МАНАЙ АРХИВААС
Бичиг үсэггүй хүмүүст туслах дэлхий дахины хөтөлбөр
Бразилд амьдардаг Агостино: «Би хөдөө өссөн. Манайх маш ядуу айл байсан болохоор гэрийнхэндээ нэмэр болох гэж сургуулиасаа гарч ажил хийхээс өөр аргагүй байсан» хэмээсэн юм. Агостино 33 хүрч байж уншиж бичиж сурчээ. Тэрбээр: «Би бичиг үсэг сурсныхаа дараа өөртөө илүү итгэлтэй болж үнэ цэнээ мэдэрсэн» хэмээн ярив.
Агостино бол Еховагийн Гэрчүүдээр уншиж бичихийг заалгасан 250 000 гаруй хүний нэг. Гэрчүүд өнгөрсөн 70 жилийн хугацаанд хүмүүст бичиг үсэг заасан. Еховагийн Гэрчүүд яагаад ийм сургалт явуулдаг вэ? Ямар үр дүнтэй вэ?
Бичиг үсэггүйн зовлон
1930-аад оны дунд үед Еховагийн Гэрчүүд 115 улс оронд дэлгэрүүлдэг байв. Миссионерууд өөр хэлтэй хүмүүст дэлгэрүүлэхдээ Библид үндэслэсэн нийтийн илтгэлийг орчуулаад бичлэг хийн хүмүүст сонсгодог байлаа. Мөн зарим тохиолдолд тухайн нутгийн хэлээр гарсан ном хэвлэлийг тараана. Библи судлах хүсэлтэй хүн олон байсан ч уншиж чаддаггүй нь хүндрэл үүсгэж байлаа.
Уншиж чаддаггүй тул Библийн зарчмыг яаж хэрэгжүүлэхээ мэдэж авах амаргүй (Иошуа 1:8; Дуулал 1:2, 3). Бас Христийн дагалдагчийн үүргээ биелүүлэхэд ч хэцүү. Жишээ нь, бичиг үсэггүй эцэг эхчүүдэд хүүхдүүдээ сайн сургах хүндхэн (Дэд хууль 6:6, 7). Түүнээс гадна, сайн уншиж чадахгүй шинэ Гэрчүүд бусдад Библийг үр дүнтэй заахдаа маруухан байлаа.
Сургаж эхэлсэн нь
1940, 50-аад онуудад Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг удирдаж байсан Нэйтан Норр, Милтон Хеншел олон улс оронд очиж дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулжээ. Тэд бичиг үсэгт тайлагдаагүй хүн ихтэй улс оронд сургалт явуулахыг хариуцдаг салбаруудад нь зөвлөсөн.
Салбарууд сургалт явуулах зааврыг хурлуудад илгээжээ. Зарим улс оронд засгийн газраас авч хэрэгжүүлсэн бичиг үсэгтэй болгох хөтөлбөрийн хүрээнд бэлдсэн материалыг ашигласан. Жишээ нь, Бразилд засгийн газар нь шаардлагатай ном болон бусад юмыг манай салбар луу илгээжээ. Тэгээд салбар үүнийг нь хурлуудад хуваарилсан. Харин бусад улс оронд Гэрчүүд өөрсдөө сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ.
Энэ сургалтад нас хүйс харгалзахгүй бүх хүн хамрагдах боломжтой байв. Хүмүүс төрөлх хэлээрээ уншиж бичиж сурсан. Зарим хуралд бүр хэд хэдэн хэлний сургалт явуулж байлаа.
Сургалтын үр дүн
Энэ сургалт ямар үр дүнтэй вэ? Мексикт амьдардаг нэг Гэрч: «Одоо би Библид юу гэж байдгийг уншаад ойлгодог. Бас мэдэж авсан зүйл маань зүрх сэтгэлийг хөдөлгөдөг. Уншиж сурсны ачаар хөршүүдтэйгээ илүү итгэлтэй ярьдаг, улам олон хүнд дэлгэрүүлдэг болсон» хэмээн ярьсан юм.
Энэхүү сургалтад хамрагдсан хүмүүс Библийг илүү сайн ойлгодог болсноор барахгүй өөр олон тус хүртжээ. Бурундид амьдардаг Исаак: «Уншиж бичиж сурснаар би барилгын мэргэжил эзэмшин энэ ажлаа дагнан хийдэг болсон. Одоо том барилгын төсөл хариуцан ажиллаж байгаа» гэж ярьжээ.
Перуд амьдардаг Хэсүса 49 настайдаа энэ сургалтад суужээ. Тэрбээр: «Би гэрийн эзэгтэй л дээ. Урьд нь хүнсний зах ороод барааны нэр, үнийн жагсаалтад юу гэж байгааг уншиж чаддаггүй, хэцүү байлаа. Харин одоо бол сургалтын ачаар санаа зоволтгүй юмаа авдаг болсон» гэж ярьж байна.
Нэлээд улс орны албаныхан Еховагийн Гэрчүүдийг ийм сургалт явуулдгийг магтан сайшаасаар ирсэн. Энэ сургалт одоо ч үргэлжилсээр байна. Сургалтын материал хэрэгсэл нь шинэчлэгдсээр байгаа. Еховагийн Гэрчүүд бичиг үсэггүй болон боловсрол багатай хүмүүст туслах зорилгоор 720 хэлээр 224 сая орчим хувь товхимол хэвлэн гаргажээ. a
a Жишээ нь, 123 хэлээр гарсан «Уншиж, бичиж сурцгаая», 610 хэлээр гарсан «Бурханд дуулгавартай байгтун» гэсэн товхимол бий.