ОНЦЛОХ СЭДЭВ | БИДЭНД БУРХАН ХЭРЭГТЭЙ ЮҮ?
Ингэж асуудгийн учир
«Та Бурхангүй сайхан амьдарч байна уу? Олон сая хүн сайхан амьдарч байна». Нэгэн оронд ийм бичигтэй зарлалын самбарыг бурхангүй үзэлтэй хүмүүс тавьжээ. Өөрсдөд нь Бурхан хэрэггүй гэж тэд үздэг нь тодорхой байна.
Нөгөөтэйгүүр өөрсдийгөө Бурханд итгэдэг гэж хэлдэг олон хүн шийдвэр гаргахдаа Бурхангүй юм шиг загнадаг. Католик шашны тэргүүн хамба Сальваторе Физикелла сүмийнхээ сүсэгтнүүдийн талаар «Биднийг хараад хэн ч христианууд гэхгүй байх. Бид яг итгэгч биш хүмүүс шиг л амьдарч байна» гэж хэлжээ.
Зарим нь Бурхны тухай бодох ч завгүй явдаг. Бурхан тэдний хувьд хүршгүй хол учраас амьдралд нь чухал байр суурь эзэлдэггүй. Зовлон тохиолдоход эсвэл хэрэгтэй үедээ л Бурханд ханддаг. Тэднийхээр бол Бурхан дуудахлаар ирдэг зарц ажээ.
Нөгөө зарим нь шашны сургаалыг бараг тоодоггүй эсвэл сүмийнхээ сургаалыг амьдралдаа хэрэгжүүлдэггүй. Нэг жишээ авъя. Германд католикуудын 76 хувь нь эрэгтэй эмэгтэй хоёр гэрлээгүй ч хамт амьдарч болно гэж үздэг. Гэтэл энэ нь сүмийнх нь болон Библийн сургаалтай зөрчилддөг (1 Коринт 6:18; Еврей 13:4). Зөвхөн католикууд шашныхаа сургаалын дагуу амьдардаггүй юм биш. Шашны янз бүрийн урсгалын удирдагчид сүмийнхээ итгэгчдийг «бурхангүй үзэлтнүүд» шиг загнадаг хэмээн харамсан ярьдаг.
Эдгээр жишээг үзэхэд Бурхан бидэнд үнэхээр хэрэгтэй юү гэсэн асуулт урган гарч байна. Энэ бол шинэ асуулт биш ээ. Библийн эхний хуудаснуудад энэ асуултыг хөндсөн байдаг. Уг асуултын хариуг олохын тулд Библийн «Эхлэл» номд гардаг хэдэн маргаантай асуудалд анхаарлаа хандуулъя.