Skip to content

Гарчиг руу орох

Мөнгө зээлэх нь зөв үү?

Мөнгө зээлэх нь зөв үү?

«Мөнгө зээлнэ гэдэг хурим найр, буцааж төлнө гэдэг уй гашуу» Свахили цэцэн үг

ЗҮҮН Африкт энэ үгийг мэддэггүй хүн байхгүй. Үнэн үг гэж дэлхийн аль ч улсын хүн хэлэх байх. Найзаасаа юм уу өөр хаанаас, хэнээс ч юм, мөнгө зээлэхэд танд бас тэгж санагддаг уу? Мөнгө зээлэх гэдэг заримдаа зөв гарц юм шиг санагдаж болох юм. Гэхдээ зээлийн цаана ямар аюул отож байдаг вэ?

«Зээл найз нөхдийг салгадаг» гэдэг свахили цэцэн үг байдаг. Үнэхээр ч зээлээс болоод хүмүүс хоорондоо муудалцаж, найз нөхөд эв түнжин муутай болох нь бий. Буцааж төлөхөө сайтар төлөвлөсөн ч тэр бүр санаснаар болдоггүй. Зээлээ цагт нь буцааж төлөхгүй бол зээлүүлсэн хүнд сайхан байхгүй нь ойлгомжтой. Бие биедээ гомдохоос өгсүүлээд зээлэгч зээлүүлэгч хоёрын, цаашлаад тэдний гэр бүлүүдийн хоорондын харьцаа муудаж мэдэх юм. Тийм учраас мөнгөний асуудлаа хурдан шийдэхийн тулд биш, бүр аргаа барсан үед зээл авах нь зүйтэй.

Мөнгө зээлэх нь Бурхантай тогтоосон харьцаанд ч нөлөөлж болох юм. Яаж тэр вэ? Өрөө санаатайгаар төлөхгүй байгаа хүнийг Библид хорон муу хүн гэдэг (Дуулал 37:21). Бас «Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог» гэж байдаг (Сургаалт үгс 22:7). Хүн мөнгөө буцааж төлөх хүртлээ зээлүүлэгчийнхээ зарц болдог. «Хөлийг нь зээлбэл заасан зүг рүү нь явна» гэсэн африк зүйр үг үнэн. Их өр тавивал хүссэнээрээ хөдлөх эрхгүй болдог гэсэн санааг энэ үгээр илэрхийлдэг.

Тиймээс өрөө төлөх нь эн тэргүүний зорилго байх ёстой. Их өрнөөс болж дарамтад орох, нойргүй хонох, илүү цагаар ажиллах, ханьтайгаа муудалцах, гэр бүл салах, цаашлаад шүүхэд дуудагдах, шоронд орох гэх мэтийн олон зовлон амсаж магадгүй. «Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай» гэсэн ухаалаг зөвлөгөө Ром 13:8-д байдаг.

ОНЦЫН ШААРДЛАГА БАЙНА УУ?

Энэ бүхнийг бодож үзэхлээр мөнгө зээлэх асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй байх нь. Хашир хянамгай байж, «Зээл авах онцын шаардлага байна уу? Гэр бүлээ тэжээхэд үнэхээр хэрэгтэй юү? Бусдын дор орохгүй гэсэндээ эсвэл шунасандаа мөнгө зээлэх гээд байгаа юм биш биз?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Өр тавьснаас, байгаа юмандаа сэтгэл хангалуун байсан нь дээр.

Гэхдээ мөнгө зээлэхээс өөр аргагүйд хүрэх үе бий. Мөнгө зээлэхээр шийдсэн бол үнэнч шударга хүн гэдгээ батлах учиртай. Яаж тэр вэ?

Нэгдүгээрт, энэ хүн баян болохоор надад мөнгө зээлүүлж л таарна гэж бодох ёсгүй. Мөнгөтэй л юм чинь энэ хүн надад туслах ёстой, би өрөө төлөх гэж нэг их хичээх хэрэггүй гэж бодох нь буруу. Мөнгө төгрөгөөр гачигдахын зовлонгүй явж байгаа нэгэндээ битгий атаархаарай (Сургаалт үгс 28:22).

Хоёрдугаарт, зээлсэн мөнгөө заавал буцааж төлөөрэй. Удааж болохгүй. Зээлүүлэгч тодорхой хугацаа заахгүй байлаа ч, зээлсэн хүн буцааж төлөх хугацаагаа өөрөө тогтоогоод түүнийгээ мөрдөх ёстой. Үл ойлголцол гаргахгүйн үүднээс бичгээр гэрээ байгуулах нь сайн байдаг (Иеремиа 32:9, 10). Болж өгвөл зээлсэн мөнгөө өөрийн биеэр аваачиж өгөөд талархаарай. Мөнгөө буцааж өгөх ухамсартай байвал хэн хэндээ гомдолгүй байна. «Ууланд айлдсан номлол»-доо Есүс: «“За” бол “за”, “үгүй” бол “үгүй” бай» гэж хэлсэн (Матай 5:37, ШЕ). Бас «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд» гэсэн Алтан дүрмийг үргэлж санах хэрэгтэй (Матай 7:12).

БИБЛИД БАЙДАГ ЗААВАР ТУСТАЙ

Мөнгө зээлэх гэсэн хүслээ дарах аргыг Библи хэлж өгдөг. «Сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн» гэж бичжээ (1 Тимот 6:6). Өөрөөр хэлбэл, байгаадаа сэтгэл хангалуун байвал мөнгө зээлж, горыг нь амсахгүй. Хүссэнээ авахыг уриалдаг өнөөгийн нийгэмд сэтгэл хангалуун байх амаргүй нь үнэн. Тийм учраас «сүсэглэх» буюу Бурханд үнэнч байх хэрэгтэй. Ингэхийн тулд яах ёстой вэ?

Азид амьдардаг нэгэн христиан хосын тухай ярья. Тэд хүний л адил өөрийн гэсэн байшинтай болохыг хүсэж байжээ. Тэгээд хадгалсан мөнгө, банкнаас авсан зээл, хамаатнаасаа зээлсэн мөнгөө цуглуулаад байшин худалдаж авчээ. Гэвч удалгүй, сар бүр их хэмжээний мөнгө буцааж төлөх хэцүү болсон байна. Олон цагаар ажилласнаас болж хүү охин хоёртоо анхаарал халамж тавих нь багассан. «Өөртөө бөөн гай удсан, стресст ч орсон. Нойроо ч сайн авч байгаагүй. Нуруундаа бул чулуу үүрчихсэн юм шиг л байлаа» гэж нөхөр нь ярьсан юм.

«Эд материалд Еховагийн үзэл бодлоор хандах нь амин чухал юм билээ»

Дараа нь тэр хоёр 1 Тимот 6:6-г санаад байшингаа зарахаар шийджээ. Хоёр жилийн дараа л зовлонгоосоо бүрмөсөн салжээ. Энэ явдлаас тэд ямар сургамж авсан бол? «Эд материалд Еховагийн үзэл бодлоор хандах нь амин чухал юм билээ» гэж тэд хэлжээ.

Өгүүллийн эхэнд дурдсан свахили цэцэн үгийг олон хүн мэддэг ч зээл авсаар л байна. Харин энэ өгүүлэлд гарсан Библийн зарчмыг санангаа дараах асуултыг нухацтай бодож үзэх нь ухаалаг хэрэг юм. «Мөнгө зээлэх нь зөв үү?»