Skip to content

Гарчиг руу орох

Яавал ирээдүйд жаргалтай амьдрах вэ?

Яавал ирээдүйд жаргалтай амьдрах вэ?

Яавал ирээдүйд жаргалтай амьдрах вэ?

ЖИНХЭНЭ ёсоор жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахын тулд яах хэрэгтэй вэ? Хүн аливаа зүйлийн үр дүн ямар байхыг эргэцүүлж бодох чадвартай учир энэ чадвараа зохих ёсоор ашиглах хэрэгтэй.

Насан туршийнхаа амьдралд харамсахааргүй шийдвэр гаргана гэдэг амаргүй нь үнэн. Учир нь өнөө үед олон хүн «одоо л болж байвал боллоо» гэсэн үзэлтэй болчихоод байна. Нөгөө талаас, Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь ач тустайг, тухайлбал, гэр бүлийн амьдралд ач холбогдолтойг чи ойлгосон байж болох юм (Ефес 5:22—6:4). Гэхдээ Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд ажил алба, зугаа цэнгэлд хамаг цагаа зориулах бус, гэр бүлдээ тогтмол цаг гаргах хэрэгтэй болно. Амьдралын бусад хүрээнд ч зуурдын таашаал эдлэх үү, үүрдийн жаргал эдлэх үү гэдгээ шийдэх хэрэг гардаг. Ухаалаг шийдвэр гаргаж, тууштай байхад юу туслах вэ? Дараах дөрвөн алхмыг авч үзье.

1 Үр дүнг нь бодож үз

Шийдвэр гаргахдаа үр дүн нь ямар байхыг бодит байдалд аль болох ойртуулж бодоорой. Библид «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг» гэж байдаг (Сургаалт үгс 22:3). Үр дүнг нь бодоод үзтэл эцэстээ таагүй үр дагаварт хүргэхээр бол тийм юм хийхгүй гэж эрс шийднэ. Харин ухаалгаар шийдээд насан туршдаа ач тус хүртэхээ ойлговол шийдвэрээсээ няцахгүй байх урам зориг орно.

Тиймээс «Энэ шийдвэрийн үр дүн нь 1, 10, бүр 20 жилийн дараа ямар байх вэ? Сэтгэл санаа, эрүүл мэндэд минь яаж нөлөөлөх бол? Гэр бүл, ойр дотнынхонд минь яаж тусах бол?» гэж бодож үзээрэй. Бас «Ингэж шийдвэл Бурханд таалагдах уу? Бурхантай тогтоосон харьцаанд минь яаж нөлөөлөх вэ?» гэж бодох нь бүр чухал. Библи бол Бурхны удирдлагаар бичигдсэн ном учир Бурханд таалагдах, бас хүний өөрөө олж хардаггүй тийм аюулаас сэргийлэх хэрсүү ухааныг өгдөг (Сургаалт үгс 14:12; 2 Тимот 3:16).

2 Бусдыг бүү дууриа

Ер нь, хүмүүс бусдыг дууриагаад шийдвэр гаргачихдаг. Гэхдээ олны жишгийг дагах нь амжилтад хүрэх баталгаа биш шүү дээ. Тиймээс олон талаас нь бодож, өөрөө шийдэх хэрэгтэй. Натали * гэдэг эмэгтэйн жишээг авч үзье. Тэрбээр: «Би сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг байлаа. Гэвч өөрийнхөө бодсоноор яваад энэ хүслээ биелүүлж чадахгүйгээ ухаарсан юм. Миний оюутан цагийн найз нөхөд сурлага сайтай хүүхдүүд байсан ч хувийн амьдралдаа ухаалаг шийдвэр гаргаж чаддаггүй байв. Найз охин, найз залуугаа байнга сольдог байв. Би ч тэднийг дууриаж, нэг бус залуутай үерхэж үзсэн. Эцэст нь сэтгэлийн шархтай хоцордог байлаа» гэж ярьсан юм.

Натали Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгах болжээ. «Гэрч залуус жаргалтай амьдардгийг, христиан гэр бүлүүд тогтвортой байдгийг би анзаарсан юм. Хэдий амаргүй байсан ч би үзэл бодол, амьдралын хэв маягаа өөрчилсөн» гэж Натали дурссан юм. Ямар үр дүнд хүрсэн бол? «Би хүндэтгэлийг минь хүлээж чадах хүнийг ханиа болгохыг хүсэж байв. Тэгээд итгэл үнэмшлийг минь хуваалцдаг хүнтэй гэрлэсэн юм. Би Бурхны ивээлээр хүсэж мөрөөдөж явснаасаа ч сайхан гэр бүлтэй болсон гэж боддог» хэмээн сэтгэлийнхээ үгийг хэлжээ.

3 Алсын хараатай бай

Өнөө маргаашаас цаадахыг харахын тулд ирээдүйгээ сайн төсөөлж, тэр ирээдүйд хүрэхийн тулд төлөвлөгөө гаргах хэрэгтэй (Сургаалт үгс 21:5). Хүний амьдрал 70, 80-хан жил үргэлжилдэг гэж бүү бодоорой. Харин Бурхны амласнаар ирээдүйд мөнх амьдарна гэж төсөөлөөрэй.

Бурхан Есүс Христийг золиос болгон өгч, хүн төрөлхтөнд мөнх амьтай болох боломж олгосныг Библид тайлбарладаг (Матай 20:28; Ром 6:23). Бурхан хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх санаа зорилгоо биелүүлэхээ амласан. Бурхныг хайрладаг хүмүүс удахгүй бий болох диваажин дэлхийд мөнх амьдарна (Дуулал 37:11; Илчлэлт 21:3–5). Хэрэв чи алсын хараатай байвал ирээдүйн тэр сайхан бүхнийг өөрийн биеэр үзнэ.

4 Зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлө

Тийм ирээдүйд хүрэхийн тулд яах хэрэгтэй вэ? Эхний ээлжид Бурхантай танилцаарай (Иохан 17:3). Библийн сургаалыг зөв ойлгох тусам Бурхныг ирээдүйн талаарх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэх итгэл батажна. Бат итгэлтэй хүн Бурхны тааллыг олохын тулд шаардлагатай өөрчлөлт хийж чаддаг.

Майкл гэдэг хүнд тохиолдсон явдлыг авч үзье. Тэрбээр: «Би 12 настайгаасаа архи, мансууруулах бодист орсон. Бас дээрмийн бүлэгт элссэн болохоор 30 ч хүрэхгүй үхэх байх гэж бодож явлаа. Галзууртлаа уурлаж, цөхрөнгөө барсан үедээ амиа хорлохыг хэд хэдэн удаа оролдсон. Хүний амьдрал утга учиртай байх ёстой гэж бодож явсан ч чухам юу болохыг нь мэдэхгүй байв» гэж хэлжээ. Майклыг ахлах ангид сурч байхад нь дээрмийн бүлэгт байсан нэг залуу Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгах болжээ. Майкл ч бас Библийн хичээл хийх болсон аж.

Тэрбээр Библи судлаад ирээдүйгээ өөрөөр хардаг болжээ. Майкл: «Ирээдүйд дэлхий Диваажин болж, хүмүүс айх аюулгүй амар тайван амьдрахыг мэдэж авсан юм. Би ч өөрийнхөө ирээдүйг тэгж хардаг боллоо. Тэгээд Еховатай дотно харьцаа тогтоохыг зорилгоо болгов. Гэхдээ алдах ч үе байлаа. Библийн хичээл хийдэг болсон хойноо ч хэд хэдэн удаа согттолоо ууж, нэг удаа бүр садар самуун үйлдсэн» гэж ярьсан юм.

Майкл энэ бүхэнд бууж өгөлгүйгээр амьдралынхаа хэв маягийг яаж өөрчилсөн тухайгаа «Библийн багш минь Библийг өдөр бүр уншиж, Бурханд таалагдахыг хүсэж амьдардаг хүмүүстэй нөхөрлөхийг зөвлөсөн. Би ч бүлгийнхээ нөхдийн нөлөөнд автаад байгаагаа ухаарсан. Тэд гэрийнхнээс минь өөрцгүй байсан ч холбоогоо тасалсан» гэжээ.

Майкл амьдралаа Бурхны хэм хэмжээнд нийцүүлэх алсын зорилго тавьж, үүндээ хүрэх гэж ойрын зорилго болон эн тэргүүнд тавих зүйлээ тодорхойлжээ. Чи ч бас оролдоод үзээрэй. Хэтийн зорилгоо тодорхойлоод тэр зорилгодоо хүрэхийн тулд юу хийх шаардлагатайг бичээрэй. Ямар зорилго тавьснаа өөрийг чинь дэмжих хүмүүст хэлээрэй. Бас зорилгодоо хэр амжилттай хүрч байгааг чинь ажиглаж, хэлж байхыг уриалаарай.

Бурхны тухай мэдэж, удирдлага зааврыг нь амьдралдаа хэрэгжүүлэхээс бүү хойш суугаарай. Бурхныг хайрладаг, Үгийг нь буюу Библийг эрхэмлэдэг болохын тулд одооноос шийдэмгий алхам хийгээрэй. Библийн зарчмыг хэрэгжүүлдэг хүний «үйлс бүхэн нь өлзийтэй» гэж Бурхны Үгэнд бичсэн байдаг (Дуулал 1:1–3).

[Зүүлт]

^ Нэрсийг өөрчлөв.