ИТГЭЛИЙН ЖИШЭЭ | АБЕЛ
«Хэдийгээр тэр үхсэн боловч ... ярьсаар байна»
АБЕЛ уулын бэлд тайван идээшилж буй хонин сүргээ ажин сууна. Тэртээд гэрэл сүүмэлзэн харагдана. Яг тэнд Еден цэцэрлэг рүү орох замыг хаан, галт илд эргэлдэж байдгийг Абел сайн мэднэ. Нэгэн цагт эцэг эх нь тэр цэцэрлэгт амьдарч байв. Гэвч өдгөө тэд ч, үр хүүхэд нь ч тийш орох эрхгүй болжээ. Абел оройн сэвшээ салхинд тэнгэр өөд харан Бүтээгчийнхээ талаар эргэцүүлэн бодно. Бурхан хүн хоёрын хооронд үүссэн ангал хэзээ нэгэн цагт арилах болов уу? Арилаасай гэж Абел чин сэтгэлээсээ хүсдэг аж.
Абел өнөөдөр ч бидэнтэй ярьдаг. Та үгийг нь сонсдог уу? Ингэж хэлэхлээр танд сонин санагдах байх. Адамын хоёр дахь хүү Абел аль эрт, бараг 60 зууны өмнө нас барсан учир газар шороонд шингэж, цогцос нь ч ул мөргүй алга болжээ. Библид бичсэнээр, «үхэгсэд юу ч мэддэггүй» гэдэг шүү дээ (Номлогчийн үгс 9:5, 10). Бас Абелын нэг ч үгийг Библид иш татаж бичээгүй. Тэгвэл Абелыг бидэнтэй ярьдаг гэж хэлэхийн учир юу вэ?
Элч Паул Бурхнаар удирдуулан, Абелын талаар «Хэдийгээр тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна» хэмээн бичжээ (Еврей 11:4). Тийм ээ, Абел бол энэ гайхалтай чанарыг хөгжүүлсэн анхны хүн юм. Итгэлийн сайхан жишээ үзүүлсэн түүнийг өнөөгийн бид ч дууриах нь зүйтэй. Бат итгэлтэй Абелаас суралцаж, түүнийг дууриавал хэлж ярихыг нь анхааралтай сонсож байгаатай адил юм.
Библид Абелын тухай тун бага бичсэн байдаг ч түүний тухай, итгэлийнх нь талаар юу мэдэж болох вэ? Энэ асуултын хариуг олж авцгаая.
АНХНЫ ХҮМҮҮСИЙН НЭГ
Абел хүн төрөлхтний түүхийн эхэн үед төрсөн. Хожим нь Есүс «дэлхийн суурийг» Абелд хамааруулан хэлсэн байдаг (Лук 11:50, 51). Есүс «дэлхийн суурь» гэдэг үгээр нүглээс чөлөөлөгдөх найдвартай хүмүүсийг хэлсэн бололтой. Хэдийгээр Абел дэлхий дээр амьдарсан хүмүүсийн дөрөв дэх нь боловч зольж авахад зохистой гэж Бурханд тооцогдсон анхны хүн байсан болов уу. * Тэгэхлээр, Абелыг өсөж торниход үлгэр дууриал болохоор хүн эргэн тойронд нь байгаагүй аж.
Хүн төрөлхтөн түүхээ дөнгөж эхлүүлж байсан ч гай зовлонд унасан байлаа. Абелын эцэг Адам, эх Ева нь царай зүс сайтай, эрч хүчтэй хүмүүс байсан биз ээ. Гэвч амьдралдаа ноцтой алдаж, горыг нь амссан юм. Уг нь, тэд мөнх амьдрах найдвартай, төгс хүмүүс байсан ч Ехова Бурханд тэрсэлж, Еден цэцэрлэг дэх Диваажин гэрээсээ хөөгджээ. Үр хүүхдийнхээ ч сайн сайхныг бодолгүй, хувийн хүслээ бүхнээс Эхлэл 2:15—3:24).
илүүд үзсэний балгаар төгс байдал, мөнх амийг алджээ (Адам Ева хоёр Диваажингаас хөөгдөөд амьдралын хатуу хүтүүг үзсэн. Анхны хүүхдээ төрөхөд Каин гэж нэрлээд Ева: «ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо» гэж хэлдэг. Ингэж хэлсэн нь Еховаг нэгэн эмэгтэйгээс «үр» гаргаж, тэр үр нь Адам Ева хоёрыг уруу татсан хорон нэгнийг үгүй хийнэ гэж зөгнөснийг бодож байсных байж болох юм (Эхлэл 3:15; 4:1). Ева өөрийгөө тэр эмэгтэй, Каиныг Бурхны амласан «үр» гэж бодсон юм болов уу?
Тэгж бодсон бол, буруу ойлгосон хэрэг байж таарна. Хэрэв Адам Ева хоёр Каиныг хүмүүжүүлэхдээ ийм буруу үзэл төлөвшүүлсэн бол тэр төгс бус хүнийг бүр ч бардам сагсуу болгожээ. Ева хоёр дахь хүүгээ төрүүлэхдээ гоё сайхан үг хэлээгүй. Тэд хүүдээ Абел гэдэг нэр өгсөн. Энэ нэр нь «амьсгал», «хоосон» гэсэн утгатай байж болох аж (Эхлэл 4:2). Абелд ийм нэр өгсөн нь Каинд найдсан шигээ найдаагүйнх юм болов уу? Тэгсэн ч байж болох юм.
Юутай ч, Адам Ева хоёрт тохиолдсон явдал эцэг эхчүүдэд сургамжтай. Эцэг эхчүүд та бүхэн үг яриа, үйл хэргээрээ хүүхдийнхээ бардам, аминч занг дэвэргэдэг үү? Эсвэл Ехова Бурхныг хайрлаж, андын харьцаа тогтоохыг захиж сургадаг уу? Анхны эцэг эх үр хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ биелүүлж чадаагүй нь даанч тоогүй. Гэхдээ үр удамд нь найдвар байсан.
АБЕЛ БАТ ИТГЭЛТЭЙ БОЛСОН НЬ
Адам хоёр хүүгээ өсөж томрохын хэрээр амьдрал ахуйгаа авч явахад хэрэгтэй ажилд сургаж, Каин газар тариалан эрхэлж, Абел хоньчин болжээ.
Гэхдээ Абел хонь хариулахаас илүү чухал зүйлд суралцан бат итгэлтэй хүн болжээ. Хожим элч Паул энэ сайхан чанарынх нь талаар бичсэнийг дээр тэмдэглэсэн билээ. Абелд жишээ болохоор бат итгэлтэй хүн ганц ч байгаагүй. Тэгвэл чухам яаж Ехова Бурханд бат итгэдэг болсон бэ? Абелд тус болсон гурван зүйлийг авч үзье.
Еховагийн бүтээл.
Тэр үед Ехова газрыг хараасан учир зангуу, халгай ургаж, тариалан эрхлэхэд амаргүй байв. Гэсэн ч газрын шимээр гэрийнхэн нь гэдэс цатгалан явааг Абел ухаарч байлаа. Бас ан амьтан, уул ус, нар сар, тэнгэр од гэх мэтийн Бурхны бүтээлийн сайхныг харж байсан. Хаашаа ч харсан, бүхнийг бүтээсэн Ехова Бурхны хувиршгүй хайр, мэргэн ухаан, сайхан сэтгэл Абелын хувьд илэрхий байв (Ром 1:20). Бурхны бүтээл, зан чанарыг эргэцүүлэн бодсоныхоо ачаар Абел бат итгэлтэй болжээ.
Абел Еховагийн талаар эргэцүүлэн бодох цаг гаргадаг байсан нь лавтай. Хонио хариулахдаа өвсний сөлтэй, усны тунгалаг, бэлчээрийн сайныг хайн уул толгод давна, тал хөндийг туулна, гол горхи гатална. Энэ бүхнийг
явган л амжуулдаг байсан нь тодорхой. Абел ингэж явахдаа хонь гэдэг номхон амьтанд маллагаа заавал хэрэгтэй байдаг шиг хүнд өөрөөс нь илүү ухаантай, хүчирхэг Нэгний удирдлага хамгаалалт, хайр халамж зайлшгүй хэрэгтэйг ухаараа биз ээ. Бас Бурханд залбирч энэ бодлоо хэлдэг байсан байх. Үүний ачаар итгэл нь бэхэжжээ.Абел бүтээлийг ажиглаад халамжит Бүтээгчдээ бат итгэдэг болсон
Еховагийн үг.
Адам Ева хоёр Еден цэцэрлэгт юу болсон, яагаад тэндээс хөөгдснөө хөвгүүддээ ярьсан байж таарна. Тиймээс Абелд эргэцүүлэн бодох юм их байжээ.
Ехова газарт хараал хүрнэ гэсэн. Энэ ёсоор зангуу, халгай ургасныг Абел үзсэн. Бас Еваг жирэмсний болон төрөхийн зовлон үзэхийг Бурхан хэлсэн. Дүү нар нь төрөхөд Абел энэ үгийн үнэнийг ойлгожээ. Еховагийн хэлснээр, Ева эр нөхрийн хайр халамжийг хүсэн мөрөөдөж, харин Адам түүнийг захирах байв. Бурхны үг үнэн болохыг эцэг эхийнх нь амьдрал Абелд батлан харуулсан. Еховагийн үг заавал биелдгийг Абел ийнхүү алхам тутамдаа мэдэрчээ. Тиймээс Бурхан Еденд дэгдсэн самуун явдлыг засаж залруулах «үр» бий болгох амлалтаа биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй итгэх болжээ (Эхлэл 3:15–19).
Еховагийн үйлчлэгчид.
Абелд гэрийнхнээс нь сайн үлгэр дууриал болох хүн нэг ч байгаагүй. Гэсэн ч тэр үед хүнээс өөр оюун ухаант бүтээл байсан. Ехова Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөж тэднийг ч, үр хүүхдийг нь ч дэлхийн Диваажинд оруулахгүй байхаар шийдсэн. Тэгээд үүдийг нь мануулахаар херубууд буюу өндөр байр суурьтай тэнгэр элчүүд болон эргэлддэг галт илдийг байрлуулжээ (Эхлэл 3:24).
Абел багаасаа л тэр херубуудыг харж өссөн байх. Хүний биетэй болсон тэдний дүр төрхөөс агуу их хүч нь илэрхий харагдаж, «илд» зогсолтгүй эргэлдэх нь сүрдмээр байсан биз ээ. Херубууд залхсандаа байх ёстой газраа орхин явахыг Абел хэзээ ч үзээгүй. Оюун ухаант, хүчирхэг тэр бүтээлүүд олон арван жил, өдөр шөнөгүй тэр л байрандаа байсан. Энэ бүхнээс Абел Ехова Бурханд үнэнч, тууштай үйлчилдэг бүтээл байдгийг мэджээ. Еховад яаж дуулгавартай, үнэнч үйлчилж болдгийг Абел гэрийнхнээсээ бус, үлгэр жишээ тэнгэр элчүүдээс ойлгож, итгэл нь бэхэжсэн нь лавтай.
Ехова бүтээлээрээ юу илчилдгийг, үг нь биелдгийг, үйлчлэгчдийнх нь жишээг эргэцүүлэн бодох тусам итгэл нь бэхжиж байгааг Абел ухаарчээ. Абелыг одоо ч бидэнтэй ярьдаг гэж хэлж болно. Ялангуяа, залуус ар гэрийнхэн нь ямар ч байсан, Абелаас суралцвал Ехова Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг болно. Өнөөдөр бидэнд итгэлээ бэхжүүлэхэд тустай бүх юм бий. Биднийг гайхалтай олон бүтээл хүрээлж байна, бидэнд бүтэн Библи байна, бат итгэлтэй үлгэр жишээ нөхөд маань байна.
АБЕЛЫН ТАХИЛ БУРХАНД ТААЛАГДСАНЫ УЧИР
Абел итгэл нь бэхжихийн хэрээр итгэлээ үйл хэргээр харуулахыг хүсэх болжээ. Жирийн нэг төгс бус хүн орчлонт ертөнцийн Бүтээгчид юу өгч чадах билээ? Бурхан юугаар ч дутдаггүй шүү дээ. Гэхдээ Абел нэг чухал юмыг ойлгожээ. Өөрт байгаагийнхаа хамгийн сайныг зөв сэтгэлээр өгвөл тэнгэрийн Эцгээ баярлуулахыг ухаарчээ.
Тиймээс Абел сүргийнхээ анхны төлийг шилж аваад Бурханд тахил болгон өргөхөөр бэлджээ. Каин ч бас Бурхны ивээлийг хүртэж, тааллыг нь олох гэж үр тариагаар өргөл өргөхөөр болов. Гэвч түүний хандлага Абелынхаас өөр байв. Энэ ялгаа тэднийг өргөл өргөхөд улам тод харагдсан юм.
Абел Каин хоёр өргөлөө тахилын ширээн дээр галаар өргөсөн бололтой. Тухайн үед дэлхий дээр Еховаг төлөөлж байсан цорын ганц төлөөлөгчид болох херубуудад харагдахаар газар өргөлөө өргөсөн байж болох юм. Эхлэл 4:4). Хүлээн авснаа чухам хэрхэн мэдэгдсэнийг Библид бичээгүй. Ямар учраас Абелыг таалсан юм бол?
Тэгвэл Ехова яасан бол? Библид «ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээн авсан» гэж байдаг (Өргөлийг нь чухалд үзсэн юм болов уу? Абел амьтнаар тахил өргөж, амийг бэлгэддэг цус хэрэглэсэн. Ийм тахил ямар утга учиртай байхыг Абел мэдэж байсан юм болов уу? Абелаас хойш олон зууны дараа л Бурхан согоггүй хургаар тахил өргүүлж, гэм буруугүй атлаа цусаа урсгах «Бурханы Хурга» буюу төгс Хүүгийнхээ золиосыг бэлгэдэн харуулсан (Иохан 1:29; Египетээс гарсан нь 12:5–7). Абел энэ талаар мэдэхгүй байсан байж таарна.
Абел байгаа бүхнийхээ хамгийн сайныг Бурханд өгсөн нь тодорхой. Ехова ганц өргөлийг нь бус, өргөлийн эзэн Абелыг ч таалсан шүү дээ. Абел Еховаг гэсэн хайр, бат итгэлдээ хөтлөгдөн өргөл өргөжээ.
Харин Каин өөр байв. Ехова «Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй» (Эхлэл 4:5). Каин муу юм өргөсөн хэрэг биш байж. Бурхан хожим нь үр тариа зэргээр өргөл өргөхийг зөвшөөрч, Хуульдаа заасан байдаг (Левит 6:14, 15). Гол нь, Каины «ажил үйлс бузар муу» байсан гэж Библид бичжээ (1 Иохан 3:12). Каин өнөөгийн хүмүүс шиг Бурханд үнэнч хүний дүр эсгэсэн. Еховад чин сэтгэлээсээ итгэдэггүй, хайргүй байсан нь төд удалгүй хийсэн хэргээс нь илэрхий болсон.
Каин яагаад Еховагийн тааллыг олоогүйгээ ухаарч, Абелын үлгэр жишээг дууриая гэж бодсон уу? Үгүй, харин ч дүүдээ өширхөн хорсох болов. Ехова Каины зүрх сэтгэлийн гүнд юу болж байгааг харжээ. Түүнийг ухааруулах гэж хүлээцтэй хандан, өшөө хорсолд автвал ноцтой нүгэл үйлдэх аюултайг сэрэмжлүүлээд энэ байдлаа л засах юм бол «тэргүүнээ өргөх» буюу сайшаалыг нь хүлээхийг хэлсэн (Эхлэл 4:6, 7).
Каин Бурхны сэрэмжлүүлгийг үл тоов. Хар буруу санаагүй дүүгээ дагуулан хээр талд очоод дүү рүүгээ дайрч, амийг нь хөнөөдөг (Эхлэл 4:8). Иймд Абелыг, нэг талаас, итгэл үнэмшлийнхээ улмаас хавчлагад өртсөн анхны хүн гэж хэлж болно. Тэрбээр бидний дунд амьд сэрүүн байхгүй ч үлгэр жишээгээрээ амьд байна.
Абелын цус Ехова Бурхан руу хашхирсан нь зүйрлэн хэлбэл, өшөө авах буюу шударга ёс тогтоохыг шаардсан хэрэг байв. Бурхан энэ явдлыг шударгаар шийдэн, Каиныг шийтгэсэн (Эхлэл 4:9–12). Гэхдээ бат итгэлтэй Абелын жишээ өнөөдөр ч бидэнд ихийг өгүүлдэг нь хамгийн чухал юм. Абел үеийнхээ хүмүүсээс богино, зуу орчим насалсан боловч Бурхны нүдэнд хүндтэй амьдарсан. Тэнгэрийн Эцэг Еховагийнхаа хайрыг татдаг, сайшаалыг нь хүлээдэг гэдгээ мэдэж байсан (Еврей 11:4). Абел Еховагийн төгс ой санаанд аюулгүй байгаа бөгөөд дэлхийн диваажинд амилах нь лавтай (Иохан 5:28, 29). Та Диваажинд Абелтай уулзах уу? Юу ярьдгийг нь сонсож, итгэлийг нь дууриавал гарцаагүй уулзана.
^ «Дэлхийн суурь» гэдэг үг нь үр тарих гэсэн үндсэн утгатай бөгөөд үр удам залгуулах гэсэн санаа илэрхийлж болох аж. Үүнийг бодвол, анхны хүмүүн хосын ууган хүүхдэд хамаатай байж таарна. Гэтэл Есүс «дэлхийн суурь» гэдгийг Абелд хамааруулсан нь ямар учиртай вэ? Уг нь, анхны хосын ууган хүүхэд нь Каин байсан шүү дээ. Тэрбээр Ехова Бурханд санаатайгаар тэрсэлсэн нь хийсэн хэрэг, гаргасан шийдвэрээс нь харагддаг. Амилж, нүглээс чөлөөлөгдөх найдвартай хүмүүсийн тоонд эцэг эх нь ордоггүй шиг Каин бас ордоггүй бололтой.