Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

JW суваг интернэтгүй газар хүрсэн нь

JW суваг интернэтгүй газар хүрсэн нь

2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 1

 Бид сар бүр JW телевизийн хөтөлбөр, видеонуудыг үзэх гэж тэсэн ядан хүлээдэг. Гэхдээ Африк дахь олон итгэл нэгтэн маань энэ хөтөлбөрийг интернэтээр үзэх боломжгүй байдаг. Яагаад?

 Интернэтгүй газар Африкт олон. Интернэттэй байлаа ч маш удаан эсвэл өндөр үнэтэй. Жишээ нь, нэг дүүрэг хариуцагч Мадагаскарт интернэт кафед ороод JW телевизийн ганцхан сарын хөтөлбөрийг татаж авчээ. Үүнийхээ төлөө 16 доллар төлсөн байна. Энэ нь тэндхийн зарим хүний долоо хоногийн ажлын хөлснөөс ч өндөр үнэтэй байв! a

 Гэсэн хэдий ч одоо Африкт сая сая хүн интернэтэд оролгүйгээр JW телевизийн хөтөлбөрийг үзэх боломжтой. Яаж?

 Африкийн Сахарын цөлөөс өмнө зүгт амьдардаг хүмүүст JW телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулын телевизийн сувгаар үзэх боломж 2017 оноос нээгдсэн. Энэ нь өдөр бүр 24 цагийн турш, 16 хэлээр, үнэ төлбөргүй цацдаг суваг юм.

Мозамбик дахь ах дүүс цуглааны танхимын өмнө тавган антен суурилуулж байна (2018 он)

 Ийм амжилтад хүрэхийн тулд Еховагийн Гэрчүүд хиймэл дагуулаар телевизийн нэвтрүүлэг дамжуулдаг компанитай гэрээ байгуулсан. Уг хиймэл дагуулын долгион Африкийн Сахарын цөлөөс өмнө зүгт оршдог 35 улсад хүрдэг. Гэрээнд заасны дагуу сард 12 000 гаруй доллар төлдөг. Заримдаа бүсийн чуулган болон төвийн төлөөлөгчийн эргэлттэй холбоотой тусгай нэвтрүүлгийг шууд дамжуулахын тулд өөр суваг нэмж түрээсэлдэг.

Малавийн Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтсийн ах дүүс JW сувгаар нэвтрүүлэг үзэж байна (2018 он)

 Гэрч, Гэрч биш олон хүн гэртээ хиймэл дагуулын JW сувгаар нэвтрүүлэг үздэг. Гэхдээ энэ сувгийг үзэхэд хэрэгтэй төхөөрөмжүүдийг худалдан авах чадваргүй ах дүүс олон бий. Тэдэнд туслах зорилгоор 3 670 гаруй цуглааны танхимд хиймэл дагуулын долгион хүлээн авдаг төхөөрөмж суурилуулжээ. Үүний үр дүнд ах дүүс маань JW телевизийн хөтөлбөрийг танхимдаа үздэг болсон. Танхимд телевиз юм уу проектор байгаа бол тус төхөөрөмж хүргэлттэйгээ нийлээд 70 орчим долларын үнэтэй. Харин аль аль нь байхгүй бол 530 доллар.

 Ах дүүс маань ийм сувагтай болсондоо хязгааргүй баяртай байгаа. Камерун дахь нэг ахлагч: «Энэ нь манай гэр бүлийн хувьд цөлд унах манна л гэсэн үг» гэжээ. Нигерид амьдардаг Одэбодэ гэдэг Гэрч эрэгтэй: «Манай гэр бүл энэ сувгийг долоо хоногт 3 удаа үздэг. Хүүхдүүд маань энэ цагийг тэсэн ядан хүлээдэг. Өөр өдөр ч үзье үзье гээд байдаг» гэжээ. Бас Нигерид амьдардаг Роуз: «Энэ сувгийн ачаар би мэдээ үздэг донгоосоо салж чадсандаа баяртай байгаа. Мэдээ үзэхээр л уур хүрч даралт ихэсдэг байв. Харин JW телевизийн нэвтрүүлгийг үзэхээр тайвширч, сэтгэл сэргэдэг. Энэ бол миний хамгийн дуртай суваг. Еховагийн өгсөн бэлэг юм» гэж ярьжээ.

Малави дахь нэгэн гэр бүл JW сувгаар хүүхэлдэйн кино үзэж байна

 Мозамбикт үйлчилдэг нэг дүүрэг хариуцагчаас ирүүлсэн тайланд тухайн дүүргийн цуглааны танхимуудад хиймэл дагуулаас цацдаг долгионыг хүлээн авах төхөөрөмж суурилуулсан тухай дурджээ. Тэндхийн ах дүүс маань JW телевизийн нэвтрүүлгийг үзэхийн тулд цуглаан болохоос цагийн өмнө, бүр түүнээс ч өмнө цуглардаг байна.

Этиопын нэг хурлынхан интернэтэд холбогдохгүйгээр JW телевизийн сар бүрийн хөтөлбөрийг үзсэний дараа (2018 он)

 2019 онд Өмнөд Африкийн Иоханнэсбүрг хотод болсон олон улсын чуулганы үеэр гол илтгэлүүд, түүнчлэн Удирдах Зөвлөлийн гишүүний тавьсан илтгэлийг есөн газарт дамжуулахад тус сувгийг ашигласан. Өмнөд Африк салбарын Орон нутгийн телевизийн хэлтэст ажилладаг Спүмэлэлэ: «Өмнө нь ийм илтгэлийг интернэтээр дамжуулдаг байсан. Сүлжээ маш сайн байх хэрэгтэй, мөнгө ч их төлдөг байв. Харин JW суваг илүү найдвартай, өртөг нь ч хямд юм билээ» гэжээ.

 Дэлхий дахины үйл хэрэгт зориулж та нарын өгөөмрөөр өргөсөн хандивын ачаар Африк дахь олон ах дүүс маань хиймэл дагуулаар цацдаг сувгаар JW телевизийн нэвтрүүлгийг үзэж байна. donate.pr418.com сайтад дурдсан олон аргаар хандив өргөдөг та нартаа маш их талархаж байна.

a Энэ өгүүлэлд дурдсан доллар нь ам.доллар юм.