СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Олон сая хүн Украинаас дүрвэж байна
2022 оны 2-р сарын 24-нд Орос Украин руу довтолсны улмаас ноцтой нөхцөл байдал үүсэж, сая сая хүн улс орноосоо дүрвэн зугтахад хүрээд байна. a
«Энд тэндгүй бөмбөг дэлбэрч байлаа. Үнэхээр аймшигтай. Бүр, үгээр илэрхийлэхийн аргагүй. Би нүүлгэн шилжүүлэх галт тэрэг явж байгааг дуулаад суухаар шийдсэн. Хамаг юмаа орхиод, хэрэгтэй гэсэн юмаа л үүргэвчиндээ хийгээд гарлаа. Бичиг баримт, эм тариа, ус, хуурай идэх юм л авсан. Тэгээд л гэр орноо орхиод бөмбөг дэлбэрч байгаа газраар явсаар галт тэрэгний буудалд хүрсэн дээ» (Украины Харьков хотын иргэн Наталия).
«Дайн болно чинээ огт санаагүй. Хотын зарим хэсэгт бөмбөг дэлбэрэх нь сонсогдож, цонх доргин дуугарч эхэлсэн. Би ч зайлшгүй хэрэгтэй юмаа л аваад гарсан даа. Өглөөний 8:00 цагт гэрээсээ гарч, дараа нь Львов орох галт тэргэнд суугаад, тэгээд тэндээсээ Польш орох автобусанд суусан» (Украины Харьков хотын иргэн Надия).
Энэ өгүүлэл дараах асуултад хариулна.
Юунаас болоод ингэж дүрвэх болов?
Орос Украин руу дайрснаас иргэд ийнхүү дүрвэх болсон. Гэхдээ Библи, ингэж дүрвэх болсны цаад шалтгааныг хэлж өгдөг.
Хүний засгийн газрууд ард иргэдийнхээ үндсэн хэрэгцээг хангаж чаддаггүй. Эрх мэдлээрээ далайлгаж, ард иргэдээ дарладаг (Номлогчийн үгс 4:1; 8:9).
Сатан Диавол Библид бичсэнээр энэ «ертөнцийн захирагч» бөгөөд хүн төрөлхтөнд хорон муугаар нөлөөлдөг. «Бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» гэж Библид бий (Ёохан 14:30; 1 Ёохан 5:19).
Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш янз бүрийн зовлон гамшиг туулж ирсэн. Одоо бид Библид зөгнөсөн «Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ» гэсэн үед амьдарч байна (2 Тимот 3:1). Энэ цаг үед дайн, байгалийн гамшиг, өлсгөлөн, тахал гарна гэсэн байдаг. Энэ бүгдээс болж хүмүүс нутаг орноосоо дүрвэж байна (Лук 21:10, 11).
Дүрвэгсдэд найдвар байна уу?
Библид Ехова b Бурхан хүнийг бүтээсэн гэж байдаг. Тэрбээр нутаг орноосоо дүрвэсэн хүмүүсийг хайрлаж, өрөвддөг (Дэд хууль 10:18). Тэнгэрт байгуулагдсан засгийн газар буюу Хаант төрөөрөө дүрвэгсдийн асуудлыг бүрмөсөн шийднэ гэж амладаг. Бурхны Хаант төр хүний засгийн газруудыг хална (Даниел 2:44; Матай 6:10). Ехова Хаант төрөөрөө Сатан Диаволыг устгана (Ром 16:20). Хаант төр дэлхийг бүхэлд нь захирах учраас хил гаалиар хуваагдсан улс үндэстнүүд гэж байхгүй болно. Бүх хүн төрөлхтөн нэгэн гэр бүл болж нэгдэнэ. Тэр цагт нэг ч хүн гэр орноо орхиж дүрвэхгүй. Библид «Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна. Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно. Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий ам айлдав» гэж байдаг (Мика 4:4).
Зөвхөн Бурхны Хаант төр л нутаг орноосоо дүрвэх асуудлыг арилгана. Дүрвэхэд хүргэдэг асуудлыг шийднэ. Хэдэн жишээ авч үзье.
Дайн. «[Ехова] дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог» (Дуулал 46:9). Тэмцэл мөргөлдөөнийг Бурхан хэрхэн зогсоох тухай «Дэлхий дээр амар тайвныг хэрхэн тогтоох вэ?» энэ өгүүллээс уншаарай.
Дарлал, хүчирхийлэл. «[Ехова] тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аварна» (Дуулал 72:14). Хүмүүс яавал сөрөг хандлагаа өөрчилж чадахыг «Үзэн ядахаа больцгооё» гэдэг өгүүллээс уншаарай.
Ядуурал. «[Ехова] гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь ... аварна» (Дуулал 72:12). Бурхан ядуурлын гол шалтгааныг хэрхэн арилгах тухай «Шударга ёс ноёлсон эдийн засгийн тогтолцоог бий болгох боломжтой юу?» гэдэг өгүүллээс уншаарай.
Өлсгөлөн. «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай» (Дуулал 72:16). Бурхан өлсгөлөнг хэрхэн арилгах тухай «Өлсгөлөнгүй дэлхий» (англи) гэдэг өгүүллээс уншаарай.
Библи дүрвэгсдэд тусалж чадах уу?
Чадалгүй яах вэ! Библи дүрвэгсдэд ирээдүйдээ итгэх итгэл найдвар төрүүлэхээс гадна, одоо тулгарч байгаа бэрхшээлээ шийдэхэд нь тусалдаг.
Библийн зарчим: «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» (Сургаалт үгс 14:15).
Юу гэж ойлгох вэ? Ямар аюул тулгарч болохыг, яаж урьдчилан сэргийлэхийг урьдаас тооцоолоорой. Шинэ газар очоод гэмт хэргийн золиос болохоос болгоомжлоорой. Юм мэдэхгүйгээр чинь далимдуулна шүү.
Библийн зарчим: «Хоол хүнс, хувцас хунар байвал бид сэтгэл хангалуун байх юм» (1 Тимот 6:8).
Юу гэж ойлгох вэ? Эд материалаар дутагдаж байгаагаа байнга битгий бодоорой. Үндсэн хэрэгцээнийхээ юманд сэтгэл хангалуун байвал та жаргалтай байна.
Библийн зарчим: «Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд» (Матай 7:12).
Юу гэж ойлгох вэ? Тэвчээртэй, сайхан сэтгэлтэй байгаарай. Ийм байвал очсон газрынхаа хүмүүстэй эвтэй найртай байж, хүндлэлийг нь хүлээнэ.
Библийн зарчим: «Хэнд ч мууг муугаар бүү хариул» (Ром 12:17).
Юу гэж ойлгох вэ? Хүн эвгүй харьцвал битгий уурлаарай, битгий адилхан харьцаарай. Байдал улам л хурцадна шүү.
Библийн зарчим: «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» (Филиппой 4:13).
Юу гэж ойлгох вэ? Бурхныг амьдралынхаа эн тэргүүнд тавиарай, залбираарай. Бурхан таныг асуудлаа давах хүч, сэтгэлийн тэнхээтэй болгоно.
Библийн зарчим: «Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг ... та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» (Филиппой 4:6, 7).
Юу гэж ойлгох вэ? Ямар ч хүнд байдалд байсан тайван байлгахыг Бурхнаас гуйж залбираарай. «Филиппой 4:6, 7—“Юунд ч бүү санаа зов”» (англи) гэсэн өгүүллийг уншаарай.
a Халдлага үйлдсэний маргааш НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар (UNHCR) хямралд онцгой байдлын хамгийн дээд түвшинг тогтоожээ. Ердөө 12 хоногийн дотор хоёр сая гаруй хүн Украинаас хөрш орнууд руу дүрвэж, нэг сая гаруй хүн эх орон дотроо нүүн шилжжээ.
b Ехова бол Бурхны нэр (Дуулал 83:18). «Ехова гэж хэн бэ?» гэсэн өгүүллийг уншаарай.