Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Цар тахлаас өмнөх барилгын ажил

Цар тахлаас өмнөх барилгын ажил

2020 ОНЫ 11-Р САРЫН 1

 Жил бүр хэдэн зуун мянган хүн баптисм хүртдэг тул Еховаг шүтэхэд зориулсан барилга байгууламж улам бүр хэрэгтэй болоод байна. Тиймээс 2020 оны үйлчлэлийн жилд Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтэс дэлхий даяар 2700 гаруй шүтлэгтэй холбоотой барилга байгууламжийг барих юм уу засварлах төлөвлөгөөтэй байсан. a

 Харамсалтай нь КОВИД-19 цар тахлын улмаас энэ төлөвлөгөөг бүрэн биелүүлэх боломжгүй болсон. Ах дүүсээ хамгаалж, засгийн газрын удирдамжийг дагаж мөрдөхийн тулд Удирдах Зөвлөлийн Хэвлэлийн хороо барилга барих ажлын дийлэнхийг түр зогсоохоор шийдсэн. Гэхдээ 2019 оны 9-р сараас цар тахал эхлэх хүртэлх хугацаанд 1700 гаруй шүтлэгийн газрыг барих юм уу засварлаж амжсан. Мөн салбарын барилга байгууламжтай холбоотой 100 гаруй төсөл хэрэгжсэн. Үүний 2 төсөл хэрхэн хэрэгжиж ах дүүс маань ач тус хүртсэнийг ярилцъя.

 Камерун салбар. Дуалагийн салбарын хуучин барилга жижигхэн байснаас гадна маш их засвар хийх шаардлагатай байв. Засварын зардал нь хуучин барилгын үнээс ч илүү болохыг Хэвлэлийн Хороо тооцоолжээ. Тэдэнд газар худалдаж аваад салбарын шинэ барилга барих эсвэл ямар нэгэн барилга худалдаж аваад засварлахын аль нэгийг сонгох боломж байв. Гэхдээ нөхцөл байдлыг тооцож үзсэн чинь алийг нь ч хэрэгжүүлэх боломжгүй байлаа.

 Энэ үед итгэл нэгтнүүд маань Дуалагаас хойд зүгт байдаг чуулганы танхимын ойролцоо засмал зам тавих тухай засгийн газар шийдвэр гаргасныг сонсжээ. Энэ нь замтай ч болно, харилцаа холбоотой ч болно гэсэн үг. Яг л хэрэгтэй зүйл байв. Тийм учраас Удирдах Зөвлөл чуулганы танхимын хажуудах сул талбайг ашиглан салбарын шинэ барилга барихыг зөвшөөрсөн.

Ах дүүс маань Камерун салбарын барилгын ажилд тусалж байна

 Тус барилга дээр Гэрчүүд гадны барилгачидтай хамтран ажилласан. Тиймээс цагаа ч хэмнэсэн, зардал нь ч анх төлөвлөснөөс 2 сая ам.доллараар багассан. Бетелийн гэр бүлийнхэн КОВИД-19 цар тахал эхлэхээс өмнөхөн шинэ байрандаа нүүж орсон.

Камерун салбарын барилгын ажил КОВИД-19 цар тахал эхлэхээс өмнө дууссан

 Камеруны бетелчдийн амьдрах, ажиллах нөхцөл сайжирсан. Тэд салбарын шинэ байшинг Ехова бэлэг болгон өглөө гээд бөөн баяр болсон. Нэг хос: «Ийм сайхан бэлэг авсан бид илүү их хичээл зүтгэлтэй ажиллана даа» гэсэн.

Ах дүүс маань цар тахал эхлэхээс өмнө шинэхэн оффистоо нүүж очоод ажиллаж байна

 Мексик дахь тохолабал хэлний орчуулгын алслагдсан оффис. Тохолабал хэлний орчуулагчид Мехико хотын ойролцоо байдаг Төв Америк салбарт олон жил ажилласан. Гэхдээ энэ хэлээр ярьдаг хүмүүс салбараас бараг 1000 км-ийн зайд орших Алтамирано болон Лас Маргаритад амьдардаг. Тиймээс энэ хэл яаж өөрчлөгдөж байгааг мэдэхэд орчуулагчдад хэцүү байв. Түүнчлэн орчуулагч, дуу оруулагчийг олох амаргүй байсан.

Итгэл нэгтнүүд маань орчуулгын алслагдсан оффис барих ажилд тусалж байна

 Тиймээс Удирдах Зөвлөлийн Зохиогчийн Хороо орчуулагчдыг тус хэлээр нь ярьдаг хүмүүстэй ойр байлгахаар шийдэв. Тэгээд Мексик салбар тохиромжтой байр худалдаж аваад засвар хийсэн нь байр түрээслэх юм уу барихаас хамаагүй хямд туссан.

 Нэг орчуулагч ямар ач тустай байсныг ийнхүү ярьсан. «Би 10 жил салбарт ажиллахдаа тохолабал хэлээр ярьдаг нэг ч гэр бүлтэй учирч байгаагүй. Одоо манай хэлээр ярьдаг хүмүүс эргэн тойронд маань байдаг. Би тэдэнтэй өдөр болгон ярилцдаг. Үгний баялаг нэмэгдэж ажлаа илүү сайн хийж байна».

Засварын ажил эхлэхээс өмнөх ба дууссаны дараах тохолабал хэлний орчуулгын оффис

2021 оны үйлчлэлийн жилийн төлөвлөгөө

 2021 оны үйлчлэлийн жилд боломж нь бүрдэх юм бол 75 орчуулгын алслагдсан оффис болон Библийн сургуулийн барилгуудыг засварлах юм уу шинээр барихаар төлөвлөж байна. Мөн 8 салбарын том ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Жишээлбэл байгууллагын төвийн шинэ барилга байгууламжийг Нью-Йоркийн Рамапод барих болон Аргентин, Итали салбарыг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажил юм. Түүнчлэн цаашдаа ч 1000 гаруй цуглааны танхим барьж, 4000 танхимыг засварлах шаардлагатай байна. Мөн одоо ашиглаж байгаа 6000 гаруй шүтлэгийн танхим шаардлага хангахаа больсон.

 Энэ бүх барилгын ажил хэрхэн санхүүждэг вэ? Төв Америк салбарын хорооны гишүүн Лазаро Гонзалес тохолабал хэлний орчуулгын алслагдсан оффисыг барих төслийн тухай ярихдаа энэ асуултад хариулсан. «Манай салбарт харьяалагддаг хурлууд боломж бололцоо муутай. Тиймээс дэлхий даяарх итгэл нэгтнүүдийн тусламжгүйгээр цөөхөн хүн ярьдаг хэлний орчуулгын оффис барих боломжгүй. Гэхдээ олон улсын ах дүүсийнхээ өргөдөг хандивын ачаар орчуулагчдыг тухайн хэлээр ярьдаг хүмүүстэй ойртуулсан. Өгөөмөр сэтгэлээр тус дэм болдог бүх ах дүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна». Тийм ээ, дэлхий дахины үйл хэрэгт зориулж өргөдөг хандивын ачаар барилгын ажил урагшилсаар байна. Олон хүн donate.pr418.com сайтыг ашиглан хандив өгдөг.

a Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтсүүд салбарынхаа харьяа цуглааны танхимуудын барилгын ажлыг төлөвлөж, зохион байгуулдаг. Дэлхий дахины барилга төлөвлөлтийн хэлтэс нь байгууллагын төвд байрладаг бөгөөд аль барилгын ажлыг хэзээ эхлэх болон яаж хийхийг төлөвлөдөг.