Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ: ХҮН ЯАГААД ИНГЭЖ ИХ ЗОВДОГ ВЭ? ЗОВЛОН ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

Гэм буруугүй олон хүний амь сүйдэж байна!

Гэм буруугүй олон хүний амь сүйдэж байна!

Өхөөрдөм бяцхан Ноэль зураг зурах дуртай байв. Зуны нэгэн орой гэрийнхээ гаднах талбайд тоглож байгаад усан санд унаж осолджээ. Охин хоёрхон долоо хоногийн дараа дөрвөн нас хүрэх байжээ.

Шарлот Даниел Оливиа Жозефин нар бол 2012 оны 12-р сарын 14-нд АНУ-ын Коннектикут мужийн нэгэн дунд сургууль дээр буудуулсан 26 хүний дунд байсан 6-7 насны 20 хүүхдийн дөрөв нь юм. Гашуудлын арга хэмжээний үеэр тус улсын Ерөнхийлөгч Обама хохирогч болсон хүүхдүүдийн нэрийг дурдсан бөгөөд «Ийм эмгэнэлт явдлыг таслан зогсоох ёстой» гэж хэлжээ.

1996 онд 18 настай Бано Иракаас Норвегт гэр бүлээрээ нүүж очжээ. Түүнийг найзууд нь Сан Рэйз (орчуулбал, Нарантуяа) гэдэг байв. Харамсалтай нь, 2011 оны 7-р сарын 22-нд алан хядагчийн бууны суманд өртсөн 77 хүний нэг нь Бано байжээ. Тэр этгээд: «Би үүнээс олон хүнийг хөнөөж чадаагүйдээ ... уучлал гуйж байна» хэмээн мэдэгджээ.

Иймэрхүү эмгэнэлт явдлын талаар хаа сайгүй дуулдах болсон. Осол, гэмт хэрэг, дайн дажин, террорист халдлага, байгалийн гамшиг болон бусад золгүй явдал хүмүүст асар их уй гашуу авчирдаг. Гэм зэмгүй олон хүний амь сүйдэж, зовлон шаналал улам нэмэгдэж байгаагийн учир шалтгаан нь ихэнхдээ тодорхойгүй байдаг.

Бурхан хүнийг тоож хардаггүй гэж боддог зарим хүн энэ мэтийн явдлын бурууг Бурханд тохдог. Зарим нь Бурхан хүний зовлон шаналлыг хараад зүгээр сууж байдаг юм байна гэж үздэг байхад зарим нь золгүй явдлыг хувь тавилан гэж боддог. Энэ талаар хүмүүс янз бүрийн бодолтой явдаг. Тэгвэл энэ сэдвээр хаанаас хамгийн найдвартай мэдээлэл авч, зөв ойлголттой болох вэ? Хүн яагаад зовдог вэ? Зовлонгүй амьдрах цаг ирэх болов уу? Эдгээр асуултад Бурхны Үг буюу Библи ямар хариу өгдгийг дараагийн өгүүллээр ярилцъя.