Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Еховагийн Гэрчүүд яагаад айлаар дэлгэрүүлдэг вэ?

Еховагийн Гэрчүүд яагаад айлаар дэлгэрүүлдэг вэ?

▪ Есүс дагалдагчдадаа «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. . . . Тэдэнд заа» хэмээн тушаасныг Библид бичсэн байдаг (Матай 28:19, 20). Энэ тушаал христиан хүн бүрд хамаатай юу? Хамаатай гэж Есүсийн эртний дагалдагчид ойлгодог байсан. Жишээлбэл, Есүсийн шавь Петр: «Гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэхийг Тэр [Есүс] бидэнд тушаасан юм» гэж хэлжээ (Үйлс 10:42). Мөн элч Паул: «Би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог» гэжээ (1 Коринт 9:16).

Есүсийн тушаалыг Паул Петр хоёр төдийгүй І зууны бүх христиан биелүүлж байв. Тэд дэлгэрүүлэх ажлаараа олонд танигдсан юм (Үйлс 5:28–32, 41, 42). Еховагийн Гэрчүүд ч эртний христиануудыг дууриадаг. Тэд Есүсийн дэлгэрүүлж байсан мэдээ буюу «тэнгэрийн хаанчлалын» тухай хүмүүст тунхагладаг (Матай 10:7).

Хаанчлалын мэдээг хэнд хүргэх учиртай вэ? Есүс газар газрын бүх хүнд дэлгэрүүлэх хэрэгтэйг онцлон шавь нартаа «Та нар . . . дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» хэмээсэн (Үйлс 1:8). Өнөөгийн ёс бус ертөнцийн төгсгөл ирэхээс өмнө «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана» гэж бүр зөгнөжээ (Матай 24:14). Тийм ч учраас І зууны христианууд зөвхөн танилууддаа эсвэл шашин шүтлэггүй хүмүүст биш, бүх хүнд дэлгэрүүлэхийг хичээж байсан (Колоссай 1:23; 1 Тимот 2:3, 4). Еховагийн Гэрчүүд ч бүх хүнд сайн мэдээ дуулгахыг зорьдог. *

Хаанчлалын мэдээг дэлгэрүүлэх хамгийн үр дүнтэй ямар арга байна вэ? Сайн мэдээг яавал олон хүнд хүргэж болохыг мэддэг Есүс шавь нараа хот тосгодоор явуулж, айлаар дэлгэрүүлэх ажил хийлгэсэн (Матай 10:7, 11, 12). Есүсийг үхээд амилсны дараа ч шавь нар нь «айлаас айлд» дэлгэрүүлж байсан (Үйлс 5:42). Тэд Есүсийн адилаар хүнтэй уулзаж болох газар бүр, олон нийтийн газраар ч дэлгэрүүлсэн (Иохан 4:7–26; 18:20; Үйлс 17:17). Орчин үед ч Еховагийн Гэрчүүд ижил аргаар сайн мэдээг тунхагладаг.

Есүсийн хэлснээр, сайн мэдээг хүлээж авахгүй хүн бас байх аж (Матай 10:14; 24:37–39). Ингэлээ гээд христиан хүн шантрах уу? Их хохирол учруулсан газар хөдлөлтийн дараа аврах ажилд оролцож байна гэж бодъё. Цаг зав гарган хайсан ч амьд хүн цөөхөн олдлоо гээд эрлийн ажлаа зогсоох уу? Яалаа гэж! Нэг ч болов хүнийг аврах найдвар байгаа цагт цөхрөлтгүй хайна биз дээ. Есүс Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг хүлээн авах хүнийг олох найдвар байгаа л бол ажлаа тууштай хийхийг шавь нартаа захисан (Матай 10:23; 1 Тимот 4:16). Еховагийн Гэрчүүд тийм хүнийг хайн айлаар дэлгэрүүлдэг нь Бурхныг болон хүмүүсийг хайрладгийнх юм. Учир нь хүний амь нас Хаанчлалын мэдээг сонсож, хүлээн авах эсэхээс шалтгаална (Матай 22:37–39; 2 Тесалоник 1:8).

Таны уншиж байгаа энэ сэтгүүл Библийн тэр сайн мэдээг хүргэдэг. Та илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийг дараа ирэхэд нь ярилцах юм уу энэ сэтгүүлийг эрхлэн гаргагчдад хандаарай.

[Зүүлт]

^ Одоогийн байдлаар Еховагийн Гэрчүүд 236 оронд сайн мэдээ дэлгэрүүлдэг. Өнгөрсөн жил дэлхий даяар 1,7 тэрбум цаг дэлгэрүүлж, 8,5 сая Библийн хичээл заажээ.