгэдэг (Дуулал 9:10). Бурхны нэрийг мэддэг, хэрэглэдэг хүн итгэлдээ хөтлөгдөн Бурханд найдаж, Бурхныг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг. Ехова Бурхан тийм хүнийг хамгаалдаг (Дуулал 91:14-ийг уншина уу).
3. Бурхан нэрээ мэдүүлэхийг ямар учраас хүсдэг вэ?
Бурхан хүмүүсийг нэрийг нь мэдээсэй гэж хүсдэг нь хүмүүсийн тусын тулд юм. Бурхны нэрийг мэддэг хүн одоо анд нөхөр нь болж, ирээдүйд мөнх амьдарна. Тиймээс Бурхан биднийг хүмүүст нэрийг нь тунхаглаасай гэж хүсдэг нь гайхах хэрэг биш ээ (Иохан 17:3; Ром 10:13, 14-ийг уншина уу).
Есүс Бурхны зан чанар, үйл хэрэг, хууль тушаал, амлалтынх нь талаар заан Бурхны нэрийг тунхагласан. Өнөөдөр Есүсийн дагалдагчид Бурхны нэрийг бүх үндэстэнд тунхаглаж байна. Тэд «[Бурхны] нэрийн төлөөх хүмүүс» болон нэгдэж, энэ ажлыг хийдэг (Үйлс 15:14; Иохан 17:26-г уншина уу).
4. Бурхан нэрээ хэрхэн ариусгах вэ?
Ехова Бурхан нэрээ гутаан доромжлуулсан учир ариусгахыг хүсдэг. Жишээ нь, зарим хүн Бурхан хүнийг бүтээгээгүй учир Бурханд захирагдах шаардлагагүй гэж ярьдаг. Бурхан хүнийг зөнд нь орхисон, зовлон шаналлын буруутан нь гэж үздэг хүмүүс ч бий. Тийм хүмүүс Бурхны нэрийг гутаадаг. Гэвч Бурхан ийм явдлыг таслан зогсоож, нэрийг нь гутаадаг хүмүүстэй хариуцлага тооцно (Дуулал 83:17, 18-ыг уншина уу).
Бурхны Хаанчлал хүний засаглалыг устгаж, хүн төрөлхтнийг амар тайван, аюулгүй амьдруулах тэр цагт Еховагийн нэр ариусна (Даниел 2:44). Ехова бол жинхэнэ Бурхан гэдгийг удахгүй бүх хүн мэдэх болно (Езекиел 36:23; Матай 6:9-ийг уншина уу).
Тэгэхлээр яах нь зүйтэй вэ? Бурхны Үгийг судалж, Бурхныг хайрладаг хүмүүстэй нөхөрлөн Бурхантай дотно харьцаа тогтоогоорой. Ехова нэрээ ариусгахдаа үнэнч үйлчлэгчдээ хамгаална (Малахи 3:16).
Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан энэ номын 1-р бүлгээс үзнэ үү.
[16-р хуудасны зураг]
Бурхны нэрийг бичсэн еврей хэлээрх гар бичмэл