БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ
«Намайг олон хүн үзэн яддаг байсан»
-
ТӨРСӨН ОН: 1978
-
УЛС: ЧИЛИ
-
ӨМНӨ НЬ: ДОГШИН АВИРТАЙ БАЙСАН
ӨМНӨХ АМЬДРАЛ:
Би Чили улсын нийслэл Сантьягод бага насаа өнгөрүүлсэн. Манай нутаг хар тамхины наймаа, дээрэмчдийн бүлэг, гэмт хэргийн үүр уурхай байлаа. Намайг 5-тай байхад аав минь хүнд алуулсан юм. Түүнээс хойш ээж нэг эрэгтэйтэй амьдрах болсон. Хойд эцэг маань их догшин авиртай учир ээж бид хоёрыг зоддог байсан. Тэр үеийн сэтгэлийн шарх одоо ч аниагүй.
Ийм орчинд өссөн би өөрөө ч маш догшин авиртай хүн болсон. Хүнд металл хөгжим сонсож, архи хэтрүүлж уудаг, хааяа хар тамхи бас татдаг байв. Хар тамхины наймаачидтай гудамжинд зодолдох нь энүүхэнд байлаа. Тэд хэд хэдэн удаа намайг алах гэж оролдсон. Нэг удаа эсрэг талын бүлгийнхэн зартай алуурчин хөлсөлж намайг алахыг завдсан. Би хутгалуулсан ч амьд үлдсэн юм. Бас нэг удаа хар тамхины наймаачид толгойд минь буу тулган сүрдүүлж, дүүжилж алах гэж байсан.
1996 онд би Каролина гэдэг бүсгүйтэй учирч, 1998 онд гэрлэсэн. Том хүүгээ төрөхөд, би харгис хэрцгий загнан хойд эцэг шигээ гэр бүлийнхнээ зовоох вий гэж айдаг болсон. Тэгээд засрах гэж орон нутгийнхаа нийгэмшүүлэх төвд хандан эмчилгээ хийлгэсэн ч нэмэр болсонгүй. Би үргэлж ялихгүй юмнаас болж уурлан биеэ барьж чаддаггүй байв. Би л байхгүй болчихвол гэрийнхнээ зовоохгүй гэж буруу бодон амиа хорлохыг завдсан боловч амьд үлдсэн юм.
Би олон жил Бурхангүй үзэлтэй явсан ч Бурханд итгэхийг хүссэн юм. Тэгээд нэг хэсэг евангелийн сүмд очдог байлаа. Тэр үед эхнэр маань Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхэлсэн. Гэрчүүдэд дургүй байсан болохоор би тэдэн рүү олон удаа хашхирч, хараан зүхдэг байв. Харин Гэрчүүд надтай үргэлж эвтэй харьцдаг байсан.
Нэг өдөр эхнэр маань надад Дуулал 83:18-ыг уншихыг зөвлөсөн юм. Тэнд Бурхны нэрийг Ехова гэж тодорхой бичсэн байлаа. Манай сүмд Бурхны тухай заадаг ч Еховагийн тухай заадаггүйд би их гайхаж билээ. 2000 оны эхээр би ч гэсэн Гэрчүүдтэй Библи судалдаг болсон.
БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:
Библи судлахын хэрээр Еховаг өрөвч, уучламтгай Бурхан гэдгийг ойлгоод сэтгэл минь уужирсан. Жишээ нь, Египетээс гарсан нь 34:6, 7-д Еховаг «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг» гэсэн байдаг.
Еховаг өрөвч, уучламтгай Бурхан гэдгийг ойлгоод сэтгэл минь уужирсан
Гэхдээ л сурч мэдсэнээ ажил хэрэг болгох амаргүй байлаа. Би хэзээ ч догшин зангаа дарж чадахгүй гэж боддог байсан. Уурандаа дийлдэх болгонд минь Каролина хайрын сэтгэлээр надад урам зориг өгдөг байв. Хичээж чармайдгийг минь Ехова мэдэж байгааг ойлгуулсан. Би өөрийгөө арчаагүй амьтан гэж бодож байсан ч эхнэрийнхээ үгэнд урамшиж, Еховаг баярлуулъя гэж үргэлж хичээх болов.
Нэг өдөр, надад Библи заадаг байсан Алехандро Галат 5:22, 23-ыг уншуулсан юм. Тэр зүйлд Бурхны ариун сүнсний үр жимс бол «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал» гэсэн байдаг. Эдгээр зан чанарыг өөрийн хүчээр биш, Бурхны ариун сүнсний хүчээр хөгжүүлж чаддаг гэж Алехандро тайлбарласан. Энэ үнэнийг ойлгоод би үзэл бодлоо эрс өөрчилсөн!
Хожим нь, би Еховагийн Гэрчүүдийн том чуулганд очсон юм. Эмх замбараатай, цэвэр цэмцгэр байдал, нөхөрсөг хүмүүсийг хараад би жинхэнэ шашныг олсондоо итгэж билээ (Иохан 13:34, 35). Тэгээд 2001 оны 2-р сард баптисм хүртсэн юм.
ОДОО:
Догшин авиртай би Еховагийн ачаар эвийг эрхэмлэдэг хүн болсон. Намаг балчигт шигдчихсэн байхад минь татаж гаргасан гэж боддог. Олон хүн намайг үзэн яддаг байсан ч би тэднийг буруутгадаггүй. Одоо би тайван амьдарч, эхнэр хоёр хүүтэйгээ хамт Еховад үйлчилж байна.
Ах дүү нар, хуучин найзууд маань намайг шал өөр хүн болжээ гэдэг. Тэдний зарим нь Библийн үнэнийг сонирхдог болсон. Би өөр олон хүнд Еховаг таньж мэдэхэд нь тусалж байна. Библийн үнэн тэднийг өөрчилдгийг харах үнэхээр сайхан байдаг!