ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛЫН НУУЦ
Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрэлдэж маргалгүй ярилцах нь
«Манай охин 14-тэйгөөсөө үг авахаа байсан. „Хоолоо идээрэй“ гэхлээр „Би идмээр үедээ л иднэ“ гэж хэлдэг. Гэрээ цэвэрлэсэн үү гэж асуувал „Ямар ядаргаатай юм бэ!“ гэдэг. Бид хоёр дуугаа өндөрсгөн олон ч удаа хэрэлдсэн»—МАКИ, ЯПОН. *
Өсвөр насны хүүхэдтэй айлд зөрчил маргаан гардаг. Энэ нь эцэг эхийн чадвар тэвчээрийг бардаг байж мэднэ. «Охиныгоо дураараа авирлахлаар миний уур их хүрдэг. Бид хоёр уурлан бухимдаж бие бие рүүгээ хашгичдаг» хэмээн Бразилд амьдардаг, 14 настай хүүхдийн ээж Мариа хэлжээ. «Хүү бид хоёр байнга ширүүн маргалддаг. Сүүлдээ хүү маань өрөөндөө ороод хаалгаа түгжчихдэг юм» хэмээн Италид амьдардаг, Кармела бас ярьсан юм.
Өсвөр насны зарим хүүхэд яагаад үг сөрөөд байдаг вэ? Үеийнх нь хүүхдүүд нөлөөлдөг юм болов уу? Тийм ч байж магадгүй. Найз нөхөд сайнаар ч, муугаар ч ихээхэн нөлөөлдөг гэж Библид байдаг (Сургаалт үгс 13:20; 1 Коринт 15:33). Өнөө үед хүүхэд залуучуудад зориулсан кино, тоглоом зэрэг нь үл хүндэтгэх, эсэргүүцэх хандлагыг дэвэргэж байна.
Үүнээс гадна, өөр хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр нь хүүхдэд тань хэрхэн нөлөөлдгийг ойлговол та хүүхэдтэйгээ эвтэй харьцахад амар байх болно. Хэдэн жишээ авч үзье.
ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ ЧАДВАР НЬ ХӨГЖИХ ҮЕ
Элч Паул: «Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд насныхаа занг орхисон 1 Коринт 13:11). Паулын үгнээс харвал, хүүхэд томчуудын бодол өөр өөр байдаг аж. Юугаараа тэр вэ?
юм» хэмээн бичжээ (Бага насны хүүхэд юмыг болно эсвэл болохгүй гэж л боддог. Харин том хүн юмыг наанатай цаанатай бодож, шийдвэр гаргах юм уу дүгнэлт хийхдээ сайтар бодож эргэцүүлдэг. Жишээ нь, насанд хүрсэн хүмүүс ямар нэг юмны цаадах ёс зүйн асуудлыг харгалзан үзэж, үйл хэргээ бусдад яаж нөлөөлөхийг боддог. Томчууд ингэж бодож хэвшсэн байдаг бол өсвөр насныхан арай хэвшээгүй байдаг.
Хүүхэд залуусыг «бодлоготой» байх буюу тунгаан бодож сурахыг Библи уриалдаг (Сургаалт үгс 1:4). Үнэндээ, ийм байхыг бүх христианд уриалдаг (Ром 12:1, 2; Еврей 5:14). Хүүхдийн эргэцүүлэн бодох чадвар дөнгөж хөгжиж яваа учраас заримдаа жижиг гэмээр юман дээр ч маргадаг байж болох юм. Буруу бодсон нь хэлсэн үгнээс харагдаж мэднэ (Сургаалт үгс 14:12). Ийм үед хүүхэдтэйгээ яаж хэрэлдэж маргахгүй ярилцах вэ?
ОРОЛДООД ҮЗ: Хүүхдийн эргэцүүлэн бодох чадвар дөнгөж хөгжиж эхэлж байгааг, үзэл бодолдоо тийм ч итгэлтэй биш байж болохыг санаарай. Эхлээд эргэцүүлэн бодсоныг нь магтаарай. («Би хэлсэн болгонтой чинь санал нийлэхгүй байна л даа. Гэхдээ ингэж эргэцүүлэн бодож байгаа чинь их сайн байна»). Тэгээд бодсоноо дүгнэж цэгнэхэд нь туслаарай. («Саяын чиний хэлсэн санаа дандаа зөв байх болов уу?»). Хүүхэд тань бодсоноо дүгнэж цэгнээд өөрчилбөл та лав гайхах байх.
Анхаарах зүйл: Хүүхэдтэйгээ ийнхүү ярилцахдаа өөрийн зөвийг батлах гэж битгий оролдоорой. Хүүхэд хэлсэн ярьсныг тань анхаарч сонсохгүй юм шиг байлаа ч цаанаа нэгийг бодож байж болох юм. Хэдэн өдрийн дараа, хэлснийг тань хүлээн зөвшөөрснөө эсвэл угаасаа тэгж бодож байсан мэтээр хэлбэл битгий гайхаарай.
«Хүү маань үрэлгэн загнаж, дүүгээ гоочлоод байдаг юм. Энэ мэтийн жижиг юман дээр бид хоёр маргадаг байлаа. Гэхдээ ихэвчлэн хүү маань өөрийнхөө юу гэж бодож байгааг асуугаасай, өөрийг нь ойлгоосой гэж хүсээд байх шиг санагддаг юм. „Ийм учиртай байсан юм уу“ эсвэл „Чи ингэж бодож байсан юм уу“ гэж хэлэхийг минь хүлээж байж. Одоо бодоход, ингэж хэлсэн бол маргаан бага гарах байж дээ»—Кэнжи, Япон.
ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛТОЙ БОЛОХ ҮЕ
Өсвөр насны хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх гол зорилго нь хариуцлагатай хүн болгож, биеэ дааж амьдрахад нь туслах явдал юм (Эхлэл 2:24). Хүүхэд өсөж томрохын хэрээр хувийн онцлог, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй болдог. Ямар хүн болохоо шийдсэн хүүхэд үе тэнгийнхэн нь буруу юм хийлгэх гэж дарамтлахад зөвхөн муу үр дагаврын тухай боддоггүй. Тийм хүүхэд: «Би ямар хүн бэ? Би юуг эрхэмлэж үнэлдэг вэ? Минийх шиг үнэлж эрхэмлэдэг зүйлтэй хүн миний оронд байсан бол яах вэ?» гэсэн асуултыг өөртөө тавьдаг (2 Петр 3:11).
Библид Иосеф гэдэг залуугийн тухай гардаг. Тэрбээр хэн болохоо сайн мэддэг хүн байжээ. Жишээ нь, Потифарын эхнэр садар самуунд уруу татахад «Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» гэж хэлдэг (Эхлэл 39:9). Тэр үеийн израильчууд завхайрахыг хориглосон хуультай байгаагүй ч Иосеф тухайн асуудлаарх Бурхны үзэл бодлыг ойлгодог байв. Түүнчлэн «Би яаж» гэж хэлсэн үгнээс нь харвал Бурхны үзэл бодлыг өөрийн болгосон байжээ (Ефес 5:1).
Таны хүүхэд ч бас өөрийн гэсэн онцлог, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй болж яваа. Энэ нь сайн хэрэг. Яагаад гэвэл өөрийн гэсэн үзэл бодолтой хүн үе тэнгийнхнийхээ дарамт шахалтыг эсэргүүцдэг (Сургаалт үгс 1:10–15). Нөгөөтэйгүүр, яг тэр үзэл бодлоосоо болж таныг бас эсэргүүцэх гээд байж болох юм. Ийм үед яах хэрэгтэй вэ?
ОРОЛДООД ҮЗ: Хэрэлдэж маргахын оронд яг юу бодож байгааг нь магадлаарай. («Би чамайг зөв ойлгож байна уу? Чи ... гэж хэлсэн үү?»). Дараа нь асуулт асуугаарай. («Чамд яагаад ингэж санагдсан бэ? Чи яагаад ингэж дүгнэсэн бэ?»). Хүүхдээ яриулаарай. Үзэл бодлоо илэрхийлэх боломж олгоорой. Хэрэв зөв буруугийн асуудлаар биш, дур сонирхлын
асуудлаар санал зөрөлдсөн бол бүрэн ойлгохгүй ч гэсэн хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэтгээрэй.Хүн хэн болохоо мэдэхийн хэрээр өөрийн гэсэн үзэл бодолтой болдог. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд ач тустай. Библид христиануудыг хүүхэд шиг «давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхинд ... туугдахгүй» байхыг уриалдаг (Ефес 4:14). Тийм учраас хүүхдээ өөрийн гэсэн үзэл бодолтой хүн болох боломж олгож дэмжээрэй.
«Би охидынхоо үгийг дуртайяа сонсохлоор тэд минийхээс өөр саналтай байсан ч саналыг минь хүлээн авахыг хичээдэг. Би үзэл бодлоо тэдэнд тулгалгүй, өөрийн гэсэн үзэл бодолтой болох боломж олгодог»—Ивана, Чех.
ТУУШТАЙ Ч УЯН ХАТАН БАЙ
Өсвөр насны зарим хүүхэд бага насны хүүхдийн адил эцэг эхийгээ бууж өгтөл нь гуйж шалдаг. Дандаа ингэдэг бол анхаарах хэрэгтэй. Бүх юмыг нь зөвшөөрөөд байх нь амар л даа. Гэхдээ хүүхэд тань хэрэлдэж маргаж байгаад л хүслээ биелүүлдэг болж мэднэ. Тэгвэл яах хэрэгтэй вэ? «Үг чинь „За [бол] за“ эсвэл „Үгүй [бол] үгүй“ байг» гэсэн Есүсийн зөвлөгөөг дагаарай (Матай 5:37). Таныг тууштай байгааг хүүхэд тань ойлговол хэрэлдэж маргахгүй биз ээ.
Бас ухаалаг байгаарай. Жишээлбэл, гэртээ ирэх ёстой цагаасаа заримдаа жаахан оройтож ирэх ёстойгоо тайлбарлах боломж хүүхдэдээ олгоорой. Ингэлээ гээд та буулт хийсэн гэсэн үг биш, харин «Та нарын ухаалаг байгааг бүх хүн мэддэг байг» гэсэн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлж байна гэсэн үг юм (Филиппой 4:5, ШЕ).
ОРОЛДООД ҮЗ: Хүүхдээ орой хэдэн цагт ирэх гэх мэтийн гэрийн дүрмийн тухай гэр бүлээрээ ярилцаарай. Шийдвэр гаргахаасаа өмнө бүх хүний саналыг сонсож, холбогдох бүх хүчин зүйлийг харгалзан үзээрэй. Бразилд амьдардаг Роберто гэдэг нэг аав: «Библийн зарчмыг зөрчихгүй л бол хүсэлтийг нь дуртай биелүүлнэ гэдгээ эцэг эхчүүд хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй» хэмээн зөвлөжээ.
Төгс эцэг эх гэж байдаггүй нь үнэн. «Бид бүгд олон юман дээр бүдэрдэг» гэж Библид байдаг (Иаков 3:2). Гарсан хэрүүл маргаанд та жаахан ч болов буруутай бол хүүхдээсээ уучлалт гуйхаас битгий санаа зовоорой. Буруугаа хүлээх нь даруу зангийн жишээ болдог бөгөөд хүүхэд тань таныг дууриана.
«Хэрүүл маргааны дараа би тайвширсан үедээ, сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж чадаагүйдээ хүүгээсээ уучлалт гуйсан. Тэгтэл хүү маань тайвширч намайг дуртай сонссон»—Кэнжи, Япон.
^ Нэрсийг өөрчлөв.
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.
-
Хүүхэд маань надтай маргадагт би бас буруутай юу?
-
Хүүхдээ сайн ойлгодог болохын тулд энэ өгүүллээс уншсан ямар санааг хэрэгжүүлж болох вэ?
-
Хүүхэдтэйгээ маргалгүй ярилцахын тулд би яах ёстой вэ?