Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Үнэн бодит, итгэл бэхжүүлдэг мэдээ

Үнэн бодит, итгэл бэхжүүлдэг мэдээ

2021 ОНЫ 12-Р САР

 Еховагийн Гэрчүүд итгэл нэгтнүүддээ маш их санаа тавьдаг (1 Петр 2:17). Кенид амьдардаг Таннис: «Би дэлхий дахины ах дүүсийнхээ хэрхэн амьдарч байгааг мэдэхийг хүсдэг» гэж хэлжээ. Таннистай адил ингэж боддог олон сая Еховагийн Гэрчүүд итгэл нэгтнүүдийнхээ тухай мэдээллийг хэрхэн олж авдаг вэ? 2013 оноос манай jw.org сайтад «Мэдээ» хэмээх шинэ булан нэмэгдэж, бид тэндээс ах дүүсийнхээ талаарх мэдэж авдаг болсон.

 Мэдээ буланд Библи янз бүрийн хэлээр гарсан тухай, гамшигт нэрвэгдэгсдэд туслах ажлын тухай, барилгын төсөл хэрхэн хэрэгжиж байгаа тухай гээд Еховагийн Гэрчүүдтэй холбоотой чухал үйл явдлын талаар үнэн бодит мэдээ мэдээлэл тавигдсан байдаг. Бас итгэл үнэмшлээсээ болоод шоронд хоригдож байгаа ах дүүсийн маань тухай мэдээлдэг. Түүнээс гадна дэлгэрүүлэх аян, Дурсах цуглааны үеэр болсон урам сэргээм явдлуудыг бичдэг. Тэгвэл материалаа хэрхэн цуглуулж, мэдээгээ яаж бэлтгэдэг вэ?

Мэдээг яаж бэлтгэн гаргадаг вэ?

 Олон нийттэй харилцах хэлтэс буюу OPI (О Пи Ай) Мэдээ буланг хариуцаж ажилладаг. Удирдах Зөвлөлийн Зохицуулагчдын хорооны харьяа энэ хэлтэс нь байгууллагын төвд байрладаг. OPI-д 100 гаруй итгэл нэгтэн маань үйлчилдэг бөгөөд ихэнх нь гэрээсээ ажилладаг. Тэд мэдээ бичих, мэдээлэл цуглуулах, тохиромжтой зураг сонгох, орчуулах зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Бусад нь албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхэнтэй харилцдаг. OPI нь дэлхий дахины салбаруудад байдаг 80 гаруй Олон нийттэй харилцах алба буюу PID (Пи Ай Ди)-гийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

 Энэхүү хэлтэс нь мэдээгээ бэлтгэхийн тулд Олон нийттэй харилцах албадтай нягт хамтран ажилладаг. Сэдвээ тодорхойлчихвол түүнийхээ дагуу судалгаа хийж, холбогдох үнэн бодит мэдээллийг цуглуулдаг. Хүмүүсээс ярилцлага авч, мэргэжилтнүүдтэй зөвлөлддөг. Мэдээ баримтаа цуглуулсны дараа өгүүллээ бичнэ, редакторлана, хянана, тохирох зургийг сонгоно. Тэгээд Зохицуулагчдын хороо руу илгээж зөвшөөрөл авна.

Уншигчдын сэтгэгдэл

 Мэдээ булангийн талаар ах дүүс маань ямар сэтгэгдэлтэй явдаг вэ? Филиппинд амьдардаг Шерил гэдэг Гэрч эмэгтэй: «Би өдөр бүрийн эхэнд Еховагийн байгууллагын тухай, итгэл нэгтнүүдийнхээ тухай мэдээ унших дуртай» гэж хэлсэн.

 Манай сайтад байдаг мэдээ мэдээлэл бусад мэдээнээс эрс ялгаатайг олон хүн анзаарчээ. Казахстанд амьдардаг Татьяна: «Би jw.org сайтын мэдээнд бүрэн итгэдэг. Яагаад гэвэл үнэн бодитой, баттай баримттай байдаг» гэж хэлжээ. «Дандаа сонсдог сөрөг мэдээтэй харьцуулахад манай сайтын мэдээ үнэхээр урам сэргээдэг» гэж Мексикт амьдардаг Алма гэдэг Гэрч эмэгтэй хэлсэн юм.

 Манай сайтын мэдээ үнэн бодитойгоос гадна итгэл бэхжүүлдэг. Кенид амьдардаг Бернард: «Мэдээ булангийн ачаар би итгэл нэгтнүүдээ дэлхийн хаана ч амьдардаг байсан, миний гэр бүл гэж мэдэрдэг. Тэднийхээ нэрийг хэлээд, нөхцөл байдлынх нь талаар залбирах боломжтой болсон» гэжээ. Бас Кенид амьдардаг Байброн гэдэг Гэрч эмэгтэй: «Янз бүрийн хэлээр Библи гарсан тухай унших болгонд сэтгэл ямар их хөдөлдөг гээч! Ехова хэнийг ч алаг үздэггүй гэдэгт би улам итгэлтэй болсон» гэж ярив.

Мэдээ булангийн ачаар бид зовлон үзэж буй ах дүүсийнхээ төлөө тодорхой залбирах боломжтой болсон

 Хавчлага эсэргүүцэлтэй тулгарч байгаа ах дүүсийн маань тухай мэдээ хүртэл бидэнд урам зориг өгдөг. «Тэд маань ямар их эр зориг гаргасныг бодохлоор миний итгэл бэхэждэг. Тэвчээртэй байхад нь юу тус болдог юм бол гэж би дандаа боддог. Тэгээд залбирах, Библи унших, бүр дуу дуулах гэх мэтийн “энгийн” зүйлс тэдэнд хүч өгдгийг ойлгосон» гэж Кенид амьдардаг Жаклин хэлжээ.

 Коста-Рикад амьдардаг Беатрис гэдэг Гэрч эмэгтэй байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусалсан тухай унших их дуртай ажээ. Тэрбээр: «Манай байгууллага гамшигт нэрвэгдсэн ах дүүст маань ямар хурдан шуурхай тусалж, хэрэгцээт зүйлсийг нь өгч, хайрлан халамжилж байгааг би Мэдээ булангаас уншдаг. Үнэхээр л Ехова Бурхны байгууллага юм даа гэж бодогддог» гэжээ.

 Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг ах дүүсийнхээ тухай шинэ соргог мэдээг хүлээж авдагтаа бид үнэхээр их баярладаг. Та бүхэн дэлхий дахины үйл хэрэгт зориулж янз бүрийн аргаар, ялангуяа, donate.pr418.com сайтаар хандив өргөдгийн ачаар ийм сайхан боломж олддог. Өгөөмөр сэтгэлээр хандив өргөдөг та нартаа маш их баярлалаа.