ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?
«Дайтах чимээ болон дайны сурагтай» үед тусламжийн бараа хүргэсэн нь
2022 ОНЫ 5-Р САРЫН 27
Өнөөгийн эцсийн өдрүүдэд бид «дайтах чимээ болон дайны сураг сонсох» нь гарцаагүй (Матай 24:6). Гэхдээ ах дүүс маань хэдийгээр дайнаас болж зовсон ч хэрэгтэй тусламжаа заавал авах болно. Зүүн Европ дахь итгэл нэгтнүүд маань Украины дайнд нэрвэгдсэн ах дүүстээ хэрхэн тусалж байгаа талаар «2022 оны Удирдах Зөвлөлийн тайлан мэдээ №3»-аас сонсоод бидний сэтгэл үнэхээр тайвширсан. Энэхүү тусламжийн барааг дайны халуун цэг рүү хэрхэн хүргэж байгаа вэ? Тусламж авсан Украины ах дүүст маань ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Юу хэрэгтэй вэ? Хэрхэн хүргэх вэ?
Украинд дайн эхэлсэн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Зохицуулагчдын хороо тэндхийн ах дүүстээ туслах зорилгоор төсөв баталсан юм. Украин салбар Гамшигт нэрвэгдэгсдэд туслах 27 хороогоороо дамжуулан орон нутгаас бараа худалдан авах, түгээх ажлыг яаралтай эхлүүлжээ.
Түүнээс гадна Еховагийн Гэрчүүдийн удирдах төвийнхөн Украины ах дүүст маань яг ямар тусламж хэрэгтэйг нэн даруй судалж эхэлсэн. Удирдах Зөвлөлийн дэргэдэх Зохицуулагчдын хороо болон Хэвлэлийн хороо Дэлхий дахины Хангамжийн хэлтэст энэ асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов. Үүний дагуу уг хэлтэс Украин, Польш салбарын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар болжээ. Тус салбарууд дахь Хангамжийн, Илгээх, Хуулийн хэлтсийн ах дүүс, Украин салбарын хорооны гишүүн, мөн Дэлхий дахины Хангамжийн хэлтсийнхэн өдөр бүр хуралдаж, тусламжийн ажлыг хэрхэн явуулах талаар зөвлөлдөж байлаа.
Дэлхий дахины Хангамжийн хэлтэст үйлчилдэг Жэй Свинни: «Эхлээд бид яг юу явуулахаа бодсон. Тэгээд Украины ах дүүсийнхээ хэрэглэж дассан хоол хүнс, ариун цэврийн бүтээгдэхүүнийг явуулахаар болсон. Гэхдээ юу явуулахаа шийдэхээс гадна дайн ид өрнөж байхад яаж аюулгүй, түргэн шуурхай хүргэх вэ гэдэг нь бас нэг том асуудал байлаа» гэжээ.
Украины ах дүүст маань юу хэрэгтэй гэдэг нь 3 дугаар сарын 9 гэхэд тодорхой болсон. Ингээд лаазалсан мах, загас, үр тариа, цагаан будаа, шош гэх мэтийн үндсэн нэр төрлийн хүнс мөн саван, ариун цэврийн цаас зэрэг бүтээгдэхүүнийг хайрцаглаж бэлэн болгов. Нэг хайрцаг бараа 65 долларын өртөгтэй байх бөгөөд нэг хүний дөрвөн 7 хоногийн хэрэгцээг хангахаар тооцоолжээ. Зохицуулагчдын хороо тусламж хэрэгтэй ах дүүс олон мянга байх магадлалтайг харгалзан үзэж их хэмжээний төсөв баталжээ. Гэтэл эдгээр бараа материалыг Украин дахь ах дүүстээ хэрхэн эрсдэл багатайгаар хүргэж өгөх вэ гэдэг асуудал тулгарлаа.
3 дугаар сарын 13-нд хоёр польш Гэрч Польш салбараас Украины Львов хотын ойролцоох агуулахад бараа хүргэх анхны туршилтыг хийв. Тэднийг явахаас өмнө Польш, Украин салбарын ах нар хэдэн өдрийн турш бэлтгэлээ базаахад нь тусалжээ. Польш салбарынхан хүмүүнлэгийн тусламжийн барааг хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, машин дээр нь тусламжийн бараа зөөж яваа гэсэн тэмдэг тавьжээ. Мөн тэд Украин дахь ах дүүсийнхээ тусламжтайгаар хамгийн дөт замыг сонгов. Ийнхүү сайтар бэлдсэнээс гадна Ехова ивээсэн учраас тусламжийн бараа Львовт саадгүй хүрчээ. Түүнээс хойш 24 цагийн дотор Украин дахь Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хороод тусламжийн бараагаа хүлээн авч чадсан юм. Хоёр ах маань ч Польш руугаа аюулгүй буцжээ.
Хэдийгээр анхны туршилт амжилттай болсон ч хүргэсэн барааны хэмжээ ганц тонн ч хүрэхгүй байлаа. Дахиад 200 тонн бараа материал нэвтрүүлэх шаардлагатай байв. Тийм их хэмжээний барааг яаж аль болох хурдан хүргэж, тараах вэ?
«Таны ард түмэн ... сайн дураараа үйлчлэх болно»
Дэлхий дахинд буй ах дүүс маань Украины дайнд нэрвэгдсэн итгэл нэгтнүүдийнхээ тухай jw.org-ийн мэдээнээс уншаад тэдэнд туслахыг хүсжээ. Еховагийн Гэрчүүдийн дэлхий дахины үйл хэрэгт зориулсан хандивын мөнгийг манай байгууллага хамгийн сайн аргаар зарцуулдгийг тэд мэддэг учраас дэлхийн өнцөг булан бүрээс мөнгөн хандив өргөсөн. Харин Украины хилийн ойролцоох бүс нутагт амьдардаг Гэрчүүд цаг зав, хүч хөрөнгөө зориулсан юм. Цөөн хэдэн жишээ дурдъя.
Тусламжийн ажилд сайн дураараа оролцсон Польш дахь итгэл нэгтнүүд маань хэдэн арван мянган хайрцаг тусламжийн барааг багцалж, хүүхдүүд зураг зурж, захиа бичжээ. Польш салбар дахь Хангамжийн хэлтэст үйлчилдэг Бартош Кошчелняк: «Би Дуулал 110:3-ыг зөндөө л уншиж байсан. Тэнд Еховагийн ард түмэн сайн дураараа үйлчилнэ гэж байдаг. Гэхдээ би одоо, ах дүүс маань хэдэн зуугаараа шууд хүрч ирээд тусламжийн ажилд сайн дураараа, хичээл зүтгэлтэй оролцож байгааг хараад энэ үг хэчнээн үнэн бэ гэдгийг биеэрээ мэдэрч байна» гэжээ.
Олон улсын тээвэр зуучийн компанид захирлаар ажилладаг нэг Гэрч тусламжийн ажилд зориулж ачааны машинуудаа хэрэглүүлсэн бөгөөд шаардлагатай түлш шатахуунаар бүрэн хангаж өгчээ. Тэрбээр: «Миний хувьд энэ нь Еховад болон ах дүүстээ хайраа илэрхийлэх боломж юм. Ингэж тусалж чадсандаа маш их баяртай байна» гэсэн юм. Хандивласан шатахууны хэмжээ 7 700 гаруй литр болсон байна. Мөн ах нар цаг, хүчээ зарцуулан 48 000 орчим километр замыг туулж хэрэгцээт тусламжийн барааг хүргэж өгчээ.
Ах дүүс маань сайн дураараа, хайрын сэтгэлээр шамдан ажилласан учраас тусламжийн бараа хүргэх анхны туршилт хийгдсэнээс хойш 15-хан хоногийн дотор буюу 3 дугаар сарын 28 гэхэд 100 тонн хүнс, ариун цэврийн бүтээгдэхүүн, эм тариаг Украинд хүргэж чаджээ! Түүнээс гадна өгөөмөр сэтгэлтэй итгэл нэгтнүүд болон ханган нийлүүлэгчдийн маань хандив тусламжийн ачаар энэ ажилд зарцуулахаар төсөвлөсөн мөнгө ихээхэн хэмнэгдсэн юм. Еховагийн Гэрчүүд одоогийн байдлаар 190 гаруй тонн тусламжийн барааг Украинд хүргээд байна. Тусламжийн багцыг аваад ах дүүст маань ямар сэтгэгдэл төрсөн бол?
«Та нарын хайрыг мэдэрсэн!»
Львовт ирсэн тусламжийн багцыг Украин дахь Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хороод орон даяар, тэр дундаа 1 300 километрийн цаана амьдардаг ах дүүстээ ч хүргэж өгчээ. Тэд аль болох хурдан шуурхай ажиллахыг хичээж байсан ч нүсэр ажил учраас цаг их орсон юм. a
Украин Салбарын хорооны гишүүн Маркус Райнхардт: «Энэ хэцүү цагт ах дүүс маань Еховагийн хайрыг шууд л мэдэрсэн. Энгийн үед ч Еховагийн байгууллагын өгсөн зааврыг нягт нямбай дагах нь хэчнээн чухал байдгийг ойлгосон. Жишээлбэл хэдэн 7 хоногийн хүнс, ус гэр гэртээ нөөцлөөрэй гэсэн зааврыг байгууллагаас өгсөн байсан юм. Энэ зааврыг дагасан, Киевт ахлагчаар үйлчилдэг Антон: “Еховагийн байгууллага биднийг хүнд хэцүү үед бэлдэж байжээ. Үүнд үнэхээр их талархаж байна. Хоол хүнс, ундны ус, радио бэлдсэн маань аминд орсон шүү” гэсэн юм. Зааврыг дагасан ах дүүстээ салбарынхан маш их талархаж байна. Учир нь тусламжийн багцыг хүмүүсийн гар дээр хүргэх хүртэл цаг их орсон» гэж ярьжээ.
Тусламж ирэхэд ах дүүст маань ямар санагдсан бол? Харьковт оршин суудаг Микола Зинаида хоёр: «Бидэнд санаа тавьж байгаад үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Хоол хүнс, эм тариа өгсөнд маш их баярлалаа. Энэ бүхнээс Еховагийн мутар тодорхой харагдаж байна» хэмээн сэтгэлээ илэрхийлжээ. Мөнхүү хотод амьдардаг Валентина: «Дайн эхэлсэн цагаас л хүмүүс хүнсний бүтээгдэхүүн авах гэж урт дараалал үүсгэн зогсдог болсон учраас бидний хувьд юм худалдаж авна гэдэг бүтэшгүй зүйл. Харин Ехова энэ байдлыг маань хараад ах нараар дамжуулж бидэнд тусламж өгчээ. Хайрцагт яг хэрэгтэй юмнууд байсан. Ямар ч найдваргүй юм шиг санагдсан ийм хэцүү үед ч Ехова болон байгууллагынх нь үзүүлж байгаа онцгой халамжийг мэдэрлээ. Цагаа олсон, зайлшгүй хэрэгтэй тусламжийг аваад хөл газар хүрэхгүй байна» гэжээ.
Мариуполоос дүрвэн зугтсан Евхен Ирина Микита гурав: «Манай гэр бүлд санаа тавьж, тусламж дэмжлэг үзүүлсэн та нартаа маш их баярлалаа. Үнэхээр цагаа олсон тусламж байсан шүү. Эхлээд бид энэ хайрцагнуудад зөвхөн бараа бүтээгдэхүүн байгаа л гэж бодсон. Гэхдээ онгойлгож үзээд та нарын хайрыг мэдэрсэн!» гэж хэлжээ.
«Дайтах чимээ болон дайны сурагтай» энэ үед Ехова ард түмэндээ агуу хүчээрээ удирдамж заавар өгч, тусламжийн ажилд оролцуулж байгааг та харж байгаа нь дамжиггүй. Мөн энэ ажил амжилттай болоход дэлхий дахины үйл хэрэгт зориулж таны өгөөмөр сэтгэлээр өгсөн хандив их тус болсон. Олон хүн donate.pr418.com-оор хандив өргөсөөр байна. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэндээ талархъя!
Тусламжийн барааг шуурхай, эрсдэлгүй хүргэсэн нь
2022 оны 2-р сарын 24: Зохицуулагчдын хороо Украины ах дүүстээ туслах ажлын төсвийг баталж, Украин салбар тусламжийн ажлыг эхлүүлэв
2022 оны 2-р сарын 24-нөөс 3-р сарын 8: Украин салбар орон нутгаасаа бараа материал худалдан авч, тараах ажлыг Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хороодоор дамжуулан хийж эхлэв. Түүнчлэн Польшоос тусламжийн барааг хүлээн авах, тараах ажилд бэлдэв
2022 оны 3-р сарын 9: Зохицуулагчдын хороо Украинд хүмүүнлэгийн тусламж хүргэхийг зөвшөөрөв
2022 оны 3-р сарын 10–12: Польшоос Украины Львовт тусламжийн бараа хүргэх туршилтын ажлын төлөвлөгөөг гаргав
2022 оны 3-р сарын 13: Тусламжийн барааг Польшоос Украины Львовт хүргэв
2022 оны 3-р сарын 14–16: Польшийн Познань хотын ойролцоох чуулганы танхимд Орон нутгийн барилга төлөвлөлтийнхөн хоол хүнс, ариун цэврийн бүтээгдэхүүнийг багцлах ажлыг зохион байгуулав
2022 оны 3-р сарын 17: Тусламжийн барааг туршилтын журмаар хүргэх ажил амжилттай болсноос хойш 4 хоногийн дараа 13 тонн тусламжийн багцыг Украины хил рүү тээвэрлэж эхлэв
2022 оны 3-р сарын 21–27: Бусад барааг Польшид цуглуулж хайрцаглаад Украин руу хүргэсэн бөгөөд 24 цагийн дотор шаардлагатай газруудад тараав
2022 оны 3-р сарын 28: Зохицуулагчдын хорооноос зөвшөөрөл авснаас хойш 20 хоногийн дотор 100 тонн хоол хүнс, ариун цэврийн бүтээгдэхүүн, эм тариаг Украинд хүргэв
Еховагийн Гэрчүүд одоогийн байдлаар 190 гаруй тонн тусламжийн барааг Украинд хүргээд байна.
a Энэхүү тусламж хэрхэн хүрснийг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл «Brothers Courageously Deliver Aid, Rescue Others in Ukrainian War Zone» өгүүллийг уншаарай.