Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

Шинэ Зеланд дахь Гэрчүүд амар тайвныг эрхэмлэдэг Христийн жинхэнэ дагалдагчид

Шинэ Зеланд дахь Гэрчүүд амар тайвныг эрхэмлэдэг Христийн жинхэнэ дагалдагчид

 1940 оны 10-р сарын 21-ний өдөр Шинэ Зеландын засгийн газар Еховагийн Гэрчүүдийг нийгэмд аюултай, төрд тэрсэлдэг хүмүүс гэж үзжээ. Үүнээс болоод Гэрчүүд Бурхнаа чөлөөтэй шүтэх боломжгүй болсон ч зориг нь мохоогүй. Баривчилж, гэрийг нь нэгжих байсан ч тэд цуглаанаа хийсээр байлаа.

 Энди Кларк бол Мэри гэдэг Гэрч эмэгтэйн итгэгч бус нөхөр юм. Хавчлага болж байсан ч эхнэр нь цуглаандаа явахаа болихгүйг тэрбээр анзаарчээ. Мэриг ганцаараа цуглаанд явж байгаад баривчлагдчих вий дээ гэж санаа зовсондоо цуглаанд нь тогтмол цуг явдаг болжээ. Уг нь тэгдэггүй байж л дээ. Тэрбээр эхнэртээ «Чамтай цуг л баривчлагдъя» гэсэн байна. Тэгээд цуглаанд явсаар байгаад Гэрч болжээ. Дэлхийн II дайны үед Шинэ Зеланд дахь Гэрчүүд Мэригийн адилаар эсэргүүцэл хавчлагатай тулгарсан ч үнэнч байхын сайхан жишээ үлдээсэн.

Хорих лагерьт ч Еховадаа үйлчилсээр

 78 настай Жон Мури гэдэг Гэрчийг айлаар дэлгэрүүлж явахад нэг цагдаа саатуулжээ. Шүүх түүнийг төрд тэрсэлдэг байгууллагын үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгав. Жоноос гадна олон Гэрчийг шүүхэд дуудаж заримд нь торгууль ногдуулжээ. Харин заримыг нь нэг удаадаа 3 сар хүртэл хугацаагаар хорьж байлаа.

 Гэрчүүд Библийн дагуу сургасан мөс чанарынхаа улмаас цэргийн алба хаахаас татгалзсан (Исаиа 2:4). Дайны үед цэргийн албанд дуудагдсан олон Гэрч хүнд зовлон амссан. Цэрэгт яваагүйн улмаас 80 орчим Гэрч хорих лагерьт хоригджээ. Тэсгим хүйтэнд тарчлан зовж байсан ч баяр хөөрөө алдалгүй Еховадаа үйлчилсээр байсан.

 Хорих лагерь дахь Гэрчүүд Бурхнаа шүтэх ажлаа цалгардуулаагүй. Тэд яг хурлын адилаар цуглаан тогтмол явуулж, зохион байгуулалттайгаар бусад хоригдолд дэлгэрүүлдэг байлаа. Зарим лагерь дахь Гэрчүүд харгалзагчийн хяналтан дор чуулган явуулах зөвшөөрөл хүртэл авчээ. Хорих лагерьт үнэнийг мэдээд тэнд баптисм хүртсэн хүмүүс бас байв.

Хорих лагерьт байсан Гэрчүүд Дэлгэрүүлэгчийн сургуульд сурдаг байжээ

 Дээр дурдсан Мэри Энди хоёрын бага хүү Брюс хорих лагерь дахь амьдралыг итгэлээ батжуулах боломж гэж үздэг байжээ. Тэрбээр: «Надад яг л сургалтад сууж байгаа юм шиг санагддаг байсан. Арвин их мэдлэг туршлагатай ах нартай ярилцаж, тэднээс ихийг суралцах боломжтой байсан учраас тэр л дээ» гэж дурсжээ.

 1944 онд засгийн газар хорих лагериудад байгаа зарим Гэрчийг суллах талаар бодож үзжээ. Гэтэл цэргийн дарга нар энэ саналыг эсэргүүцсэн. Учир нь Гэрчүүдийг суллах юм бол дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэх нь гарцаагүй гэж бодож байв. Тэгээд «Тэднийг хорьж цагдвал шашиндаа хэт орчихсон улаан галзуу байдлыг нь тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадна. Гэсэн ч тэднийг өөрчлөх огт боломжгүй» гэж бичсэн байна.

Нийгэмд ээлтэй хүмүүс

 Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хорьсноос болж олон хүн тэднийг мэддэг болоод зогсохгүй, зарим нь бүр сонирхдог болжээ. Яваандаа хүмүүс Гэрчүүдийг нийгэмд аюул занал учруулдаггүй, гэм зэмгүй, амар тайвныг эрхэмлэдэг Христийн дагалдагчид гэдгийг ойлгосон. Үүний дүнд 1939 онд 320-уулаа байсан Гэрчүүд 1945 онд 536 болж өсжээ!

 Юмыг наанатай цаанатай боддог албаны хүмүүс Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хориглох нь шударга бус явдал гэж үздэг байлаа. Жишээ нь дэлгэрүүлснээсээ болж шүүхэд дуудагдсан Гэрчийн хэргийг нэг шүүгч хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр: «Хар ухаанаар бодсон ч, хуулийн үүднээс авч үзсэн ч Библи тараахыг гэмт хэрэг гэж үзэх нь байж боломгүй зүйл» гэжээ.

 Дайн дуусаж хорио тавигдахад Бурхны Хаант төрийн тухай бусдад ярих Гэрчүүдийн хүсэл өмнөхөөсөө ч илүү оргилж байлаа. 1945 онд салбараас Шинэ Зеланд дахь бүх хуралд явуулсан захианд ийн бичжээ. «Бүх хүнд сайхан сэтгэл гаргаж, эвтэйхэн, найрсаг харьцаарай. Хэрүүл маргаанаас хол яваарай. Хүмүүс шашиндаа үнэнч бөгөөд зан үйлийг нь яг таг баримтлахыг хичээдгийг бодолцоорой. ... Эзний “хонь” болох хүмүүс тэдний дунд олон бий. Бид тэдэнд Еховаг таниулж Хаант төрийн иргэн болоход нь туслах учиртай».

 Шинэ Зеланд дахь Гэрчүүд өнөөдөр ч нутгийн хүмүүс болон жуулчдад Библийн үнэнийг ярьсаар байна. Туранги гэдэг жижиг хотод амьдардаг 4 Еховагийн Гэрч нэг өдөр хэдхэн цагийн дотор 17 орны 67 жуулчинд үнэнийг ярьжээ!

 Шинэ Зеланд дахь Гэрчүүд амар тайвныг эрхэмлэдэг, Библийг гүнээ хүндэтгэдэг, Христийн жинхэнэ дагалдагчид гэдгээрээ танигдсан нь тодорхой байна. Жил бүр олон зуун хүн баптисм хүртэж Гэрчүүдийн эгнээнд элсдэг. 2019 оны байдлаар дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст байдаг энэ улсад 14 000 гаруй Гэрч Еховадаа баяр хөөртэй үйлчилж байна.

1940 онд байгууллагын үйл ажиллагааг хориглосны дараа цуглаанаа явуулж буй Гэрчүүд

Шинэ Зеландын хойд аралд байдаг хорих лагерь дахь нэг хүний камер

Шинэ Зеландын хойд аралд байдаг Хауту хорих лагерь

Төвийг сахих байр сууриасаа болж хоригдож явсан Гэрчүүд уулзсан нь, 1949 он