ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?
Сая сая хүнд ач тусаа өгч буй Орчуулгын алслагдсан оффисууд
2021 ОНЫ 3-Р САРЫН 1
Манай орчуулгын багуудын 60 гаруй хувь нь салбаруудад биш, орчуулгын алслагдсан оффист (RTO) ажилладаг. Энэ нь ямар давуу талтай вэ? Орчуулгын ажлаа сайн хийхэд нь орчуулагчдад ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг вэ? Орчуулгын баг тухайн хэлнийхээ орчинд ажиллах нь орчуулгын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?
RTO-г ихэнхдээ тухайн хэлний орчинд байгуулдаг. Доод герман хэлний багийн орчуулагч Карин: «Бид Мексикийн Чуауагийн Куатемок дахь RTO-д нүүж ирснээсээ хойш хоорондоо ярихдаа, дэлгэрүүлэхдээ, дэлгүүр хоршоо орохдоо ч дандаа доод герман хэлээр ярьж байгаа. Төрөлх хэлээр маань ярьдаг хүмүүсийн дунд ороод ирсэн чинь сонсоогүй удсан үг хэллэг их сонсогдож байна. Бас үгийн баялаг ч нэмэгдэж байгаа» гэж ярьжээ.
Гана дахь фрафра хэлний орчуулгын багт ажилладаг Жеймс салбарын ах дүү нараа хааяа санадаг гэнэ. Гэхдээ тэрбээр: «Би RTO-доо ажиллах дуртай. Фрафра хэлээр дэлгэрүүлээд, хүмүүс нааштай хүлээж авч байгааг харахаар их сайхан байдаг» гэжээ.
Ах дүүс маань RTO-г хаана байгуулахаа яаж шийддэг вэ? «RTO-г байгуулахад ус, цахилгааны асуудалгүй газар олох нь нэлээд төвөгтэй байдаг. Бас интернэтийн сүлжээ барьдаг газар байх хэрэгтэй. Тэгж байж л орчуулах материалаа татаж авч чадна шүү дээ. Тийм учраас нэлээн хэдэн хувилбар гаргаад, хамгийн тохиромжтойг нь сонгодог» гэж дэлхий дахины барилга төлөвлөлтийн хэлтэст (АНУ-ын Нью-Йоркийн Уорвик) ажилладаг Жосеф ярьсан юм.
Ер нь цуглаан, чуулганы танхим юм уу миссионерын байранд RTO-г байгуулах нь цаг, мөнгө хэмнэх хамгийн сайн арга юм. Орчуулагчид ирж очиход амар байна. Хэрэв ийм боломж байхгүй бол орон сууц юм уу оффисын талбай худалдаж авдаг бөгөөд орчуулагчид тэндээ ажиллаж амьдардаг. Орчуулгын багийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдвөл тэр байрыг зарж, мөнгийг нь илүү их хэрэгтэй зүйлд зарцуулж болно.
Иж бүрэн тоноглогдсон оффис
Манай байгууллага 2020 оны үйлчлэлийн жилд RTO-гийн үйл ажиллагаанд зориулж 13 сая ам.доллар зарцуулсан. Орчуулгын ажлыг хийхэд компьютер, тусгай программ хангамж, аудио бичлэгийн хэрэгсэл, интернэтийн сүлжээ болон үндсэн тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байдаг. Жишээ нь, нэг орчуулагчид оногдох компьютер ба дагалдах хэрэгсэл нь дунджаар 750 ам.доллар болдог. Мөн компьютер бүрд янз бүрийн программ суулгадаг. Үүний дотор орчуулах ажлыг нарийн төлөвлөх болон лавлах материалыг хурдан хайж олоход тустай Watchtower Translation System программ ордог.
Орчуулагчдыг оффистоо бичлэг хийхэд нь зориулж аудио бичлэгийн хэрэгслээр иж бүрэн хангадаг. КОВИД-19 цар тахал эхлэхэд эдгээр төхөөрөмжийн хэрэг ч гарсан шүү. Учир нь олон орчуулагч аудио бичлэгийн хэрэгслээ гэртээ авч очоод, ажлаа саадгүй үргэлжлүүлж чадсан юм.
RTO-д сайн дураараа тусалдаг нутгийн Гэрчүүд ном хэвлэлийн орчуулга ямар болсныг хянахын зэрэгцээ оффисын байранд засвар үйлчилгээ хийдэг. Өмнөд Африкийн Кэйп Таун дахь африканс хэлний RTO-д ажилладаг Кирстин: «Дэлгэрүүлэгч, байнгын эхлэгчдэд энд ирж авьяас чадвараа зориулах сайхан боломж бий» гэж хэлсэн.
Ах дүүс маань сайн дураараа үйлчлэх завшаанаа өндөр үнэлдэг. RTO-д гаднаас ирж тусалдаг нэгэн Гэрч эмэгтэй: «Энд ажиллах нь яг л цэвэр агаар амьсгалахтай адил» гэж хэлсэн. Бас нутгийн ах дүүс аудио, видеонд дуу оруулдаг. Мексикийн Веракруз муж дахь тотонак хэлний багийн орчуулагч Хуана: «Тотонак хэлтнүүдийн нутагт ирсэн чинь аудио, видеонд дуу оруулах ах эгч нарыг олоход илүү дөхөм болсон» гэжээ.
RTO байгуулагдсанаар орчуулгын чанар сайжирсан болов уу? Сая сая уншигчид: «Сайжирсан» гэдэг. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын конго хэлний багт ажилладаг Седрик: «Урьд нь манай ном хэвлэлийн орчуулга жирийн конгочуудын ярьдаг хэлнээс эрс ялгарч байсан болохоор зарим ах эгч нар “Харуулын цамхгийн конго хэл” гэж өөр хоорондоо тоглоом шоглоом болгон ярьдаг байсан» гэжээ. Харин одоо ойлгоход хялбар, орчин цагийн хэлээр гарч байгаа учраас тэд маань сэтгэл өндөр байгаа аж.
Өмнөд Африк дахь коса хэлний багт ажилладаг Андилэ бас дээрхтэй төстэй зүйлийг сонсдог байв. Тэрбээр: «Манай ном хэвлэлийн орчуулга үнэхээр сайжирсан гэж олон хүн ярих болсон. “Харуулын цамхаг” сэтгүүлийг англиар уншдаг байсан хүүхдүүд хүртэл одоо коса хэлээрээ уншиж байгаа. Тэд маань ялангуяа шинэчлэгдсэн “Шинэ ертөнц орчуулга”-ыг энгийн, ойлгомжтой болохоор нь унших их дуртай байдаг» гэж ярьсан юм.
Орчуулгын алслагдсан оффисуудыг үүсгэн байгуулж, засаж тордож, иж бүрэн тоноглох бүхий л ажил дэлхий дахины үйл хэрэгт зориулсан сайн дурын хандиваар, тэр дундаа, donate.pr418.com сайтаар дамжуулан өргөсөн хандиваар санхүүждэг.