Skip to content

Гарчиг руу орох

fcafotodigital/E+ via Getty Images

Веган амьдралын хэв маяг—Библид юу гэж байдаг вэ?

Веган амьдралын хэв маяг—Библид юу гэж байдаг вэ?

 Дэлхий дахинд веганизм эрчээ авч, олон хүн сонирхох болжээ.

  •   «Веганизм гэдэг гүн ухааны үзэл, амьдралын хэв маягийн маань утга учир нь амьтдыг хувцас хунар, хоол хүнсэнд хэрэглэх зорилгоор болон өөр ямар ч хэлбэрээр ашиглах, харгислах явдлаас боломжийнхоо хэрээр зайлсхийхэд оршдог»—Веган нийгэмлэг.

 Амьтдыг энэрч хайрлахаас гадна, зарим хүн байгаль орчин, эрүүл мэндээ бодоод, эсвэл шашин шүтлэгийнхээ улмаас веган амьдралын хэв маягийг сонгодог.

  •   «Веганизм нь ихэнх хоолны дэглэмээс ялгаатай нь өөрийн гэсэн итгэл үнэмшил, ёс суртахууны хэм хэмжээтэй байдаг. Илүү сайхан нийгмийг бүтээх гэсэн хувь хүний тэмцлийн нэг төрөл гэдгээрээ онцлог»—«Britannica Academic».

 Байгаль дэлхийд тулгамдаад байгаа олон асуудлыг веганизм шийдэж чадах уу? Библид юу гэж байдаг вэ?

Бүтээгч маань хүн төрөлхтөн болон амьтдыг юу гэж үздэг вэ?

 Библид бичсэнээр бүхнийг Бүтээгч Ехова Бурхан маань a хүн төрөлхтнийг амьтдаас дээгүүр үздэг, бас амьтдыг захирах эрх мэдлийг хүмүүст өгсөн (Эхлэл 1:27, 28). Хүнийг бүтээснээсээ хойш хэсэг хугацааны дараа амьтдыг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвшөөрсөн (Эхлэл 9:3). Гэхдээ ан амьтадтай зүй бус харьцахыг хориглодог (Сургаалт үгс 12:10).

 Мах идэх эсэх нь хувь хүний асуудал гэж Библид байдаг. b Энэ асуудлыг яаж ч шийдсэн, тэр шийдвэрээрээ Бурханд илүү таалагдана гэж бодох нь буруу (1 Коринт 8:8). Юу иддэгээр нь бусдыг шүүмжлэх эрх хэнд ч байхгүй (Ром 14:3).

Ирээдүйг өөрчлөх жинхэнэ шийдэл

 Хүмүүс дор бүрнээ амьдралынхаа хэв маягийг хэчнээн өөрчиллөө ч дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх боломжгүйг Библи хэлж өгдөг. Ихэнх асуудал улс төр, нийгэм, эдийн засгийг тогтолцоогоор нь өөрчилж байж шийдэгдэнэ. Гэтэл хүн төрөлхтөн үүнийг шийдэх чадалгүй байгаа билээ. Библид ийм үг бий.

  •   «Муруй нь тэгширч чадахгүй» (Номлогчийн үгс 1:15).

 Бидэнд тулгараад байгаа бүх асуудлыг Бүтээгч Бурхан маань шийдэж өгнө. Юу хийж, яаж шийдвэрлэхийг нь Библид бэлгэдлийн утгаар ийнхүү дүрслэн бичжээ.

  •   «Тэгээд би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Өмнө байсан тэнгэр, газар, тэнгис үгүй болжээ» (Илчлэл 21:1).

 Бурхан дэлхийд байгаа төр засгуудыг буюу «өмнө байсан тэнгэр»-ийг халж, оронд нь «шинэ тэнгэр» буюу тэнгэр дэх засгийн газар, Хаант төрөөрөө дэлхийг захируулна. Бурхны Хаант төр нь «өмнө байсан газар» буюу амин хувиа хичээсэн, хар санаатай хүмүүсийг устгаж, оронд нь «шинэ газар» буюу дуртайяа захирагдах хүмүүсийг ард түмнээ болгоно.

 Зөвхөн Бурхны Хаант төрийн захиргаан дор л хүмүүс амьтадтай төгс зохицон амьдарч, байгаль орчноо жинхэнэ ёсоор хамгаална (Исаиа 11:6–9).

a Ехова гэдэг бол Бурхны нэр юм (Дуулал 83:18).

b Библид «цусыг ... цээрлэгтүн» гэсэн тушаал байдаг (Үйлс 15:28, 29). Цусыг цээрлэ гэсэн Бурхны энэ тушаалыг сахидаг хүн цус уудаггүй. Бас цусыг нь юүлээгүй мах, цус орсон ямар ч хоол иддэггүй.