МАНАЙ АРХИВААС
Эдийн засгийн хямралтай үед ч Еховатай хамт
Амьжиргааны өртөг өсөж амьдрахад бэрхшээлтэй болж байгаа улс орон олон. Энэ асуудал Еховагийн Гэрчүүдийг тойрдоггүй ч тэд үүнд хэт их санаа зовж, сэтгэлээр унадаггүй. Учир нь «би чамайг хэзээ ч орхихгүй» гэсэн Еховагийн амлалт тэднийг тайвшруулдаг (Еврей 13:5). Тэрээр амлалтаа үргэлж биелүүлдэг. Олон хүн ядууралд нэрвэгдсэн Филиппинд ч мөн адил билээ. Энэ улсын нөхцөл байдал дал, наяад оны үед их хэцүү байжээ.
«Хоол хүнс хүрэлцэхгүй, бүр уйлах үе ч гардаг байлаа. Заримдаа будаа, давс, уснаас өөр юу ч байхгүй үе байсан» гэж Гэрч эмэгтэй Вики a ярьжээ. Флоренсио гэдэг Гэрч эрэгтэй ажил олж чадахгүй байв. Тэрээр: «Би уртаашаа гурван өмд, гурван цамцтай байлаа. Чуулганд ч, цуглаанд ч тэрийгээ л сольж өмсөнө» гэж ярьжээ. Еховагийн Гэрчүүд тэр хэцүү үеийг хэрхэн даван туулсан бэ? Еховад үнэнч байхад нь юу тус болсон бэ? Өнөөгийн ороо бусгаа цаг үед амьдарч байгаа бидэнд тэдний жишээ ямар сургамжтай вэ?
Тэд Еховад найдсан
Хүнд нөхцөлийг даван туулахад нь Ехова тусална гэдэгт Филиппин дахь Гэрчүүд маань огтхон ч эргэлзээгүй аж (Еврей 13:6). Ехова тэдэнд санаанд оромгүй аргаар тусалдаг байв. Сесил гэдэг Гэрч эмэгтэй: «Ам бүл дөрвүүлээ бид үлдсэн жаахан будаагаа шавхаад өглөөний цайгаа бэлдсэн. Тэгээд энэ тухайгаа хэлж залбираад цайгаа ууж байтал нэг итгэл нэгтэн маань 5 кг будаа бариад ороод ирдэг юм даа. Бид Еховагийн ивээлийг мэдэрч, өөрийн эрхгүй баярын нулимс унагаж билээ. Иймэрхүү тохиолдол олон байсан» хэмээн дурсжээ.
Мөн итгэл нэгтнүүд маань Библийн амьдралд ойр, мэргэн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлдэг (Сургаалт үгс 2:6, 7). Баптисм хүртээд удаагүй Арселита хэмээх Гэрч эмэгтэйд амьжиргаагаа залгуулахад амаргүй байв. Ганц бие тэрээр Еховад сэтгэлээ уудлан залбирч, Сургаалт үгс 10:4-т байдаг «лазан гар ядуу зүдүүг авчирна, хичээнгүй гар баян болгоно» гэсэн үгийг эргэцүүлэн бодов. Тэгээд ногоо тарьж энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлжээ. «Ехова миний хичээл зүтгэлийг үнэхээр ивээсэн. Өөрийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй, заримыг нь зарж борлуулан автобус унаандаа зарцуулчих хэмжээний ургац хураан авдаг болсон» хэмээн тэрээр ярьжээ.
Тэд цуглаанаа хэзээ ч таслаагүй
Газар худалдан авч цуглааны танхим барих хангалттай хөрөнгө мөнгөгүй хурал ч байдаг. Гэхдээ энэ нь хамтдаа цуглаж, бие биеэ урамшуул гэсэн тушаалыг биелүүлэхэд тэдэнд огтхон ч саад болоогүй юм (Еврей 10:24, 25). Гэрч эмэгтэй Дебора: «Эхлэгчээр хамт үйлчилдэг итгэл нэгтэнтэйгээ барьсан жижигхэн овоохойд зургуулаа цуглаанаа явуулдаг байсан. Нипа гэдэг далдуу модны навчаар дээвэр, наргил модны мөчрөөр хана, далдуу модны голоор сандал хийж билээ» гэжээ.
Итгэл нэгтнүүд маань ихэнхдээ гэртээ цуглаанаа явуулдаг байв. «Өвс, хулсаар голдуу барьсан гэр маань их жижигхэн. Цуглаан хийх боломжтой болгон зай гаргахын тулд өмнөх өдөр нь тавилгаа байнга зөөнө» гэж Виржиниа дурсжээ. Ноел: «Бороо орж дусаал гоожих болгонд түмпэн тавьж тосно. Гэсэн ч итгэл нэгт ах дүүстэйгээ цугладаг байсан болохоор тиймэрхүү таагүй зүйлс огтхон ч нүдэнд тордоггүй байж дээ» хэмээв.
Тэд дэлгэрүүлэхээ болиогүй
Эд материалын гачигдал Гэрчүүдийн идэвх зүтгэлийг бууруулсангүй. Негрос арал дээр амьдардаг Линдина: «Ам бүл олуулаа манайд ганц ажил хийдэг нь аав байсан болохоор унааны мөнгө бараг байдаггүй байв. Хэсэг рүүгээ ихэнхдээ явган явна. Гэр бүлээрээ хамтдаа инээж хөгжилдөөд л алхацгаана шүү дээ. Бас бидний хүчин чармайлтыг хараад Ехова баярлаж байгаа гэдгийг мэдэж байсан» хэмээн дурсжээ.
Алслагдсан хэсэг, уулархаг газраар дэлгэрүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш ээ. Тийм газар хүрэх нийтийн унаа ховор эсвэл бүр байхгүй. Лузон арал дээр амьдардаг Естер: «Бид нар олон километр замыг явган туулах хэрэгтэй болохоор 6-12 дэлгэрүүлэгчтэй бүлэг болж өглөө эрт хөдөлнө. Тэгээд өдөржингөө дэлгэрүүлээд нэлээд оройтож ирнэ. Бэлдэж авч ирсэн хоолоо модны сүүдэрт суугаад идэцгээнэ. Зарим маань идэх юм байхгүй ч дэлгэрүүлэхээр ирдэг байв. “Санаа зоволтгүй ээ, бүгдэд маань хүрэхээр хоол байгаа” гэж бид тэдэнд хэлдэг байсан» хэмээжээ.
Хувиа боддоггүй тэднийг маань Ехова арвин ихээр ивээсэн. 1970 онд Филиппинд 54 789 дэлгэрүүлэгч байсан бол 1989 он гэхэд хоёр дахин нэмэгдэж 102 487 болсон. Харин 2023 онд Хаант Төрийг тунхаглагчдын тоо 253 876 болж өсжээ.
«Ядуу тарчиг амьдрал Еховаг хайрлахад огтхон ч саад болдоггүй»
Эдийн засгийн байдал хүнд үед ч Еховагийн Гэрчүүд Бурхандаа шаргуу үйлчлэн баяр баясгалантай амьдардаг. «Ядуу тарчиг амьдрал Еховаг хайрлахад огтхон ч саад болдоггүй» гэж Антонио ярьжээ. Фэ-Абад: «Нөхөр бид хоёр санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан ч Еховагаас холдоогүй. Мөн энгийн амьдрахын сайхныг ч мэдэрсэн, хүүхдүүд маань ч Еховад найдаж сурсан» гэжээ.
Самаар аралд амьдардаг Лусила: «Еховад үйлчлэхэд ядуу тарчиг амьдрал ерөөсөө ч асуудал биш» гэж ярьжээ. Мөн тэрээр: «Бурхнаа эн тэргүүнд тавиад явахаар сэтгэл хангалуун өөдрөг амьдардаг. Суралцагчаа Еховаг таньж мэдээд бидэнтэй хамт эхлэгчээр үйлчилдэг болохыг харах шиг сайхан юм гэж хаана байх вэ!» хэмээн нэмж хэлжээ.
Өдөр ирэх тусам цаг цөвүүн болно. Тиймээс бид ахлагчаар үйлчилдэг Родолфо шиг ахмадуудын үгийг санаж явах учиртай. Тэрээр: «Дал, наяад оны тэр хэцүү амьдралыг туулж явахдаа Еховагийн хайр халамж, тусламж дэмжлэгийг үргэлж мэдэрдэг байлаа. Мөнгө төгрөгөөр тарчиг явсан ч ядуу зүдүү амьдарч байна гэж ерөөсөө санагддаггүй байсан. Ехова намайг үргэлж халамжилдаг байсан болохоор тэр. Амьдрал минь юугаар ч дутахгүй сайхан байна аа. Удахгүй ирээдүйд, диваажин болсон дэлхийдээ жинхэнэ утгаар сайхан амьдарна. Тэр цагийг би тэсэн ядан хүлээдэг» гэж бичжээ (1 Тимот 6:19).
a Зарим нэрийг өөрчлөв.