Skip to content

Гарчиг руу орох

Амьдрал сайхан болох болов уу?

Амьдрал сайхан болох болов уу?

 Та ирээдүйг өөдрөгөөр хардаг уу? Олон хүн өнөөдөр хэцүү асуудал, бэрхшээлтэй нүүр тулгардаг ч өөдрөг байхыг хичээдэг. Харин ирээдүй сайхан болно гэдэгт итгэх үндэс бий юү? Бий! Амьдрал сайхан болох тухай жинхэнэ найдвар байгааг Библид бичсэн.

 Ямар найдвар вэ?

 Хүн төрөлхтөнд асар их зовлон, бэрхшээл учирдаг талаар Библид бичсэн. Гэхдээ ийнхүү үүрд үргэлжлэхгүйг бас амласан байдаг. Хэдэн жишээ үзье.

  •   Бэрхшээл: Гэр оронгүй

     Библид ингэж байдаг: «Тэд гэр барьж, түүн дотроо сууна» (Исаиа 65:21).

     Энэ үг биелэхэд: Хүн бүр өөрийн гэсэн гэр оронтой болно.

  •   Бэрхшээл: Ажилгүйдэл ба ядуурал

     Библид ингэж байдаг: «Миний сонгосон хүмүүс хөдөлмөрийнхөө үр шимийг бүрэн хүртэнэ» (Исаиа 65:22, ШЕ).

     Энэ үг биелэхэд: Бүх хүн хүссэн, дур сонирхолтой, үр өгөөжтэй ажил хийнэ.

  •   Бэрхшээл: Шударга бус байдал

     Библид ингэж байдаг: «Ноёд нь шударгаар захирна» (Исаиа 32:1).

     Энэ үг биелэхэд: Арьс өнгө, нийгэмд эзлэх байр сууриар нь хэнийг ч ялгаварлахгүй, ядуу хүн гэж байхгүй болно. Бүх хүнд шударга хандана.

  •   Бэрхшээл: Шим тэжээлийн дутагдал ба өлсгөлөн

     Библид ингэж байдаг: «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай» (Дуулал 72:16).

     Энэ үг биелэхэд: Хүмүүс элбэг дэлбэг шим тэжээллэг хоол хүнстэй байна. Хэн ч өлсгөлөн унтахгүй, шим тэжээлийн дутагдлаас болж зовохгүй.

  •   Бэрхшээл: Гэмт хэрэг ба хүчирхийлэл

     Библид ингэж байдаг: «Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна. Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно» (Мика 4:4).

     Энэ үг биелэхэд: Хорон муу хүн гэж огт байхгүй болох учраас айх аюулгүй, тайван амьдрах бөгөөд «зөв шударга хүн газар нутгийг өвлөнө» (Дуулал 37:10, 29).

  •   Бэрхшээл: Дайн дажин

     Библид ингэж байдаг: «Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» (Исаиа 2:4).

     Энэ үг биелэхэд: Дэлхийд амар тайван ноёлно (Дуулал 72:7). Дайны хөлд хайртай хүнээ алдахын зовлонг үзэхгүй. Хоргодох байр ч хэрэггүй болно.

  •   Бэрхшээл: Өвчин эмгэг

     Библид ингэж байдаг: «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24).

     Энэ үг биелэхэд: Хөгжлийн бэрхшээл, өвчин зовлонтой хүн гэж байхгүй болно (Исаиа 35:5, 6). Бүр «үхэл байхгүй болно» гэсэн амлалт Библид байдаг (Илчлэл 21:4).

  •   Бэрхшээл: Байгаль орчны сүйрэл

     Библид ингэж байдаг: «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ» (Исаиа 35:1).

     Энэ үг биелэхэд: Хүн төрөлхтөн Бурхны анх санаж зорьсны дагуу диваажин болсон дэлхийд оршин сууна (Эхлэл 2:15; Исаиа 45:18).

 Найдвар үнэхээр биелэх үү?

 Ийм асуулт төрөх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ ирээдүйн тухай Библид юу гэж байдгийг та шалгаж үзвэл ямар вэ? Ингэж уриалахын учир юу вэ? Библид байдаг амлалтуудыг Бурхан өгсөн. Тиймээс хүний амлалт юм уу таамаглалаас ялгаатай. Учрыг нь тайлбарлая.

  •   Бурхан бол итгэмжит. Библид түүнийг «худал хэлдэггүй» гэжээ (Тит 1:2). Түүнчлэн зөвхөн Бурхан ирээдүйн тухай хэлж чадна (Исаиа 46:10). Зөгнөсөн бүхэн нь биелснийг харуулах маш олон жишээ Библид байдаг. Илүү ихийг мэдмээр байвал «Библид итгэж болохын учир юу вэ?» видеог үзээрэй.

  •   Бурхан бидэнд тулгардаг бүх бэрхшээлийг арилгах хүч чадалтай. Библид түүнийг «таалдаг аливаа зүйлээ» хийх хүчтэй гэжээ (Дуулал 135:5, 6). Өөрөөр хэлбэл амлалтуудаа биелүүлэхэд нь хэн ч, юу ч саад болж чадахгүй. Мөн Бурхан бидэнд хайртай учраас туслахыг хүсдэг (Ёохан 3:16).

 Харин та: «Бурхан бидэнд туслахыг хүсдэг, бас туслах хүчтэй юм бол яагаад одоо ч ийм их зовлон, бэрхшээл учирдаг юм бэ?» гэж өөрийн эрхгүй асуух байх. Хариуг нь «Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?» видеоноос мэдэж аваарай.

 Хэрхэн биелэх вэ?

 Бурхан тэнгэрт байгуулсан засгийн газар буюу Хаант төрөөрөө бүх амлалтаа биелүүлнэ. Уг засгийн газрын удирдагчаар Есүс Христийг томилсон бөгөөд газар дэлхий болон хүн төрөлхтнийг удирдах эрх мэдлийг түүнд олгосон. Есүс дэлхийд байхдаа өвчнийг эдгээж, өлссөнийг хооллож, цаг уурын өөрчлөлтийг хянаж, нас барагсдыг ч амилуулсан (Марк 4:39; 6:41–44; Лук 4:40; Ёохан 11:43, 44). Ингэснээрээ тэрбээр Бурхны Хаант төрийн Хаан болохлоороо юу хийхээ харуулсан.

 Бурхны Хаант төрийн захиргаан дор та ямар ач тус хүртэхийг «Бурхны Хаант төр гэж юу вэ?» видеоноос үзээрэй.

 Хэзээ биелэх вэ?

 Тун удахгүй! Яагаад ингэж хэлэх вэ? Бурхны Хаант төр дэлхийг захирах цаг ойртсоныг харуулах шинж тэмдгүүдийг Библид зөгнөсөн байдаг (Лук 21:10, 11). Тэдгээрийг яг одоо бид нүдээрээ харж байна.

 «Хаант төр дэлхийг хэзээ захирах вэ?» өгүүллээс илүү ихийг мэдэж аваарай.

 Өнөөдөр ямар ач тустай вэ?

 Библийн нэг бичигч найдварыг «зангуутай» зүйрлэжээ (Еврей 6:19). Салхи шуургатай үед зангуу усан онгоцыг тогтвортой байлгадаг шиг ирээдүйн тухай Библийн баттай найдвар зовлон, бэрхшээлийг тэвчихэд тусалдаг. Найдварын ачаар бид тайван, жаргалтай амьдарч, саруул ухаантай, бүр бие махбодын хувьд эрүүл байдаг (1 Тесалоник 5:8).