ОНЦЛОХ СЭДЭВ | БИДЭНД БУРХАН ХЭРЭГТЭЙ ЮҮ?
Бидэнд Бурхан хэрэгтэйн учир
Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлдгээр бол хүн жинхэнэ ёсоор жаргалтай байя гэвэл бие махбодын хэрэгцээнээс гадна өөр хэрэгцээг хангах ёстой аж. Энэ нь хүн зорилготой амьдарч өөрөөсөө давуу нэгэнд найддагаас харагддаг. Хүмүүс энэ хэрэгцээг гар урлал эрхлэх, дуу хөгжим сурах юм уу ургамал амьтан судлах гэх зэргээр хангах гэж хичээдэг. Гэхдээ ийм юмаар хөөцөлдлөө гээд жинхэнэ ёсоор жаргалтай амьдардаггүй.
Бурхан хүнийг одоо ч, ирээдүйд ч жаргалтай амьдраасай гэж хүсдэг
Дээр хэлсэнчлэн хүнд махан биеийн хэрэгцээнээс гадна өөр нэг хэрэгцээ байдгийг Библи уншигчид сайн мэддэг. «Эхлэл» номын эхний хэдэн бүлэгт Бурхан анхны хүмүүн хосыг бүтээгээд тэдэнтэй байнга харьцдаг байсан тухай гардаг (Эхлэл 3:8–10). Бурхан хүнийг өөрөөс нь хараат бус байхаар бүтээгээгүй. Хүн Бүтээгчтэйгээ харьцах хэрэгцээтэй. Энэ хэрэгцээний тухай Библид олонтаа бичсэн байдаг.
Есүс: «Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай» гэж хэлсэн (Матай 5:3, ШЕ). Сүнслэг хэрэгцээгээ хангахын тулд яах хэрэгтэй вэ? Энэ асуултын хариуг «Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна» гэж хэлсэн Есүсийн үгнээс мэдэж болно (Матай 4:4). Бурхны амнаас гарах үг буюу Библиэс Бурхны үзэл бодлыг мэдэж, заавар зөвлөгөөг нь дагавал бид жаргалтай, утга учиртай амьдарна гэхийн учир юу вэ? Гурван чухал зүйлийг авч үзье.
Удирдлага заавар хэрэгтэй
Хүмүүсийн хоорондын харьцаа, хайр сэтгэл, гэр бүлийн амьдрал, маргаан шийдвэрлэх, аз жаргалтай амьдрах, тэр бүү хэл, амьдралын утга учир гэх мэтийн талаар өнөөдөр олон судлаач мэргэжилтэн зөвлөгөө өгдөг. Гэхдээ хүнийг бүтээсэн Ехова Бурхнаас өөр хэн эдгээр асуудлаар хамгийн сайн зөвлөгөө өгч чадах вэ?
Жишээ авъя. Компьютер юм уу зургийн аппарат гэх мэтийн техник хэрэгсэл худалдаж авахад яаж ажиллуулах тухай гарын авлага дагалдаж ирдэг. Библийг ийм гарын авлагатай зүйрлэж болно. Энэ бол Бүтээгч Бурхны хүн төрөлхтөнд өгсөн яаж амьдрахыг заасан гарын авлага юм. Энэхүү «гарын авлага»-д хүнийг ямар зорилгоор бүтээснийг, яавал зөв сайн амьдрахыг бичсэн байдаг.
Сайтар тайлбарлаж бичсэн гарын авлага адил Библи амьдралыг маань сүйрүүлж болзошгүй үйл хэргээс сэрэмжлүүлдэг. Хүний өгдөг зөвлөгөө ухаалаг, зөв юм шиг санагдаж болох ч Бүтээгчийнхээ зааврыг дагавал сайн сайхан амьдарч гай түйтгэрээс холуур явна гэж дүгнэх нь зүйд нийцнэ.
«Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг. Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» (Исаиа 48:17, 18).
Ехова Бурхан заавар зөвлөгөө өгдөг ч, дагахыг албаддаггүй. Харин ч сайхан сэтгэлийн үүднээс «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг. Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» гэж хэлдэг (Исаиа 48:17, 18). Товчхон хэлбэл, бид Бурхны зааврыг дагавал сайн сайхан амьдарна гэсэн үг. Тэгэхлээр, жаргалтай сайхан амьдрахад бидэнд Бурхан хэрэгтэй байх нь.
Чухал асуултад хариу хэрэгтэй
Зарим хүн Бурхан хэрэггүй гэж үздэг. Учир нь тэдэнд ойлгомжгүй асуулт их гардаг болохоор Бурхныг хайр халамжтай гэдэгт итгэж чаддаггүй. Жишээ нь тэд: «Сайн хүн яагаад зовдог юм бэ?», «Гэм буруугүй хүүхэд яагаад гажигтай төрдөг вэ?», «Амьдралд яагаад шударга бус явдал тийм их гардаг вэ?» гэж асуудаг. Эдгээр чухал асуултад хариу олж авбал амьдрал утга учиртай болно. Зовлон бэрхшээл их байдагт Бурхныг буруутгахын оронд Үг нь болох Библи, дээрх асуултад юу гэж хариулдгийг мэдэж авъя.
«Эхлэл» номын гуравдугаар бүлэгт Сатан могойн цаанаас ярьж, анхны хүмүүн хосыг хатгаж, сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй гэсэн Ехова Бурхны тушаалыг зөрчүүлэхийг оролджээ. Сатан Евад «Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ» гэж хэлдэг (Эхлэл 2:16, 17; 3:4, 5).
Энэ үгээрээ Сатан Бурхныг худалч гэж гүтгээд зогсохгүй захирах аргыг нь буруу гэж мэтгэсэн. Өөрийг нь дагавал сайн сайхан амьдарна гэж Диавол хүн төрөлхтнийг мэхэлдэг. Ийм маргаантай асуудал тэр дороо шийдэгдэхгүй байв. Хэлсэн үгээ үнэн болохыг батлах хугацааг Ехова Сатанд өгчээ.
Бурхан Сатан болон түүний хамсаатнуудад хүн Бурхангүйгээр сайхан амьдарч чадах уу, үгүй юү гэдгийг харуулах боломж олгосон.Сатаны хэлсэн үг үнэн байсан уу? Хүн төрөлхтөн өөрсдийгөө захираад Бурхангүйгээр сайхан амьдарч чадаж байна уу? Зовлон зүдүүр, шударга бус явдал, өвчин эмгэг, үхэл хагацал, гэмт хэрэг, дайн дажин, ёс суртахууны доройтол, аймаглан устгах явдал гэх мэтийн харгис хэрцгий явдал их гардаг нь Бурхнаас хамааралгүйгээр өөрсдийгөө захирч чадахгүйг хөдөлгөөнгүй баталдаг. Хүн төрөлхтөн ингэж зовж байгаад Бурхан буруугүй. Харин Библид «Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж» хэмээн бичжээ (Номлогчийн үгс 8:9).
Тийм учраас хүн төрөлхтөнд зовлон бэрхшээл тулгардгийн шалтгааныг мэдээд зогсохгүй, зовлон бэрхшээлээ арилгуулахын тулд Бурханд хандах хэрэгтэй нь тодорхой байна. Бурхан юу хийх вэ?
Бурхны тусламж хэрэгтэй
Хүмүүс өвчин, хөгшрөлт, үхэлтэй тэмцэж, хамаг цаг зав, хүч чадал, хөрөнгө мөнгөө зарцуулсан боловч бараг үр дүнд хүрээгүй. Зарим нь залуужихын тулд ямар нэгэн бэлдмэл юм уу шидтэй ундаа ууж онцгой газар оронд амьдрахыг хүсдэг байсан. Гэвч энэ бүхэн дэмий хоосон мөрөөдөл байв.
Бурхан хүмүүсийг сайн сайхан, жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Тэрбээр анх хүнийг бүтээхдээ л тийн хүсэж байсан бөгөөд тэрхүү санаа зорилгоо өөрчлөөгүй (Эхлэл 1:27, 28; Исаиа 45:18). Ехова Бурхан санаа зорилгоо заавал биелүүлнэ гэдгээ батлан хэлдэг (Исаиа 55:10, 11). Анхны хүмүүн хосын алдсан диваажинг сэргээнэ гэж Бурхан амласныг Библид бичсэн байдаг. Библийн сүүлчийн номд «Тэр [Ехова Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» гэж бичсэн байдаг (Илчлэлт 21:4). Бурхан энэ амлалтаа хэрхэн биелүүлэх вэ? Ивээлийг нь хүртье гэвэл яах вэ?
Бурхны Хүү Есүс Христ, Бурхны хүсэл биелээсэй гэж залбирч байхыг дагалдагчдадаа захисан. Энэ залбирлыг мэддэг эсвэл цээжилсэн хүн олон байдаг. Зарим хүн үүнийг «Эзний залбирал» гэдэг. Уг залбиралд «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэсэн байдаг (Матай 6:9, 10). Тийм ээ, Бурхан Хаанчлалаараа дамжуулан хүний засаглалын учруулсан муу үр дагаврыг арилгаж, шинэ ертөнцийг байгуулна гэсэн амлалтаа биелүүлнэ * (Даниел 2:44; 2 Петр 3:13). Бурхны амлалт биелэхийг үзэж, ивээл хүртье гэвэл яах вэ?
Есүс Христ: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлэн нэг энгийн алхам хийхийг бидэнд уриалсан (Иохан 17:3). Бурхны тусламжтайгаар бид шинэ ертөнцөд мөнх амьдрах боломжтой. Ирээдүйн энэ найдвар Бурхан бидэнд хэрэгтэй гэж үзэх бас нэг үндэс болдог.
Одоо бол Бурхны тухай бодох цаг
Хоёр мянган жилийн тэртээ элч Паул Арейпаг дахь афинчуудад «Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг. Танай зарим яруу найрагчийн „Бид бас Түүний үр удам“ гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог» гэж хэлж байжээ (Үйлс 17:25, 28).
Афинчуудад хэлсэн Паулын үг одоо ч үнэн. Бүтээгч маань бидэнд амьсгалах агаар, идэх хоол хүнс, уух ус өгдөг. Еховагийн өгдөг сайн сайхангүйгээр бид амьдарч чадахгүй. Өөрийнх нь тухай боддоггүй хүмүүсийг ч Бурхан яагаад тэтгэдэг юм бол? Энэ тухай Паул: «Хүн Бурханыг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой» гэж хэлсэн (Үйлс 17:27).
Та Бурхны тухай, санаа зорилгынх нь тухай мэдэж, одоо ч ирээдүйд ч сайхан амьдрахад тустай зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Хэрэв та хүсвэл энэ сэтгүүлийг танд өгсөн хүнд энэ тухайгаа хэлэх юм уу, энэ сэтгүүлийг эрхлэн гаргагчидтай холбоо барьж болно. Тэд танд туслахад бэлэн.
^ Бурхны Хаанчлал хүсэл тааллыг нь дэлхий дээр хэрхэн биелүүлэх тухай Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 8-р бүлгээс үзээрэй. Уг номыг jw.org сайтаас татах юм уу онлайнаар үзэх боломжтой.