СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Дэлхийд яагаад энх тайван тогтдоггүй вэ?—Библид юу гэж байдаг вэ?
Дэлхийн төр засаг, удирдагчид болон олон улсын байгууллагууд жинхэнэ энх тайвныг тогтоож чадахгүй л байна. Өнөөдрийнх шиг олон дайн, зэвсэгт мөргөлдөөн, үймээн самуун Дэлхийн II дайнаас хойш гарч байгаагүй. Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь буюу 2 тэрбум орчим хүн дайн, зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн газар нутагт амьдарч байна.
Хүмүүс яагаад энх тайвныг тогтоож чадахгүй байна вэ? Библид энэ талаар юу гэж байдаг вэ?
Хүмүүс энх тайвныг тогтоож чадахгүй байгаагийн 3 шалтгаан
1) Энх тайвныг тогтооход саад болдог зан араншин өнөөгийн нийгэмд түгээмэл болсон. Библид зөгнөснөөр «хүмүүс аминч, мөнгөнд дуртай, сагсуу, их зантай, ... үнэнч бус, ... гүжирдэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, ... бодлогогүй, бардам ихэмсэг» болно гэсэн нь одоо биелж байна (2 Тимот 3:2–4).
2) Хувь хүмүүс ч, нийгэм ч асуудлаа өөрсдөө шийдэх чадалгүй. Зөвхөн Бүтээгч Бурхан Еховагийн a хүчээр л шийдэж чадна. Библид бичсэнээр «Хүний зам өөрт нь байдаггүй ... өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүй» (Иеремиа 10:23).
3) Дэлхий хэний эрхшээлд байдаг вэ? «Дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхлэгч Диавол буюу Сатан» гэдэг хүчирхэг, хорон муу захирагч бий (Илчлэл 12:9). «Бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд» байсан цагт дайн дажин гарсаар л байна (1 Ёохан 5:19).
Хэн жинхэнэ энх тайвныг тогтоох вэ?
Энх тайвныг хүн биш Бурхан тогтооно гэж Библид баттай бичсэн байдаг.
«“Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна» (Иеремиа 29:11).
Бурхан энх тайвныг яаж тогтоох вэ? «Амар тайвны Бурхан удахгүй ... Сатаныг бяцална» (Ром 16:20). Бурхан тэнгэр дэх засгийн газраараа дэлхий дахинд энх тайвныг тогтооно. Библид тэр засгийн газрыг «Бурхны Хаант төр» гэдэг (Лук 4:43). Бурхны Хаант төрийн Хаан Есүс Христийн захиргаан доор хүмүүс бие биетэйгээ эв найртай амьдарч сурна (Исаиа 9:6, 7).
Илүү ихийг мэдье гэвэл «Бурхны Хаант төр юу хийх вэ?» гэсэн өгүүллийг уншаарай.
a Библийн эх бичигт Бурхны нэрийг Ехова гэсэн байдаг (Дуулал 83:18).