Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

2022 оны тусламжийн ажил—Ах дүүгийн хайрын илрэл

2022 оны тусламжийн ажил—Ах дүүгийн хайрын илрэл

2023 ОНЫ 1-Р САРЫН 1

 Өнөө үед дайн дажин, газар хөдлөлт, өвчин тахал болон өөр «аймшигтай явдлууд» болохыг Библид зөгнөсөн (Лук 21:10, 11). Энэ зөгнөл 2022 оны үйлчлэлийн жилд a ч биелсэн юм. Жишээлбэл, Украины дайн үргэлжилж олон сая хүний амьдралыг сүйрүүлсээр байна. Ихэнх улс оронд КОВИД-19 цар тахал намжаагүй байна. Үүний зэрэгцээ тоолж баршгүй олон хүн Хаити дахь газар хөдлөлт, Төв Америк, Филиппин, Африкийн зүүн өмнөд хэсэгт болсон хар салхи зэрэг байгалийн гамшигт нэрвэгджээ. Еховагийн Гэрчүүд дайн болон гамшигт нэрвэгдэгсдэд хэрхэн тусалсан бэ?

 Манай байгууллага гамшигт нэрвэгдэгсдэд туслах ажлыг зохион байгуулдаг. 2022 оны үйлчлэлийн жилд 200-аад гамшигт өртсөн хүмүүст тусалсан бөгөөд нийтдээ 12 сая орчим доллар b зарцуулжээ. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах ажилд хандивын мөнгийг хэрхэн зарцуулдгийг сонирхъё.

Хаити дахь газар хөдлөлт

 2021 оны 8 дугаар сарын 14-нд Хаитигийн өмнөд хэсэгт 7,2 магнитутын газар хөдлөлт болсон юм. Үүний улмаас гурван Гэрч нас барсны нэг нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байлаа. Газар хөдлөлт хүмүүст бие махбод, сэтгэл санааны ихээхэн хохирол учруулжээ. Стифан гэдэг Гэрч хэлэхдээ «Манай хотод олон хүн нас барсан. Долоо хоног бүр хэд хэдэн оршуулга болж байлаа. Энэ явдал хоёр сар гаруй үргэлжилсэн» гэжээ. Элизер гэдэг өөр нэг Гэрч: «Орох оронгүй, гутал хувцасгүй, наад захын хэрэгцээт зүйлсгүй болсон Гэрчүүд олон байсан. Газар хөдлөлтийн дараах чичирхийллээс болоод хүмүүс хэдэн сар айдаст автсан байлаа» гэж хэлсэн.

 Манай байгууллага цаг алдалгүй тусалсан. Хаити дахь салбар 53 тонн хоол хүнснээс гадна майхан, брезент, гудас, гар утасны нарны зайн цэнэглэгчээр хангасан. Түүнээс гадна, 2022 оны үйлчлэлийн жилд 100 гаруй байшинг сэргээн засварлах юм уу шинээр барьсан. Энэ ажилд сая гаруй доллар зарцуулжээ.

Хоол хүнс хүргэж байна, Хаити

 Ах дүүс маань үнэхээр их талархсан. Лүретт: «Газар хөдлөлтөөс болоод байшин маань бүрмөсөн нурж, бизнес маань ч сүйрсэн. Бүр идэх ч юмгүй болсон. Харин Ехова Бурхны маань байгууллага хэрэгтэй бүх зүйлээр хангаж тусалсан» гэжээ. Мишелин: «Хоёр хүүтэйгээ амьдарч байсан гэр маань газар хөдлөлтөөр нурсан. Надад тусалмж гуйж залбирахаас өөр хийж чадах юм байгаагүй. Ехова байгууллагаараа дамжуулан залбиралд маань хариулсан. Одоо манайх бат бөх байшинтай болсон. Би Еховадаа талархдагаа харуулж чадах бүхнээ хийхээр шийдсэн» хэмээн ярьсан юм.

 Манай тусламжийн ажил орон нутгийн удирдлагуудын анхааралд өртсөн юм. Лазил хотын дарга: «Та бүхэн цаг алдалгүй ирж тусалсанд баяртай байна. Та нар удирдах албаныханд гүн хүндэтгэлтэй ханддаг нь бахархууштай. Мөнгө олохыг бус, бусдад туслахыг л боддог тань үнэхээр сайхан санагдлаа. Та нар хайраар бялхсан хүмүүс юм» гэжээ.

Малави болон Мозамбикийг дайрсан «Ана» хар салхи

 2022 оны 1 дүгээр сарын 24-нд «Ана» хар салхи Мозамбикийг дайрч дараа нь Малавийн баруун хэсгийг чиглэжээ. Энэ үеэр салхины хурд 100 км/цаг хүрч, ширүүн аадар бороо орсны улмаас цахилгааны шугам болон гүүр сүйдэж, их хэмжээний үер буусан байна.

 Тэрхүү хар салхинд 30 000 гаруй Гэрч өртжээ. Тусламжийн ажилд оролцсон Чарлз хэлэхдээ «Ах дүүсийнхээ зовж байгааг, хэчнээн их юмаа алдсаныг хараад элэг эмтэрч, хүчин мөхөстөх шиг болсон» гэв. Ядахад, хомсхон байсан хоол хүнс, тариа будаа нь юу ч үгүй урсжээ. Олон хүн гэр оронгүй болсон. Аврах завь нь хөмөрсний улмаас нэг Гэрчийн эхнэр, бага насны хоёр охин амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ.

Гэрч хосын байшин сүйджээ, Мозамбик

Сэргээн босгосон байшин

 Хар салхи үнэхээр аймшигтай байв. Малавийн Нчалод амьдардаг Сэнгэрэдогийн гэр бүлийнхэн шөнийн 1:00 цагийн үед их усны аймшигт чимээ сонсжээ. Тэгтэл хоёр гол үерлэсэн байлаа! Сэнгэрэдо гэрээсээ гарахаар шийдсэн нь тун оносон аж. Удалгүй байшин нь үерт автаж, эд хогшил нь урсах нь урсаж, эвдрэх нь эвдэрчээ. Тэд 30 минут алхаад хүрчихдэг цуглааны танхим руу энэ удаа 2 цаг явж хүрсэн гэдэг. Хэдийгээр шалба норж ядарсан ч гэлээ аюулгүй хүрч чадсан байна.

 Малави, Мозамбик дахь салбарууд тусламжийн ажлыг нэн даруй эхлүүлсэн юм. Гамшигт өртсөн ах дүүст юу хэрэгтэй байгааг олж мэдэх, итгэлийг нь батжуулах, сэтгэл санааны тусламж үзүүлэх ажлыг дүүрэг хариуцагч, ахлагч нарт даалгав. Мөн гамшигт нэрвэгдэгсдэд туслах хороодод (DRC) тусламжийн ажил зохион байгуулах үүрэг оноов. Эдгээр хороо ах дүүсийг хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсээр хангах ажлыг хурдан шуурхай эхлүүлсэн. Хүмүүнлэгийн тусламжид 33 000 гаруй доллар, байшин барилга сэргээн засварлахад 300 000 гаруй доллар зарцуулагджээ.

 Гамшигт нэрвэгдэгсдэд туслах тэдгээр хороод хандивын мөнгийг ухаалгаар зарцуулсан. Ялангуяа мөнгөний ханш унахад ингэх нь их чухал байлаа. Жишээлбэл, тусламжийн ажил эхэлсэн эхний 7 сарын дотор малавичуудын гол хүнс болох эрдэнэ шишийн гурилын үнэ 70 хувиар нэмэгдсэн. Шатахууны үнэ бас өссөн. Хандивын мөнгийг хэмнэхийн тулд ах дүүс маань хоол хүнс, барилгын материалыг орон нутгаас нь бөөндөж авчээ. Тэгснээр бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр аваад зогсохгүй тээврийн зардлыг хэмнэж чадсан юм.

 Тусламжийн энэ ажил Еховагийн ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Мозамбикт амьдардаг Фелисберто: «Барилгын материал, тээврийн хэрэгсэл, барилгын ажилчид, хоол хүнс, удирдамж заавар гээд ийм их юмаар хангадаг байгууллагыг би хэзээ ч үзээгүй. Энэ тусламж Ёохан 13:34, 35-д Есүсийн дүрсэлсэн ах дүүсийн хайрын нэг тод илрэл байлаа» гэж хэлсэн. Малавид амьдардаг бэлэвсэн эмэгтэй Эстерийн гэр юу ч үгүй сүйджээ. Тэрбээр хэлэхдээ: «Би дахиад байшин барих мөнгөгүй болохоор аргаа бараад байлаа. Тэгтэл ах нар ирээд байшин барьж өгөхөд аль хэдийн Диваажинд оччихсон юм шиг санагдсан» гэв.

 Амласан шинэ ертөнц ойртох тусам гай гамшиг ихсэх нь тодорхой (Матай 24:7, 8). Хэдий тийм ч гэсэн та бүхэн өгөөмөр сэтгэлээр хандив өгдөг учраас Еховагийн ард түмэн хэрэгтэй тусламжаа авна гэдэгт бид итгэл төгс байна. Хэрхэн хандив өгөх талаар donate.pr418.com сайтад тайлбарласан. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэндээ талархъя.

a 2022 оны үйлчлэлийн жил нь 2021 оны 9-р сарын 1-нээс эхэлж, 2022 оны 8-р сарын 31-нд дууссан.

b Энэ өгүүлэлд доллар гэдгээр АНУ-ын долларыг хэлсэн.