Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

«Сайн мэдээ ба Есүсийн амьдрал»—Хөшигний ард

«Сайн мэдээ ба Есүсийн амьдрал»—Хөшигний ард

2024 ОНЫ 10 САРЫН 1

 «Сайн мэдээ ба Есүсийн амьдрал» киноны нэгдүгээр анги энэ жил гарахыг Еховагийн Гэрчүүд бид тэсэн ядан хүлээсэн. Энэ нь 18 анги бүхий киноны зөвхөн эхнийх нь бөгөөд сая сая хүн аль хэдийнээ хүлээн авч үзээд байгаа билээ. Үүнийг хийхийн тулд итгэл нэгтнүүд маань маш их хүчин чармайлт гаргаж байгаагийн зэрэгцээ та бүхний дэмжлэг ч ихээхэн тус дэм болж байна.

Жүжигчид болон зураг авалтын багийнханд санаа тавих

 «Сайн мэдээ ба Есүсийн амьдрал» цуврал киноны ихэнх хэсэг Австралазийн салбарт хийгдэж байгаа. Нэг удаагийн зураг авалтад 50–80 орчим хүн оролцдог. a Зураг авалтад оролцож буй бүх хүний хоол хүнсийг урьдчилан төлөвлөж, өдөр оройн хоол, хөнгөн зуушаар хангадаг. Хүнс хариуцсан хэлтэст ажилладаг Естер: «Чанартай хоол хүнсийг боломжийн үнээр худалдан авахын тулд олон газраас сонголт хийдэг. Мөн аль болох хаягдал гаргахгүйн тулд жорыг нь байнга өөрчилдөг» гэжээ. Нэг хүний хүнсэнд өдөрт ойролцоогоор 4 ам.доллар зарцуулж байгаа.

 Зураг авалтад оролцож буй хүмүүсийг хоол хүнсээр хангахаас гадна, хамгаалах хэрэгтэй болдог. Юунаас тэр вэ? Нарлаг Австралийн ихэнх өдрүүд дулаан цэлмэг байх нь сайхан ч, хэт ягаан туяаны хэмжээ өндөр. Хэт их халж наршихаас хамгаалахын тулд туслах ажилчид майхан болон сэрүүцүүлэх цэгүүд барьж, нарны тос, халхавч, ус зэргийг хангалттай бэлддэг. Аудио видео оффист ажилдаг Кевин: «Туслах ажлыг ихэнхдээ гаднаас ирж Бетелд үйлчилдэг ах дүүс маань гүйцэтгэдэг. Ийм туслах ажил болон шаардлагатай бусад ажлуудыг тэд маань даруухнаар, баяр хөөртэй хийдэг. Тэдэнгүйгээр ийм том төслийн ард гарах боломжгүй» хэмээн ярьжээ.

Хөдөө хээр зураг авалт хийх

 Зарим хэсгийн зураг авалтыг салбарын студи юм уу гаднах талбайд хийх аргагүй байдаг болохоор өөр газар хийх шаардлага гардаг. Жишээ нь, Библи бичигдсэн үеийг дэлгэцэд амилуулахын тулд цахилгааны шугамгүй, засмал замгүй, орчин үеийн барилга байшингүй газар очих хэрэгтэй. Тиймээс, жүжигчид болон арын албаныхан хол зам туулан хөдөө хээр явах болдог. Хувцас хунар, туслах хэрэгслүүд, тоног төхөөрөмж гээд бүгдийг нь ачиж зөөх хэрэг гарна. Тэдгээрийг зураг авалт хийх газраа байрлуулахын зэрэгцээ, төсөл хариуцагчийн туслахууд нь цахилгаан үүсгэвэр, цэвэр ус, бие засах газар зэргийг бэлэн байлгах үүрэг хүлээдэг. Жүжигчид болон зураг авалтын багийнхан аяллын чиргүүл, зочид буудал, тухайн нутгийн Гэрчүүдийн гэр, түрээсийн сууц зэрэгт байрладаг.

Студиэс өөр газар зураг авалт хийхэд янз бүрийн хүндрэл, бэрхшээл тохиолддог.

 Хол явж зураг авалт хийхэд өртөг зардал өндөр, цаг хугацаа их орохоос гадна оролцож байгаа хүмүүст хүндрэлтэй байдаг. Тиймээс 2023 онд Удирдах Зөвлөл зураг авалтын орчинг бодит мэт харагдуулах дэлгэц худалдан авах шийдвэрийг зөвшөөрсөн бөгөөд үүнд 2.5 сая ам.доллар зарцуулжээ. Энэхүү шинэ технологи нь өндөр нягтрал бүхий дэлгэц болон нарийн тохируулсан гэрэлтүүлгийн тусламжтайгаар зураг авалтын орчинг бодит мэт харагдуулдаг. Ингэж хөдөө хээр хийгддэг зураг авалтын өндөр өртгийг хэмнэх болсон. Австралазийн салбарын хорооны гишүүн Даррен: «Энэ дэлгэцийн ачаар кино, видео хийхдээ тухайн дүрсийг олон дахин авах боломжтой болсны дээр жүжигчдийн ажил харьцангуй хөнгөрсөн. Жишээ нь, нар жаргаж байгаа мөчийг дэлгэцэд үлдээе гэвэл зураг авалтаа хэдхэн минутын дотор багтаах хэрэгтэй болдог. Харин видео хананы тусламжтайгаар тухайн дүрсийг дахин дахин бий болгож, чанартай зураг авалт хийж чаддаг болсон» гэжээ.

Зураг авалтын өмнө шинээр суулгасан видео ханын тохиргоог шалгаж байна.

«Хүч хөдөлмөрөө харамгүй зориулахаас яах вэ!»

 «Сайн мэдээ ба Есүсийн амьдрал» цуврал киноны зураг авалт хийгдэхэд анги болгонд хэдэн зуун жүжигчид болон түүнээс илүү олон тооны арын албаныхан ажиллах хэрэгтэй болдог. Ажиллах нөхцөлийг нь таатай байлгахын тулд хүчин чармайлт гаргадаг итгэл нэгтнүүддээ тэд маань талархаж явдаг.

 Уг төсөлд оролцохын тулд Амбер Мельбурнаас 700 км зам туулан иржээ. Тэрээр ийнхүү бичсэн байна. «Онгоцноос буув уу үгүй юу л Бетелийн ах дүүсийнхээ хайранд умбаж эхэлсэн. Олон бетелчин намайг цай, хоолонд урьдаг байлаа. Зураг авалтын үеэр бүгд л намайг тав тухтай байлгах гэж хичээж, санаа тавьж байсан. Аялал маань үнэхээр ивээлээр дүүрэн байв. Ийм сайхан ажилд хүч хөдөлмөрөө харамгүй зориулахаас яах вэ!»

 Кино хариуцсан багт ажилладаг Дерек: «Ажил эхлэхээс авхуулаад л бусад олон хэлтсийнхэн биднийг дэмжин тусалж байсан. Энэ ажлыг амжуулахад цаг зав, хөрөнгө мөнгө, хүч чадлаа зориулсан итгэл нэгтнүүддээ би үнэхээр баярлаж явдаг. Тэд маань сайхан сэтгэлтэй, идэвх зүтгэлтэй, хэзээд туслахад бэлэн байдаг. Ехова зөвхөн үр дүнг биш аливаа ажлыг хэрхэн хийж гүйцэтгэж байгааг бас анхаардаг гэдгийг би ойлгосон. Бурхан маань бид бүгдийг ивээж байсан нь тодорхой» хэмээн ярьжээ.

 Энэ цуврал киног хийх ажилд donate.pr418.com сайт болон бусад аргаар хандив өргөж, дэмжлэг үзүүлж буй та нартаа гүн талархал дэвшүүлье!

a Австрали болон Өмнөд Номхон далайн зарим улс гэх мэт олон оронд явагдаж буй ажлыг Австралазийн салбар хариуцдаг. Тус салбар нь Австралийн Сидней хотын захад байрладаг.