ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?
Дэлхийн өнцөг булан бүрээс Гилеад сургууль руу
2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1
Нью-Йорк мужийн Паттерсон дахь Харуулын Цамхаг Нийгэмлэгийн сургалтын төвд «Гилеад» Библийн сургууль хичээллэдэг. a Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс тусгай бүрэн цагийн үйлчлэгчид энэ сургуулийг зорьдог. Тэд Еховагийн байгууллагаас авсан үүрэг даалгавраа илүү сайн биелүүлэхэд суралцдаг. Төгсөөд дэлхий дахинд буй хурал, салбарыг батжуулдаг.
Гилеад бол үнэхээр олон улсын сургууль. Тухайлбал 2019 онд хичээллэсэн 147 дахь ангид суралцсан 56 сурагч 29 улс орноос иржээ. Уг сургуулийн төгсгөгчид бетелчин, дүүрэг хариуцагч, миссионер, тусгай эхлэгч зэрэг бүрэн цагийн үйлчлэгчид.
Хичээл эхлэхээс бүр өмнө бэлтгэл ажил эхэлнэ. Үүнд байгууллагын төв дэх Аялалын хэлтэс сурагчдын онгоцны тийзийг авах ажил ордог. 147 дахь ангийн нэг сурагчийн замын зардал хоёр талдаа дунджаар 1 075 ам.доллар болжээ. Соломоны арлуудын сурагчид бууж сууж дамжсаар хоёр талдаа нийт 7 удаа нисжээ. Тэд нийт 35 400 гаруй км зам туулсан байна. Нэг хүний тийзийн үнэ 2 300 ам.доллар болжээ. Байгууллагын төв дэх Аялалын хэлтэс мөнгө хэмнэхийн тулд тийз захиалдаг компьютерын программыг ашиглан хямд билет хайдаг. Тэгээд хямд билет захиалсны дараа ч уг программ хэдэн долоо хоног, хэдэн сарын турш бүр хямд тийз гарч ирэх эсэхийг шалгадаг. Мөн хүмүүсийн хандивласан миль карт болон ваучер хэрэглэн билет авдаг.
Олон сурагч АНУ-д нэвтрэхэд виз авах шаардлагатай байдаг. Иймээс байгууллагын төв дэх Хуулийн хэлтэс тэдэнд тусалдаг. Нэг хүний виз болон бүртгэлийн хураамж дунджаар 510 ам.доллар байдаг.
Тэднийг сургах нь ямар ач тустай байдаг вэ? Зүүн Өмнөд Азийн нэг улсад ахлагчаар үйлчилдэг Хендра Гунаваны хуралд Гилеад төгссөн хос байдаг. Тэрбээр: «Манай хурал өмнө нь байнгын эхлэгчгүй байлаа. Гэхдээ Гилеад сургуулийг дүүргэсэн идэвх зүтгэлтэй хос ирснээс хойш хүмүүс тэднийг дуурайж эхлэгчээр үйлчилдэг болсон. Нэг эхлэгч Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд явсан!» гэж ярьжээ.
Зүүн Өмнөд Азийн нэг Бетелд Гилеад сургуулийг дүүргэгчидтэй хамт ажилладаг Сергио Панжайтан ийн ярьж байна. «Гилеад сургуульд сурсан нь зөвхөн тэдэнд биш, бидэнд ч ач тустай байдаг. Тэд ихийг сурсан ч хамраа сөхөлгүй сурсан мэдсэнээ бидэнтэй хуваалцдаг. Тэд биднийг урамшуулж, бид бусдыгаа урамшуулдаг».
Энэ сургуулийн зардлыг хаанаас гаргадаг вэ? Дэлхий дахины үйл ажиллагаанд зориулсан хандивын мөнгөнөөс гаргадаг. Олон хүн donate.pr418.com сайт дахь аргуудын аль нэгээр уг хандивыг өргөдөг. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэнд талархъя.
a Уг сургуулийн хөтөлбөрийг Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийн Сургалтын хорооны харьяа Сургууль хариуцсан хэлтэс боловсруулдаг. Энэ хэлтсийн эрчүүдээс гадна Удирдах Зөвлөлийн гишүүд зэрэг зочин багш нар хичээл заадаг.