Skip to content

Гарчиг руу орох

Байгалийн гамшгийг даван туулахад Библийн зөвлөгөө тустай юу?

Байгалийн гамшгийг даван туулахад Библийн зөвлөгөө тустай юу?

 Олон сая хүн байгалийн гамшигт нэрвэгддэг. Та бас нэрвэгдэж байсан уу? Маш их хохирол учруулдаг төрөл төрлийн гамшиг байдаг. Хар салхи гарахад үер усны аюул болдог. Хүчтэй аадар бороо ороход хөрсний гулсалт үүсдэг. Догшин шуурганаар аянга бууж цахилгаан цахихад ой хээрийн түймэр гардаг. Ган гачиг, цасан шуурга, бас хэт халуун болоход хүмүүс их хохирол амсдаг.

 Дэлхий даяар байгалийн хөнөөлт гамшиг ч, хохирол нь ч улам ихсэж байгаа. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн Холбооны мэдээлэлд «Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүний тоо нэмэгдсээр байна. Үер, шуурга, ган гачиг улам ихсэж хүмүүс амь нас, эд хөрөнгөөрөө хохирч, жил бүр сая сая хүн орох оронгүй болдог» гэжээ.

 Гамшгаас болж хүмүүс бие махбодын төдийгүй сэтгэл санааны хохирол амсдаг. Эд хөрөнгө, гэр орон, бүр хайртай хүнээ хормын төдийд алдаж, он удаан жил сэтгэлийн зовлонтой явах нь ч бий.

 Та ч бас байгалийн гамшигт нэрвэгдсэн байж магадгүй. Тэгвэл танд Библи тусална. Таныг тайвшруулна, найдвар хайрлана, ашигтай зөвлөгөө өгнө. Библийн зөвлөгөө байгалийн гамшигт автсан олон хүнд тустай байдаг (Ром 15:4). Түүнчлэн олон хүний бодож явдаг «Бурхан яагаад үүнийг зөвшөөрдөг юм бэ? Энэ нь Бурхны шийтгэл гэж үү?» гэсэн асуултад хариулдаг.

Байгалийн гамшиг бол Бурхны шийтгэл биш

 Хүмүүсийн зовж байгаагийн хариуцлагыг Бурхан хүлээхгүй гэж Библид бичсэн байдаг. «Бурхан соригддоггүй бөгөөд хэнийг ч хорон санаагаар сорьдоггүй» гэжээ (Яаков 1:13). Тэгэхээр байгалийн гамшгийг Бурхан учруулдаггүй нь тодорхой.

 Бурхан урьд нь байгалийн хүчийг ашиглан хорон муу хүмүүсийг шийтгэснийг Библид бичсэн байдаг нь үнэн. Гэхдээ тэдгээр явдал өнөөдрийн гамшгаас эрс ялгаатай. Байгалийн гамшиг урьдаас анхааруулан сэрэмжлүүлэхгүйгээр гэнэт болдог учраас сайн муу ямар ч хүн хохирдог. Харин Библид бичсэнээр Бурхан байгалийн хүчийг ашиглахдаа буруугүй хүмүүсийг хамгаалж, урьдчилан анхааруулж, яагаад гамшиг учруулах гэж байгаагаа тайлбарладаг байсан. Жишээ нь, Ноагийн өдрүүдэд Бурхан дэлхийг хамарсан үерийг яагаад буулгах гэж байгаагаа тайлбарлаж, урьдчилан анхааруулга өгч, Ноаг гэрийнхэнтэй нь аварсан (Эхлэл 6:13; 2 Петр 2:5).

 Байгалийн гамшиг Бурхны шийтгэл биш гэдэг талаар илүү ихийг мэдье гэвэл «Байгалийн гамшгийн талаар Библид юу гэж байдаг вэ?» гэсэн өгүүллийг уншаарай.

Бурхан гамшигт нэрвэгдэгсдэд санаа тавьдаг

 Библиэс Ехова a Бурхан хайр халамжтай, өрөвч нигүүлсэнгүй гэдгийг мэдэж болно. Библийн дараах хоёр зүйлийг анхаараарай.

  •   Исаиа 63:9 «Тэдний бүх л зовлонд оролцон [Бурхан] зовсон».

     Юу гэж ойлгох вэ? Зовж байгаа хүмүүсийг хараад Еховагийн сэтгэл зовдог.

  •   1 Петр 5:7 «Тэр та нарт санаа тавьдаг».

     Юу гэж ойлгох вэ? Ехова таныг харж ханддаг.

 Ехова хайр болон өрөвдөх сэтгэлдээ хөтлөгдөн Библиэр дамжуулан зөвлөгөө өгч тайвшруулдаг, бас ирээдүйд байгалийн ямар ч гамшиг тохиолдохгүй гэсэн найдвар өгдөг (2 Коринт 1:3, 4).

Байгалийн гамшиг үгүй болох цаг

 Ехова хүн төрөлхтөнд «ирээдүй ба найдварыг өгнө» гэсэн амлалтаа Библидээ бичүүлсэн (Иеремиа 29:11). Тэрбээр хүмүүсийг байгалийн гамшиг хэзээ ч болохгүй диваажин дэлхийд жаргалтай амьдруулахыг зорьдог (Эхлэл 1:28; 2:15; Исаиа 32:18).

 Бурхан Хаант төр буюу Есүс тэргүүтэй тэнгэрийн засгийн газрыг ашиглан амлалтаа биелүүлнэ (Матай 6:10). Есүс дэлхий дээр амьдарч байхдаа байгалийн хүчийг захирч байсан нь байгалийн гамшгийг үгүй хийх хүч чадалтай, мэргэн ухаантайг нь харуулдаг (Марк 4:37–41). Цэцэн цэлмэг тэрбээр хүмүүст байгаль орчныг хамгаалж, хохирол учруулахгүйгээр амьдрахыг заана (Исаиа 11:2). Есүсийг захирах үед хүмүүс дахин хэзээ ч байгалийн гамшигт нэрвэгдэхгүй.

 Та «Есүс байгалийн хүчийг хэзээ захирдаг болох вэ?» гэдгийг мэдэхийг хүсэж байгаа байх. Хариултыг нь «Хаант төр дэлхийг хэзээ захирах вэ?» гэсэн өгүүллээс аваарай.

Байгалийн гамшгийг давахын тулд

 Байгалийн гамшиг болохоос өмнө ч, болоход ч, дараа нь ч Библийн зөвлөгөө тустай.

  •   Өмнө нь: Цаг алдахгүйн тулд бэлэн байгаарай.

     Библид юу гэж байдаг вэ? «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг» (Сургаалт үгс 22:3).

     Юу гэж ойлгох вэ? Танай нутагт ямар гамшиг болдгийг мэдэж аваарай. Ингэвэл цаг алдахгүй, гэр бүлээ хамгаалж чадна.

     Тохиолдсон явдал: «Ой хээрийн түймэр гарч зугтах хэрэг гарахад бид бэлтгэлтэй байсан. Эм бэлдмэл, шаардлагатай хувцас бүхий гамшгийн цүнх маань бэлэн байв. Эргэн тойронд хүмүүс сандралдаж, яахаа ч мэдэхгүй байсан. Харин бид бүх юмаа бэлдсэн учраас хамаагүй дээр байлаа!»—Тамара, АНУ-ын Калифорни муж.

  •   Гамшгийн үед: Хамгийн чухал юмаа санаж байгаарай.

     Библид юу гэж байдаг вэ? «Хүн баян чинээлэг байлаа ч амь нас нь эд баялгаас нь шалтгаалдаггүй» (Лук 12:15).

     Юу гэж ойлгох вэ? Амь нас эд хөрөнгөөс илүү чухал.

     Тохиолдсон явдал: «Лавин гэгч хар салхи b гарч байшин маань нурахад би гэдэг хүн яахаа мэдэхгүй, юу ч бодох сэхээгүй болсон. Гэхдээ би Ехова Бурхандаа чин сэтгэлээсээ залбирсан. Тэгээд эд хөрөнгө ч яамай, амьд байгаа нь их юм гэж бодсон»—Лэсли, Филиппин.

  •   Дараа нь: Тухайн үед нь шийдээрэй.

     Библид юу гэж байдаг вэ? «Маргаашийн төлөө хэзээ ч бүү санаа зов. Учир нь маргаашийн зовлонг маргааш үзнэ» (Матай 6:34).

     Юу гэж ойлгох вэ? Ирээдүйд тохиолдох бэрхшээлийн талаар хэтэрхий их санаа зовох хэрэггүй.

     Тохиолдсон явдал: «Ирма хар салхи болоход манай байшин үерт автсан. Бөөн асуудал гарч би ч аймаар стрессдсэн. Тэгээд тулгамдсан асуудлыг тухайн үед нь шийдээрэй гэсэн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээсэн. Еховагийн тусламжаар бодсоноосоо ч илүү ихийг хийж чадна гэдгээ ойлгосон»—Салли, АНУ-ын Флорида муж.

 Бас өөр зөвлөгөөг «When Disaster Strikes—Steps That Can Save Lives» өгүүллээс уншаарай (англи).

a Ехова гэдэг бол Бурхны нэр юм (Дуулал 83:18).

b Бас Хаима хар салхи гэдэг.