Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Цар тахлын үед зохион байгуулж буй тусламжийн ажил

Цар тахлын үед зохион байгуулж буй тусламжийн ажил

2021 ОНЫ 7-Р САРЫН 1

 2020 оны 3 дугаар сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага КОВИД-19-ийг цар тахал хэмээн зарласан билээ. Бүтэн жил өнгөрчихөөд байхад энэ вирус арилахгүй байх юм гэж хэн ч бодоогүй биз ээ. Сая сая хүн, түүний дотор Еховагийн Гэрчүүд цар тахалд нэрвэгдэж эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хохирол амсаад байна. Хямралын энэ үед Еховагийн байгууллага тусламжийн ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

Эзнээ олсон тусламж

 Удирдах Зөвлөлийн Зохицуулагчдын хорооны заавраар Гамшигт нэрвэгдэгсдэд туслах 950 хороо байгуулагджээ. Эдгээр хороо нь зарим тохиолдолд тухайн орон нутгийн ах дүүст туслах ажлыг зохион байгуулдаг. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хамрагдсан Гэрчүүд ч бий. Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хороод илүү өргөн хүрээг хамарсан тусламжийн ажлыг бас зохион байгуулдаг.

 Жишээ нь, Парагвайд байдал их хүнд байгаа аж. Цар тахалтай холбоотой эдийн засгийн хямралын улмаас «олон парагвайчууд хоол хүнсгүй, өлөн зэлмүүн амьдарч байна» гэж тэндхийн нэгэн сонинд мэдээлжээ. Гэтэл Парагвай дахь Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хорооныхон хоёр 7 хоногийн хэрэгцээг хангах тусламжийн багцыг аль хэдийн тараагаад эхэлчихсэн байв. Дөрвөн ам бүлтэй айлаар тооцож бэлдсэн уг багцад хоол хүнс, цэвэрлэгээний материал, ахуйн хэрэглээний бараа орсон бөгөөд энэ нь 30 орчим долларын үнэтэй.

 Тусламжийн багийнхан өөрсдийгөө болон өрөөл бусдыг КОВИД-19-ийн халдвараас хэрхэн хамгаалдаг вэ? Амны хаалт зүүж, зай барина. Бас хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж буй компаниудад ариун цэврийн шаардлага хангасан орчинд ажиллах, аюулгүй байдлын зааврыг чанд сахих шаардлага тавьдаг. Жишээ нь багц савлахад оролцож байгаа хүмүүс амны хаалт, бээлий гэх мэтийн хамгаалалтын хувцас өмсөх, цэвэрлэж ариутгасан тээврийн хэрэгслээр багцыг зөөвөрлөх, ариутгасан газар хадгалах ёстой гэсэн шаардлага ордог. Эцэст нь, ах дүү нар маань хүлээж авсан багцаа итгэл нэгтнүүддээ тараахдаа зай барих зааврыг чанд дагадаг.

Хандивын мөнгийг ухаалгаар зарцуулах нь

 КОВИД-19-т нэрвэгдэгсдэд туслахын тулд 25 сая доллар зарцуулахыг Зохицуулагчдын хороо 2021 оны 1 дүгээр сард зөвшөөрсөн юм. Салбарууд болон Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хороод хандивын мөнгийг зөв зарцуулж, бараа бүтээгдэхүүнийг аль болох хямд үнээр худалдаж авахын тулд хичээн ажиллаж байна. Жишээ нь, Чилид тусламжийн ажил зохион байгуулж байгаа ах дүүс маань 750 кг вандуй авахаар болжээ. Гэтэл үнэ нь ганцхан сарын дотор 2 дахин нэмэгдэх нь тэр! Нэмэгдсэн үнээр нь худалдаж авахаар тохирсноос хойш 2 цагийн дараа худалдагч залгаад өмнө нь авахаар болсон вандуйг нэг худалдан авагч буцаахаар болсон тухай хэлжээ. Тэгээд буцаагдсан вандуйг хуучин үнээр нь Гэрчүүдэд өгөхөөр болж гэнэ.

 Ах дүүсийг маань бараагаа авахаар очтол бусад байгууллага шиг хоол хүнсийг шударга бусаар тараана гэж бодсон тэр худалдагч гэрээгээ цуцлахыг оролджээ. Нэг Гэрч товчхон залбирсныхаа дараа, тусламж зайлшгүй хэрэгтэй хүмүүсийг олж тогтоохын тулд хурал бүрээс судалгаа авсан тухайгаа хэлэв. Тусламж хүлээн авч байгаа хүмүүсийн нөхцөл байдал, соёл нь өөр өөр учраас тусламжийн багцад орох бараа нь айл бүрд хамгийн тохирсон, хэрэгтэй зүйл нь байх юм гэж бусад нь нэмж тайлбарлажээ. Мөн энэ ажлыг Еховагийн Гэрчүүд хандивын мөнгөөр, сайн дураараа хийж байгаа гэдгийг ч хэлэв. Үүнийг сонсоод худалдагчийн сэтгэл ихэд хөдөлж, үнээ буулгаад зогсохгүй дараагийн захиалга болох 400 кг вандуйг хувиасаа хандивлахаар болсон байна.

«Жинхэнэ хайрыг нь хараад...»

 Либерид амьдардаг Лүсү гэдэг настай бэлэвсэн эгчийнх ам бүл зургуулаа. Нэг удаа тэднийг өглөөний цайгаа уунгаа өдөр тутмын зүйлээ ярилцаж байтал гэрт нь идэх юм байхгүй болсныг анзаарсан 7 настай зээ хүү нь: «Бид дараа нь юу идэх юм бэ?» гэж асуув. Лүсү: «Эмээ нь Еховад аль хэдийн залбирсан. Ехова бидэнд заавал тусална» гэж хэлжээ. Яг тэр өдөр нь хурлын ахлагч залгаад тусламжийн хүнс ирж аваарай гэв. Лүсү: «Ехова миний залбиралд хариулсан болохоор Ехова залбирлыг сонсдог, хариулдаг гэдэгт зээ хүү маань итгэдэг болсон» гэжээ.

БНАКУ-ын хүүхдүүд хүнсний тусламж үзүүлсэн ах эгч нартаа талархлаа илэрхийлж зурсан зураг

 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) амьдардаг нэг эмэгтэйн хөрш нь Еховагийн Гэрч айл ажээ. Тэдэнд итгэл нэгтнүүд нь хоол хүнс авчирч өгч байгааг хараад тэр эмэгтэй: «Цар тахал дууссаны дараа бүгдээрээ Еховагийн Гэрч болъё. Тэд хэцүү цагт ах дүүстээ тусалдаг юм байна» гэв. Харин нөхөр нь: «Ганц уут будааны төлөө Еховагийн Гэрч болох юм уу?» гэж асуусанд эхнэр нь: «Будаанд нь болсон юм биш ээ. Жинхэнэ хайрыг нь хараад л тийм хүсэл төрлөө» гэж хариулжээ.

 Еховагийн Гэрчүүд цар тахлын энэ үед ах дүүстээ цаг алдалгүй тусламж үзүүлж байгаа нь өгөөмөр сэтгэлээр хандив өргөдөг та бүхний ач юм. donate.pr418.com сайтад дурдсан аргаар хандив өргөсөн та бүхэнд талархаж байна.