ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?
Гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлсэн тусламж
2021 ОНЫ 2-Р САРЫН 1
2020 онд байгалийн олон гамшиг тохиолдож, КОВИД-19 цар тахал дэлхий даяар тархаж эхэлсэн. Еховагийн Гэрчүүд гамшигт нэрвэгдэгсдэд хэрхэн тусалсан бэ?
2020 оны үйлчлэлийн жилд a Удирдах Зөвлөлийн Зохицуулагчдын хороо гамшигт нэрвэгдэгсдэд туслах ажилд 28 сая ам.долларыг зориулахаар шийдсэн. Энэ хугацаанд 200 гаруй гамшиг болсон. Тухайлбал КОВИД-19 цар тахал тархаж, удаа дараа халуун орны хар салхи гарч, Венесуэлд хоол хүнсний хомсдол бий болж, Африкт үер, Зимбабвед ган гачиг болсон. Дээр дурдсан хандивын мөнгөөр хоол хүнс, цэвэр ус, майхан, хувцас хунар, эм тариа, цэвэрлэгээний үндсэн материал, засвар үйлчилгээний болон барилгын материал худалдаж авсан. Одоо зарим жишээг дурдъя.
КОВИД-19. Дэлхий дахины итгэл нэгтнүүд маань цар тахлаас болоод бие махбод, сэтгэл санаа, санхүүгийн хувьд хохирол амссан. Тэдэнд туслахын тулд Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хороог (ГНТХ) 800 гаруй газар байгуулсан. Эдгээр хороо ах дүүст маань ямар тусламж хэрэгтэй байгааг Зохицуулагчдын хороонд шуурхай мэдээлдэг байв. Энэ мэдээнд үндэслэн Зохицуулагчдын хороо тусламжийн ажлыг хамгийн сайн аргаар зохион байгуулсан.
ГНТХ жилийн турш олон Гэрчид тусалж хоол хүнс, ус, эрүүл ахуйн хэрэгсэл, эм тариагаар хангасан. Заримдаа тэд нутгийн ахлагчидтай хамтран ажиллаж, улсаас үзүүлдэг тусламжийг авах талаар мэдээллийг итгэл нэгтнүүддээ хэлж өгдөг.
Манай байгууллагаас үзүүлсэн тусламжийн ажлыг Гэрч биш хүмүүс ажиглажээ. Жишээ нь Замбийн Накондэ дүүргийн дарга Филд Симвинга гэдэг хүн манай итгэл нэгтнүүдэд «Яг хэрэгтэй үед шуурхай тусламж үзүүлсэн та нарт маш их талархаж байна» гэж хэлсэн.
Ангол дахь хоол хүнсний хомсдол. КОВИД-19 цар тахлын улмаас Анголд хоол хүсний хомсдол бий болж, юмны үнэ огцом өссөн. Олон ах дүү маань хоол хүнсээ авч чадахгүйд хүрсэн.
Анголын ах дүүст хоол хүнс явуулах ажлыг Бразил дахь салбарт даалгасан. Тэндхийн итгэл нэгтнүүд маань хандивын мөнгийг үр дүнтэй зарцуулахын тулд хоол хүнс худалдан авах, илгээх хамгийн хямд аргыг судалсан. Тэгээд хоол хүнсийг бөөндөж аваад цагаан будаа, шош, ургамлын тос зэрэг барааг баглаж боосон. Нэг боодол нь 20 кг жинтэй боловч дунджаар ердөө л 22 ам.долларт багтав. Үүнд ачаа илгээх зардал ч орсон. Одоогийн байдлаар, 33 544 боодол буюу 654 тонн ачааг явуулсан. Анголын итгэл нэгтнүүд бас хоол хүнсийг худалдаж авсан. Ингээд нийтдээ 50 000 гаруй хүнийг хоол хүнсээр хангажээ!
Тусламж авсан итгэл нэгтнүүд маань сэтгэлийн үгээ хэлсэн. Жишээ нь, Анголын алслагдсан хэсэгт амьдардаг Александре: «Би энэ тусламжийг аваад Ехова намайг хайрладгийг, ганцаархнаа биш гэдгээ мэдэрсэн. Еховагийн байгууллагад би их эрхэм хүн юм байна!» гэжээ. Хүүхдээ ганцаараа өсгөдөг Мариза гэдэг эмэгтэй: «Ехова миний зарбирлыг сонссон. Би түүнд, байгууллагад нь маш их талархаж байна!» гэж хэлжээ.
Зимбабвед болсон ган гачиг. 2020 оны үйлчлэлийн жилд энэ улсад аймшигт ган гачиг болж, сая сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Тиймээс мянга мянган Гэрчүүд ч хоол хүнсний хомсдолд орсон.
Тиймээс энд 5 ГНТХ байгуулсан. Зуу зуун дэлгэрүүлэгч сайн дураараа тусалж хоол хүнсийг савлаж, ачиж тээвэрлэсэн. Бас зарим нь машин унаагаа хэрэглүүлсэн. b 2020 оны үйлчлэлийн жилд энэ ажилд 691 561 ам.долларыг зарцуулж, 22 700 гаруй хүнийг хоол хүнсээр хангасан!
Ямар ч хоол хүнсгүй болсон яг тэр үед тусламжийн бараа ирсэн тохиолдол нэг биш удаа байсан. Итгэл нэгтнүүд маань баярлаж, Еховаг алдаршуулж, зарим нь бүр Хаант төрийн дууг дуулсан байна.
Тэндхийн бэлэвсэн хоёр Гэрч эмэгтэй төрийн бус байгууллагаас (ТББ) үзүүлэх тусламжийн талаар зохион байгуулсан уулзалтад суужээ. Гэтэл тэр уулзалт улам бүр улс төрийн чанартай болж эхлэв. Тэгэхэд нь хоёр Гэрч тусламж авахын тулд хангах ёстой шаардлагыг хүлээж аваагүй. Тэндээс гарч явахад хүмүүс тэднийг шоолж, «Дараа нь бидэн дээр ирж гуйсан ч юу ч өгөхгүй шүү» гэжээ. Харин 2-хон долоо хоногийн дараа манай байгууллагын тусламж тэдэнд хүрч, хоол хүнсээр хангасан. ТББ-ын тусламж үүнээс нэлээд хожуу ирсэн байна.
Зимбабвед зохион байгуулсан тусламжийн ажил бас сайн гэрчлэл болсон. Жижиг тосгонд амьдардаг Прискад тохиолдсон явдлыг сонирхуулъя. Ган гачиг болон түүнээс улбаалсан бэрхшээлтэй учирсан ч тэрбээр лхагва, баасан гараг болгонд, газар хагалах улиралд ч дэлгэрүүлдэг байв. Тосгоныхон түүнийг шоолж «Чи дэлгэрүүлээд л байх юм. Гэр бүлийнхэн чинь турж үхнэ дээ» гэжээ. Приска: «Ехова үйлчлэгчдээ хэзээ ч орхидоггүй» гэж хариулжээ. Удалгүй тэрбээр байгууллагаасаа хоол хүнсний тусламж авчээ. Үүнийг харсан хөршүүд нь Прискад «Чиний Бурхан үнэхээр чамайг орхисонгүй. Энэ Бурхны тухай мэдмээр байна» гэж сэтгэл нь хөдлөн хэлжээ. Одоо түүний 7 хөрш радиогоор цацдаг цуглааны хөтөлбөрийг тогтмол сонсдог.
Төгсгөл ойртож байгаа учраас байгалийн гамшиг тасрахгүй (Матай 24:3, 7). Бид donate.pr418.com сайтад заасан аргаар хандив өргөдөг өгөөмөр та нартаа гүнээ талархдаг. Үүний ачаар итгэл нэгтнүүддээ цагт нь шаардлагатай тусламжийг үзүүлж чадна.