Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

Апартеид дэглэм ба эв нэгдэл

Апартеид дэглэм ба эв нэгдэл

 1948–1994 оны хооронд Өмнөд Африкийн улс төрийн тогтолцоо апартеид дэглэмтэй байв. a Тэдгээр жилүүдэд арьс өнгөөр ялгаварлах үзлийн улмаас олон хүн шударга бус явдлын хохирогч болсон. Апартеид дэглэмийн үед «өнгөт арьстан» гэсэн ангилалд хамрагдаж байсан Кали: «Бид нар ч бас дотроо бие биенээ ялгаварлан гадуурхдаг байсан» гэжээ.

 Өмнөд Африк дахь Еховагийн Гэрчүүд олон янзын үндэстэн ястнаас бүрддэг. Итгэл нэгтнүүд маань апартеид дэглэмийн тэр хэцүү үеийг хэрхэн даван туулсан юм бол? Түүхээс нь бид ямар сургамж авах вэ?

Апартеид дэглэмийн үеийн нөхцөл байдал

 Өмнөд Африкт арьс өнгөөр ялган тусгаарлах бодлогыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн их болдог байв. Засгийн газрын энэхүү бодлогыг эсэргүүцсэн олон хүн шоронд хоригдож, зарим нь бүр амиа алдсан. Төр засгаа эсэргүүцэн боссон хүмүүс улам бүр харгис хэрцгий болж байлаа. Харин Еховагийн Гэрчүүд хууль дүрмийг чандлан сахиж, бослого цуглаанд нэгдээгүй. Мөн төр засгаа өөрчлөх гэж ч оролдоогүй. Ингэснээрээ тэд нэгдүгээр зууны Христийн дагалдагчид шиг «дээд эрх мэдлүүдэд хүн бүр захирагд» гэсэн зарчмыг дагажээ (Ром 13:1, 2).

 Еховагийн Гэрчүүд аль нэг талд нь орвол ширүүн бослого тэмцлийг дэмжээд зогсохгүй цаашлаад итгэл нэгт ах дүүсийнхээ эсрэг тэмцэх болчихоод байв. Харин эргэн тойрныхон нь тэднийг төвийг сахих байр сууриасаа татгалзаж, аль нэг талд орохыг байнга ятгадаг байлаа. Жишээлбэл, Тембси: «1976 оны бослогын үеэр ахлах сургуулийн сурагчдыг хүртэл энэ бослогод нэгдэхийг шахан шаардаж байсан. Бослогод нэгдсэн сурагчид бусдыгаа нэгтгэх гэж айлуудаар явдаг байв» гэжээ. Тэрбээр цааш нь «Эсэргүүцэх юм бол гэр орноо шатаалгаж, үхтэлээ зодуулж ч магадгүй байсан» хэмээн ярьжээ. Тёофилос гэдэг Гэрчид нэгэн намын удирдагч: «Цагаан арьстнуудыг дарж авчихаад улс орныхоо төлөө тэмцээгүй чам шиг нөхдүүдийг цааш нь харуулна даа» гэж хэлж байсан байна.

Салгасан ч хамтдаа

 Апартеид дэглэмийн хүнд хэцүү үед ч Өмнөд Африкийн Гэрчүүд Бурхнаа шүтэхээр хамтдаа цугладаг байсан (Еврей 10:24, 25). Тэр дэглэмийн уршгаас болж олон хүн ядуу зүдүү амьдарч байсан. Тийм учраас зарим газар цуглааны танхимаа ч барьж чадахгүй байлаа. b Энвер гэдэг Гэрч: «Олон жилийн турш цуглаанаа тух муутай түрээсийн байранд хийдэг байлаа. Тийм болохоор аав маань гэртээ цуглаан хийх санал гаргасан юм. Ингээд манайх долоо хоногт хоёр удаа цуглааны танхим болж хувирдаг боллоо. Заримдаа зуу гаруй хүн ирдэг байсан гээч. Цуглааны дараа итгэл нэгтнүүдтэйгээ цагийг мөн ч сайхан өнгөрөөдөг байж билээ» хэмээн дурсан ярьжээ.

Хар, цагаан арьст Гэрчүүд хамтдаа цугласан нь, 1950 он 4 сар

Йоханнесбург хотын Ренд цэнгэлдэх хүрээлэнд арьс өнгөөр ялгаатай ч хамтдаа чуулж буй Гэрчүүд, 1980 он

 Итгэл нэгт ах дүүс маань апартеид дэглэмийн улмаас үүссэн олон бэрхшээлийг ажрахгүй даваад гарсан. Жишээлбэл, Лимпопо аймагт дүүргийн чуулган дээр цагаан арьст Гэрч илтгэл тавих болсон юм. Гэтэл тэр газар цагаан арьстнуудыг оруулдаггүй хар арьстнуудын нутаг дэвсгэр байлаа. Тэгээд өнөөх Гэрч арга сэдэж нэгэн фермийн эзэн цагаан арьст хүнтэй гэрээ байгуулав. Тэр ферм нь хар арьстнуудын нутаг дэвсгэрийн залгаа байсан учир сонсогчид болон илтгэгч хашааны хоёр талд байсан ч дүүргийн чуулганаа амжилттай явуулжээ.

Тусгаарласан ч дэлгэрүүлсээр

 Апартеид дэглэмийн үед хүмүүсийн оршин суух газрыг тогтоохдоо арьс өнгөөр нь ялгадаг байжээ. Үүний улмаас хурлуудад гарал үүсэл нэгтэй хүмүүс л харьяалагддаг байсан. Хуралгүй газар дэлгэрүүлэхэд янз бүрийн асуудалтай тулгардаг байсан болохоор дэлгэрүүлэх ажлыг нөхцөл байдалдаа тааруулж зохион байгуулах шаардлага гарчээ. Апартеидын үед «энэтхэгчүүд» ангилалд харьяалагддаг байсан Криш: «Цагаан арьстан биш л бол хоноглох газар бараг олддоггүй байсан. Гадаа модны нөмөрт ч юм уу, эсвэл машиндаа хоног төөрүүлдэг байж билээ. Тэгээд өглөө нь шатахуун түгээх газрын ариун цэврийн өрөөнд орж нүүр гараа угаана. Тэр бүү хэл, зарим газрын ариун цэврийн өрөө “Зөвхөн цагаан арьстанд зориулав” гэсэн тэмдэгтэй байдаг байсан. Энэ мэтээр нөхцөл байдал хэцүү байсан ч итгэл нэгт ах дүүс маань газрын холыг туулан идэвх зүтгэлтэй, урам зоригтой дэлгэрүүлдэг байлаа» хэмээн ярьжээ.

Арьс өнгөөр ялгаатай ч хамтдаа дэлгэрүүлж буй Гэрчүүд, 1981 он

 Саад бэрхшээлээс үл хамааран Еховагийн Гэрчүүдийн тоо нэмэгдсээр байв. Апартеидын дэглэм тогтсон 1948 онд Өмнөд Африкийн дэлгэрүүлэгчдийн тоо 4 831 байсан бол тус дэглэм нуран унасан 1994 онд 58 729 болж өссөн. Үүнээс хойш нэмэгдсээр 2021 оны байдлаар 100 112 хүрчээ!

Үзэн ядалтад дийлдээгүй хайр

 Апартеид дэглэм тогтоож хүмүүсийг арьс өнгөөр нь хүчээр хуваадаг байснаараа Өмнөд Африк алдартай. Ийм орчинд амьдарч байсан итгэл нэгтнүүд маань салж хуваагдах нь бүү хэл харин ч бие биеэ хайрлаж эв нэгдэлтэй байхыг юу юунаас илүүд үздэг байв. Тэд маань Библийн зарчмыг даган мөрдөж бусдад бас зааж сурган хүнд үеийг давсан юм (Үйлс 10:34, 35). Ингэж тэд үзэн ядалтаар дүүрсэн газар хайраараа нэгджээ (Ёохан 13:34, 35).

 Еховагийн Гэрчүүдийн олон улсын чуулган 1993 онд Өмнөд Африкт зохион байгуулагдсан. Янз бүрийн улс орноос ирсэн төлөөлөгчдийг онгоцны буудал дээр ирэхэд Өмнөд Африкийн итгэл нэгтнүүд нь халуун дотноор тэврэн, угтан авсан юм. Үүнийг харсан нэр нөлөө бүхий нэгэн улс төрч: «Та нар шиг эв нэгдэлтэй байсан бол асуудлаа аль хэдийн шийдчих байсан юм» хэмээжээ.

Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвөөс ирсэн Милтон Хеншел чуулган дээр илтгэл тавьж буй нь, 1955 он

Еховагийн Гэрчүүдийн байгууллагын Өмнөд Африк дахь салбарт хар, цагаан Гэрчүүд хамт ажиллаж буй нь, 1986 он

Бурханд өнө удаан үйлчилсэн Томас Скосана (зүүн тал) болон Алфред Стэинберг чуулган дээрээ, 1985 он

Арьс өнгөөр ялгаатай Гэрчүүд чуулган дээр хоолоор үйлчилж буй нь, 1985 он

Йоханнесбург хотын Эф-Эн-Би цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон үндэстний Гэрчүүд, 2011 он

a Апартеид бол арьс өнгөөр нь ялган тусгаарлах бодлого юм. Тэр дэглэмийн үед хүмүүсийн хаана амьдрах, ямар боловсрол эзэмших, ямар ажил хийх, хэнтэй гэрлэх нь арьс өнгөнөөс нь хамаардаг байжээ.

b 1999 оноос эхлэн дэлхий дахины хурлуудын өргөсөн хандиваар хэрэгцээтэй газарт цуглааны танхим барих, засварлах ажлыг зохион байгуулдаг болсон.