ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?
Миссионерууд дэлхий даяар дэлгэрүүлж байна
2021 ОНЫ 6-Р САРЫН 1
Есүс шавь нартаа «Та нар намайг ... дэлхий даяар гэрчилнэ» гэж хэлсэн (Үйлс 1:8). Өнөө үед Еховагийн Гэрчүүд энэ даалгаврыг хичээл зүтгэлтэй биелүүлж байна. Гэхдээ дэлхийн зарим хэсэгт, тухайлбал, хүн ам шигүү суурьшсан том хотуудад сайн мэдээг сонсож амжаагүй хүн олон. Бас зарим оронд Гэрчүүд харьцангуй цөөн байна (Матай 9:37, 38). Сайн мэдээг аль болох олон хүнд хүргэхийн тулд юу хийж байна вэ?
Есүсийн энэ тушаалыг биелүүлэхийн тулд Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийн Үйлчлэлийн хороо хэрэгцээтэй газруудад миссионеруудыг илгээдэг. Одоогоор, дэлхий даяар 3 090 миссионер үйлчилж байна. a Тэдний ихэнх нь Сайн мэдээ тунхаглагчийн сургууль гэх зэрэг Библийн сургуулийг дүүргэсэн байдаг. Миссионерууд гэр орноо орхиод харийн нутагт үйлчлэхээр дуртайяа явдаг. Төлөвшсөн, мэдлэгтэй, туршлагатай, үнэнч миссионерууд сайн мэдээг түгээхээс гадна Есүсийн шинэ дагалдагчдад үлгэр дуурайл болдог.
Миссионеруудад туслах нь бусдад тустай
Салбар бүрийн Үйлчлэлийн хэлтэст Талбайн үйлчлэгчдийн тасаг гэж байдаг. Энэ тасаг нь салбарын хороотой хамтран ажиллаж орон сууц, эрүүл мэнд, амьжиргаанд нь зориулж миссионеруудад бага хэмжээний тэтгэмж олгодог. 2020 оны үйлчлэлийн жилд тэдний хэрэгцээг хангахад бараг 27 сая доллар зарцуулсан. Үүний ачаар миссионерууд маань дэлгэрүүлэх, хурлыг батжуулахад хамаг хүч, анхаарлаа хандуулж чадсан юм.
Миссионерууд дэлгэрүүлэх ажилд хэр их хувь нэмэр оруулдаг вэ? Малави салбарын хорооны гишүүн Фрэнк Мадсен: «Зоригтой, чадварлаг миссионеруудын ачаар хурлууд харуул хамгаалалттай хотхон юм уу гадаадын иргэд амьдардаг хороолол гэх мэтийн хэцүү хэсгүүдэд дэлгэрүүлэх ажлыг эхлүүлж чадсан. Түүнээс гадна тэднийг нутгийн хэл, ёс заншилд хичээнгүйлэн суралцаж байгааг хурлынхан нь хараад урамшин зоригждог. Мөн охид хөвгүүд Еховад бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэй болдог. Ийм чадварлаг миссионеруудыг илгээсэн Еховад талархаж байна» гэжээ.
Бас нэг улсын Салбарын хорооны гишүүн: «Еховагийн ард түмэн дэлхий даяараа эв нэгдэлтэй байдгийн жишээг миссионеруудаас харж болно. Хэл соёлоороо хуваагддаггүй, харин Библийн сургаалын ачаар ахан дүүсийн барилдлагад нэгдсэн маань Гэрч биш хүмүүст ч тодорхой харагддаг» гэж хэлсэн юм.
Миссионерууд тухайн нутгийн дэлгэрүүлэгчдэд хэрхэн тусалдаг вэ? Зүүн Тиморт амьдардаг Пауло гэдэг Гэрч эрэгтэй хурлынхаа миссионер хосод талархаж явдаг аж. Тэрбээр: «Манай энд маш халуун. Миссионерууд маань хүйтэн газраас ирсэн мөртлөө цаг агаараас болж дэлгэрүүлэх ажлаа хэзээ ч зогсоож байгаагүй. Өглөө бүр дэлгэрүүлэх ажлын цуглаанд ирдэг. Үдийн халуунаар, мөн орой ч гэсэн давтан уулзалт хийгээд явж байхыг нь би олон удаа харсан. Тэр хоёроос үнэнийг мэдэж авсан олон хүний нэг нь би юм. Урам зориг, хичээл зүтгэлтэйгээр бүх амьдралаа Еховад зориулж байгаа тэднийг хараад манай хурлынхан бас илүү идэвхтэй үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй болсон» гэж ярьжээ.
Кетти Малавид байнгын эхлэгчээр үйлчилдэг. Миссионер эхнэр нөхөр хоёр гэрийнхэнд нь хэрхэн тусалсан талаар тэрбээр ярихдаа: «Тэр хоёрыг манай хуралд томилогдон ирэх үед би гэрээсээ ганцаараа Гэрч байлаа. Тэд надад туслаад зогсохгүй манай гэрийнхэнтэй их дотно болсон. Еховад үйлчилбэл аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардгийг хүүхдүүд маань тэдний жишээнээс ойлгосон юм. Миссионерууд сайнаар нөлөөлсөн учраас гурван охин маань байнгын эхлэгчээр үйлчилж, нөхөр маань цуглаанд явдаг болсон» гэжээ.
Миссионеруудын хэрэгцээний зардал хаанаас гардаг вэ? Дэлхий дахины үйл хэрэгт зориулсан сайн дурын хандиваас. Ихэнх хандивыг хүмүүс donate.pr418.com сайтад заасны дагуу өргөдөг. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэндээ талархаж байна.
a Эдгээр миссионер хэрэгцээ ихтэй хурлуудад томилогдсон. Тэднээс гадна 1 001 миссионер явуулын ажилд оролцож байна.