Skip to content

Гарчиг руу орох

Зовлонгийн учир шалтгаан юу вэ?

Зовлонгийн учир шалтгаан юу вэ?

Хүн төрөлхтөн яагаад ингэж их зовдог, зовлонг арилгах гэсэн хүний хүчин зүтгэл ямар учраас амжилтад хүрээгүйг ойлгохын тулд зовлонгийн уг шалтгааныг мэдэх хэрэгтэй. Цаанаа нарийн учиртай олон шалтгаан байдгийг Библиэс мэдэж болдог нь баярлууштай. Хүмүүс ингэж их зовдог нь үндсэн 5 шалтгаантайг энэ өгүүллээр ярилцъя. Библид чухам юу гэж тайлбарладгийг, цаад шалтгааныг нь олж харахад Библи хэрхэн тусалдгийг анхааралтай авч үзэхийг бид танд уриалж байна (2 Тимот 3:16).

МУУ ЗАСАГЛАЛЫН ҮР ДАГАВАР

«Хар санаатай хүн удирдваас ард олон халаглана» гэж Библид бичсэн байдаг (Сургаалт үгс 29:2).

Ард иргэддээ асар их зовлон авчирсан харгис дарангуйлагчид түүхэнд олон байсан. Мэдээж, засгийн эрх барьдаг бүх хүн тийм биш ээ. Зарим нь ард иргэдээ гэсэн чин сэтгэлтэй байж болох ч эрх мэдэлд хүрсэн хойноо эрх мэдлийн төлөөх тэмцэл, үзэл бодлын зөрчил гэх зэргийн улмаас санаж зорьсноо биелүүлж чадахгүйгээ ойлгодог. Зарим нь хувийн ашиг сонирхолд автаж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ард иргэдээ хохироох нь бий. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер: «Үр дүнд хүрээгүй хүчин чармайлт, биеллээ олоогүй хүсэл мөрөөдөл түүхэнд олон бий» хэмээжээ.

Түүнээс гадна, «Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» гэж Библид бичсэн байдаг (Иеремиа 10:23, ШЕ). Төгс бус хүнд үйл хэргээ амжилттай удирдан чиглүүлэх мэргэн ухаан, алсын хараа дутдаг. Хэрэв хүн өөрийнхөө алхааг чиглүүлж чаддаггүй юм бол улс үндэстнийг удирдан залж хэрхэн чадах вэ? Хүмүүн удирдагчид зовлонг арилгаж чаддаггүйн учрыг та одоо ойлгосон биз ээ. Муу засаглал ихэнхдээ зовлонгийн шалтгаан болдог нь тодорхой байна!

ХУУРАМЧ ШАШНЫ НӨЛӨӨ

«Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж Есүс хэлсэн (Иохан 13:35).

Шашны бүх урсгалынхан бусдыг хайрлаж, эв нэгдэлтэй байхыг номлодог ч бодит амьдрал дээр сүсэгтнүүд нь хайр гэдгийг умартаж, ялгаварлан гадуурхах үзэлд дийлддэг. Улс үндэстнүүд бие биеэ хайрлах бус, салан тусгаарлах, ялгаварлан гадуурхах үзэлд автаж, бие биетэйгээ зөрчилддөг нь ихэнхдээ шашнаас үүддэг. Теологч Ханс Күүнг нэг номдоо «Нийгэмд хамгийн харгис, хамгийн бурангуй явдлууд гарч байсан нь шашныхан өдөөн хатгаж, даарин дээр давс нэмж, бүр Бурхны нэрийг барин сайшааж байсных юм» гэж дүгнэн бичжээ («Christianity and the World Religions»).

Түүнчлэн, лам хуврагууд гэрлээгүй хүмүүсийн болон гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа, ижил хүйстэнтэйгээ явалдах зэрэгт хүлцэнгүй ханддаг. Үүний улмаас өвчин тусах, үр хөндүүлэх, хүсээгүй байж жирэмслэх, гэр бүл, үр хүүхдээсээ салах явдал гардаг. Энэ нь эцэстээ бас л зовлон шаналал авчирдаг.

ТӨГС БУС БАЙДАЛ, АМИНЧ ХҮСЭЛ

«Өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг» (Иаков 1:14, 15).

Хүн төрөлхийн төгс бус учраас алдаа гаргадаг гэмтэй бөгөөд «махан биеийн ... хүслүүдтэйгээ» тэмцэх болдог (Ефес 2:3). Муу хүслээ биелүүлэх боломж гарахад тэр тэмцэл улам ширүүсдэг. Тэр тэмцэлд ялагдвал гашуун зовлонд унана.

Зохиолч П. Д. Мета: «Бид ихэнхдээ шунал, хуял тачаал, зугаа цэнгэлд дурлах сэтгэл болон дур зоргоороо авирлаж, нэр төрд дурладгаасаа болж зовлонд унадаг» гэж бичжээ. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом, секс гэх мэтийн аливаа зүйлд шунаж, донтох явдал «үлгэр жишээ олон иргэнийг» хөнөөсөн бөгөөд гэр бүл, найз нөхдөд нь болон бусад хүнд зовлон тарьсан. Хүн төрөлхтөн төгс бус гэдгийг ойлгодог хүн «Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, ... зовлон эдэлдгийг бид мэднэ» гэж Библид бичсэнийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрдөг (Ром 8:22).

МУУ СҮНСНҮҮДИЙН НӨЛӨӨ

Сатан бол «энэ үеийн бурхан» бөгөөд чөтгөр гэгддэг хүчирхэг муу сүнснүүд түүнтэй нэгдсэнийг Библи илчилдэг (2 Коринт 4:4; Илчлэлт 12:9).

Чөтгөрүүд Сатаныг дууриан хүмүүсийг эрхэндээ оруулж, хууран мэхэлдэг. Элч Паул үүнийг илчлэн «Бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ» хэмээн бичжээ (Ефес 6:12).

Чөтгөрүүд бах таваа ханган хүмүүсийг зовоодог ч энэ нь тэдний гол зорилго биш юм. Тэд хүмүүсийг Хамгийн Дээд Нэгэн буюу Ехова Бурхнаас холдуулахыг хүсдэг (Дуулал 83:18). Чөтгөрүүд хүмүүсийг хууран мэхэлж, эрхэндээ байлгахын тулд зурхай, ид шид, мэргэ төлөг гэх мэтийг ашигладаг. Тиймээс Ехова биднийг эдгээр аюулаас сэрэмжлүүлж, Сатан болон чөтгөрүүдийг эсэргүүцдэг хэн бүхнийг хамгаалахаа амладаг (Иаков 4:7).

ӨНӨӨ ҮЕ БОЛ «ЭЦСИЙН ӨДРҮҮД»

2 000 орчим жилийн өмнө Библид «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав» гэж зөгнөсөн байжээ.

Чухам юунаас болж тийм хэцүү байхыг тайлбарлан «Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, ... үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно» гэж бичжээ (2 Тимот 3:1–4).

Энэ таван хүчин зүйлийг бодож үзвэл хүмүүс хэчнээн сайхан сэтгэл өвөрлөсөн ч зовлон зүдүүрийг ямар учраас арилгаж чадахгүй нь ойлгомжтой байна. Тэгвэл хаанаас тусламж эрэх вэ? Бүтээгчдээ хандах хэрэгтэй. Бүтээгч маань «Диаволын үйлсийг» ч, дагалдагчдыг нь ч «устгахаа» амласан билээ (1 Иохан 3:8). Бурхан зовлонгийн уг шалтгааныг хэрхэн арилгахыг дараагийн өгүүллээр үзье.