Skip to content

Гарчиг руу орох

ТАНЫ АСУУЛТАД ХАРИУЛЪЯ

Еховагийн Гэрчүүд Есүст итгэдэг үү?

Еховагийн Гэрчүүд Есүст итгэдэг үү?

Еховагийн Гэрчүүд хүмүүсийн асуултад хэрхэн хариулдгийг дараах харилцан яриагаар жишээ болгон сонирхуулъя. Еховагийн Гэрч Амар, Тулга гэдэг хүний гэрт иржээ гэж бодъё.

ЕСҮСТ ИТГЭХ НЬ АМИН ЧУХАЛ

Амар: Сайн байна уу? Тулга аа. Сайхан амарсан уу?

Тулга: Өө, сайхан амарсан.

Амар: «Харуулын цамхаг» сэтгүүлийн шинэ дугаар авчирлаа. Таныг сонирхох байх гэж бодлоо.

Тулга: Баярлалаа. Би таныг хүлээж байлаа л даа. Асуух нэг юм байна.

Амар: За, асуу асуу.

Тулга: Хэд хоногийн өмнө би ажлынхаа хүнд өөрийн чинь өгсөн номыг сонирхуулсан юм. Тэгсэн чинь Еховагийн Гэрчүүдийн номыг уншаад дэмий, тэд чинь Есүст итгэдэггүй юм билээ гэсэн. Энэ үнэн үү? Таныг ирэхлээр асууя гэсэн юм аа.

Амар: Асуусан чинь их сайн байна. Хүний юунд итгэдгийг өөрөөс нь л асуух хэрэгтэй, тийм биз дээ?

Тулга: Тийм шүү.

Амар: Товчхондоо бол Еховагийн Гэрчүүд Есүст итгэдэг. Аврагдахын тулд Есүст итгэх зайлшгүй хэрэгтэй гэж бид үздэг.

Тулга: Би бас тэгж бодож байсан юм аа. Тэгсэн манай ажлын хүн шал өөр юм хэлэхэд нь гайхсан. Хоёулаа энэ тухай ерөөсөө ярьж байгаагүй юм байна.

Амар: Есүст итгэхийн чухлыг харуулсан хэдэн Библийн зүйл үзье. Бид дэлгэрүүлэхдээ үзүүлдэг юм л даа.

Тулга: За, тэгье.

Амар: Эхлээд Иохан 14:6-гаас Есүсийн хэлсэн үгийг үзье. Есүс: «Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» гэж хэлсэн. Хэнээр дамжиж байж Эцэгт хүрнэ гэсэн байна вэ?

Тулга: Есүсээр гэж байна.

Амар: Зүйтэй. Еховагийн Гэрчүүд үүнд бат итгэдэг. Тийм болохоор бид Еховад үргэлж Есүсийн нэрээр залбирдаг.

Тулга: Аан, тийм учиртай юм уу?

Амар: Иохан 3:16-г бас үзье. Энэ бол маш чухал зүйл. Зарим хүн энэ зүйлийг евангелийн товчлол гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Есүсийн дэлхий дэх амьдралыг хоёрхон өгүүлбэрээр тайлбарласан гэсэн үг. Та унш даа.

Тулга: «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм».

Амар: За, баярлалаа. Та энэ зүйлийг сонсож байсан уу?

Тулга: Сонсож байсан юм байна.

Амар: Ер нь алдартай зүйл л дээ. Энд Есүс юу гэж хэлснийг дахиад хар даа. Бурхан биднийг хайрласан учраас мөнх амьтай болгоно гэсэн. Гэхдээ ямар болзол тавьсан бэ?

Тулга: Итгэх хэрэгтэй гэж байна.

Амар: Тийм ээ. Тодруулбал Бурхны цорын ганц Хүү, Есүс Христэд итгэх хэрэгтэй. Итгэж байж л аврагдахыг энэ сэтгүүлийн 2-р хуудсанд бичсэн байгаа. «Харуулын цамхаг» сэтгүүлийн гол зорилгыг ингэж тайлбарласан байна. Энэ сэтгүүл нь «хүн төрөлхтнийг мөнх амьдруулахын тулд амиа золиосолсон, одоо Бурхны Хаанчлалын Хаан болон захирч байгаа Есүс Христэд итгэх итгэлийг батжуулдаг».

Тулга: Нээрээ тийм байна. Та нар Есүст итгэдгээ сэтгүүлдээ хүртэл бичсэн байна ш дээ.

Амар: Тийм ээ.

Тулга: Тэгвэл хүмүүс яагаад Еховагийн Гэрчүүдийг Есүст итгэдэггүй гэдэг юм бол?

Амар: Янз янзын л шалтгаан байдаг байх. Сонссон юмандаа шууд итгэсэн хүмүүс ч бий. Сүмийнхээ багш нараас буруу ташаа мэдээлэл авсан хүмүүс ч бий.

Тулга: Аан, эсвэл та нарыг Есүсийн Гэрчүүд биш, Еховагийн Гэрчүүд гэдэг болохоор Есүст итгэдэггүй гэж хэлдэг юм болов уу?

Амар: Тийм ч байж магадгүй.

Тулга: Нээрээ, та нар яагаад дандаа Еховагийн тухай ярьдаг юм бэ?

«БИ ТАНЫ НЭРИЙГ ТЭДЭНД МЭДҮҮЛСЭН»

Амар: Нэг шалтгаан нь, бид Бурхныг Ехова гэдэг оноосон нэрээр нь дуудахыг чухал гэж үздэг. Бурхны Хүү Есүс бас тийм үзэлтэй байсан. Есүс Эцэгтээ залбирахдаа юу гэж хэлснийг үзье. Та Иохан 17:26-г унш даа.

Тулга: За. «Би Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм».

Амар: Бурхны нэрийг Есүс мэдүүлсэн гэсэн байгаа биз? Яагаад тэгсэн юм бол?

Тулга: Мэдэхгүй юм байна.

Аврагдахын тулд Есүст итгэх зайлшгүй шаардлагатай

Амар: Үүнийг ойлгохын тулд өөр нэг зүйлийг уншъя. Үйлс 2:21. За, би уншъя. «Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно» гэж байна. Аврагдъя гэвэл Бурхныг нэрээр нь дуудах зайлшгүй шаардлагатайг Есүс мэдэж байсан байж таарна, тийм биз дээ?

Тулга: Тийм ээ.

Амар: Шавь нар нь Бурхны нэрийг дуудаж байж л аврагдана гэдгийг Есүс мэдэж байсан учраас Бурхны нэрийг мэдүүлсэн. Еховагийн тухай ярьдгийн маань гол шалтгаан энэ юм. Бурхны оноосон нэрийг хүмүүст мэдэгдэж, Бурхныг нэрээр нь дууддаг болоход нь хүмүүст туслахыг бид эрмэлздэг.

Тулга: Бурхныг заавал нэрээр нь дуудах шаардлагатай юу? Зүгээр л Бурхан гэхэд болох юм биш үү?

Амар: Тийм л дээ. Гэхдээ Бурхан бидэнд нэрээ хэлж өгсөн нь өөртэй нь дотносоосой гэснийх юм.

Тулга: Юу гэсэн үг вэ?

Амар: Бодоод үз дээ. Мосег нэрээр нь биш, зүгээр л, Улаан тэнгисийг хуваасан хүн гэх юм уу Арван тушаалыг авсан хүн гэж болох л байсан. Ноаг ч хөвөгч авдар барьж гэрийнхнээ болон амьтдыг аварсан хүн гэж хэлж болох л байсан. Есүсийг бас тэнгэрээс буун ирж бидний төлөө амиа өгсөн нэгэн гэхэд буруудахгүй биз дээ?

Тулга: Тийм л байх.

Амар: Гэхдээ л Бурхан тэдний нэрийг Библид бичүүлсэн. Бид Мосе Ноа Есүс нартай уулзаж байгаагүй ч нэрийг нь мэддэг болохоор тэдний тухай уншаад сэтгэл хөдөлдөг.

Тулга: Ерөөсөө ингэж бодож байгаагүй юм байна. Нээрээ тийм байна шүү.

Амар: Еховагийн Гэрчүүд Бурхныг нэрээр нь дууддагийн бас нэг шалтгаан нь энэ юм. Ехова Бурханд итгэж түүнтэй дотносоосой гэсэндээ бид хүмүүст тусалдаг. Бас аврагдахад маань Есүс чухал үүрэг гүйцэтгэснийг онцолж ярьдаг. Энэ тухай нэг зүйл үзье.

Тулга: Тэгье.

Амар: Түрүүчийн уншсан Иохан 14:6-г санаж байна уу? Есүс: «Би бол зам, үнэн, амь мөн» гэж хэлсэн. Ингэж хэлэхээсээ өмнө юу гэснийг Иохан 14:1-ээс үзье. Энэ зүйлийн сүүлд Есүс юу гэж хэлснийг уншаарай.

Тулга: За. «Бурханд итгэ, мөн Надад итгэ».

Амар: Та юу гэж бодож байна вэ? Ехова Есүс хоёрын аль нэгэнд нь л итгэх хангалттай юу?

Тулга: Үгүй. Хоёуланд нь итгэ гэсэн байна.

Амар: Тийм ээ. Гэхдээ Ехова Есүс хоёрт итгэдэг гэж хэлээд л болчихгүй шүү дээ. Итгэдгээ үйлсээрээ харуулах нь чухал.

Тулга: Тийм шүү.

Амар: Ехова Есүс хоёрт үнэхээр итгэдэг хүн яах ёстойг дараа ярилцъя. *

Тулга: За тэгье.

Танд Библийн холбогдолтой ямар нэг асуулт байдаг уу? Та Еховагийн Гэрчүүдийг юунд итгэдэг юм бол гэж боддог уу? Дараа Гэрчүүдтэй уулзахдаа нэрэлхэлгүй асуугаарай. Тэд таны асуултад дуртайяа хариулна.

^ Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 12-р бүлгээс үзнэ үү. Уг ном www.pr418.com сайтад бас бий.