Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫГ ТАНИН МЭДЬЕ

«Та эдгээр зүйлсийг ... балчир хүүхдүүдэд илчилсэн билээ»

«Та эдгээр зүйлсийг ... балчир хүүхдүүдэд илчилсэн билээ»

Та Бурхны тухай үнэнийг мэдэхсэн гэж боддог уу? Бурхан гэж хэн бэ? Ямар санаа зорилготой юм бол? Юуг таалж, юуг жигшдэг вэ гэх зэргийн асуултыг бодож байв уу? Ехова Бурхан өөрийнхөө талаарх үнэнийг Үгээрээ буюу Библиэр илчилдэг. Гэхдээ хүн бүр Библийг уншаад тэр үнэнийг бүрэн гүйцэд ойлгочихно гэсэн үг биш ээ. Яагаад гэвэл Бурхны талаарх үнэнийг тэр бүр хүн хүлээж авдаггүй. Тэгэхлээр, үнэнийг ойлгоно гэдэг завшаан юм. Энэ тухайд Есүсийн хэлсэн үгийг авч үзье (Матай 11:25-ыг уншина уу).

Энэ зүйл «Тэр үед Есүс хариу болгон» гэсэн үгээр эхэлдэг. Тэгэхлээр, ямар нэг явдлын дараа Есүс хариу үйлдэл хийсэн байх нь. Өмнөх зүйлүүдийг үзвэл, тэрбээр Галилийн гурван хотод олон гайхамшиг үйлдсэн боловч тэндхийн хүмүүс өөрийг нь хүлээж аваагүй учир тэднийг зэмлэжээ (Матай 11:20–24). «Есүсийг гайхамшиг үйлдэхийг үзсэн байж сургаалд нь итгэхгүй хүн бас байдаг аа!» гэж бодогдмоор. Тэр хүмүүс итгээгүй нь «зүрх нь хатуу» буюу зөрүүд байсных ажээ (Матай 13:10–15).

Библид бичсэн Бурхны талаарх үнэнийг ойлгоход чухал үүрэгтэй хоёр зүйл бол Бурхны тусламж, хүний зүрхний зөв хандлага гэдгийг Есүс мэдэж байв. Есүс: «Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ» хэмээн үүнийг тайлбарласан. Тэгэхлээр, Бурхны талаарх үнэнийг мэдэх нь завшаан гэхийн учрыг та одоо ойлгож байгаа биз ээ. «Тэнгэр газрын Эзэн» Ехова хүсэл таалалдаа нийцүүлэн үнэнийг илчлэх буюу нуух эрхтэй. Гэхдээ Бурхан энэ асуудалд хэзээд шударга ханддаг. Тэгвэл юунд үндэслэн зарим хүнд үнэнийг илчилж, заримаас нь нуудаг вэ?

Ехова бардам хүнийг биш, даруу хүнийг таалдаг (Иаков 4:6). Бурхан «ухаант хүмүүс, мэргэдээс» үнэнийг нууцалдаг. «Ухаант хүмүүс, мэргэд» гэдэг нь Бурхнаас хөндийрсөн өнөөгийн ертөнцийн хэмжүүрээр мэргэнд тооцогддог бөгөөд өөртөө найддаг, бардам зантайн балгаар Бурхны тусламж хэрэгтэйг ухаардаггүй эрдэм боловсролтой хүмүүс юм (1 Коринт 1:19–21). Харин «балчир хүүхдүүд» буюу хүүхэд мэт даруу, чин сэтгэлтэй хүмүүст үнэнийг илчилдэг (Матай 18:1–4; 1 Коринт 1:26–28). Бурхны Хүү Есүс ийм хүмүүсийн аль алинтай нь таарч явсан. Есүсийн сургаалыг эрдэм боловсролтой шашны удирдагчид ойлгохгүй байхад эгэл жирийн загасчид ойлгон ухаарсан байдаг (Матай 4:18–22; 23:1–5; Үйлс 4:13). Гэхдээ эд хөрөнгө, эрдэм номтой ч жинхэнэ ёсоор даруу хүмүүс Есүсийн шавь нарын дунд бас байсан (Лук 19:1, 2, 8; Үйлс 22:1–3).

«Та Бурхны тухай үнэнийг мэдэхсэн гэж боддог уу?» гэдэг асуултыг өгүүллийн эхэнд хөндсөн билээ. Бурхныг мэддэггүй атлаа өөрийгөө мэргэн цэцэнд тооцдог хүн Бурханд таалагдаггүйг, харин өөрийгөө мэргэн гэж боддог хүмүүст дорд үзэгддэг жирийн хүн Бурханд таалагддагийг мэдээд таны сэтгэл тайвширсан байх. Хэрэв та зөв үзэл, зүрхний зөв хандлагаар Бурхны Үгийг судалбал Еховагаас үнэт бэлэг авах хүмүүсийн тоонд багтана. Өөрөөр хэлбэл, Бурхны тухай үнэнийг ойлгоно. Үнэнийг ойлгодог хүн одоо ч утга учиртай амьдарна. Бас Бурхны амласан, удахгүй бий болох, зөвт байдал оршдог шинэ ертөнцөд «жинхэнэ аминд» хүрнэ * (1 Тимот 6:12, 19; 2 Петр 3:13).

^ Бурхны тухай үнэн, санаа зорилгынх нь талаар мэдэхэд тань Еховагийн Гэрчүүд дуртайяа тусална. Та «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номоор Библийн хичээл үнэ төлбөргүй заалгаарай.