Худал мэдээллээс болгоомжлоорой
Өнөөдөр янз бүрийн мэдээ мэдээлэл, жишээлбэл эрүүл, аюулгүй байхад тустай мэдээллийг олж авахад хэзээ хэзээнээс илүү амархан болжээ. Гэхдээ та хэрэгтэй мэдээллээ хайхдаа дараах зүйлээс болгоомжлоорой.
Буруу ташаа мэдээ
Үндэслэлгүй мэдээлэл
Жишээлбэл, КОВИД-19 цар тахлын үеэр Нэгдсэн Үндэстний Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга худал мэдээлэл тахал мэт тархаж байгааг анхааруулжээ. Тэр хэлэхдээ, «Хуурамч эмчилгээний арга, эрүүл мэндэд хортой зөвлөгөө газар авч байна. Мэдээллийн хэрэгсэл худал хуурмагаар дүүрч, интернэт хуйвалдааны онолын нөлөөнд автжээ. Бусдыг үзэн ядаж байгаагаа илэрхийлж, ялгаварлан гадуурхах нь хэвийн үзэгдэл болсон байна» гэжээ.
Мэдээж худал хуурмаг мэдээлэл шинэ содон зүйл биш л дээ. Гэхдээ бидний амьдарч байгаа энэ цаг үед «муу хүмүүс болон мэхлэгчид хуурч, хуурагдан улам бүр дордоно» гэж Библид зөгнөсөн байдаг (2 Тим. 3:1, 13). Эдүгээ интернэт хөгжсөнөөр бид худал хуурмаг мэдээ мэдээллийг урьд өмнөхөөсөө илүү хурдан, хялбар аргаар хүлээн авч, санаандгүй тараачих боломжтой болоод байна. Үүний улмаас бидний э-мэйл, олон нийтийн сүлжээ мушгин гуйвуулсан эсвэл бүрэн бус баримтуудаар дүүрэх аюултай болжээ.
Тэгвэл бид буруу ташаа мэдээ мэдээлэл, хуйвалдааны онолоос болгоомжлохын тулд яах хэрэгтэй вэ? Тус болох хэдэн зарчмыг Библиэс авч үзье.
Харсан, сонссон бүхэндээ бүү итгээрэй
Библид юу гэж байдаг вэ? «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» (Сургаалт үгс 14:15).
Болгоомжтой байхгүй бол бид амархан хууртана. Нэг жишээ авч үзье. Тайлбартай зураг, богино хэмжээний видеонууд онлайнаар, ялангуяа олон нийтийн сүлжээгээр их тархсан байдаг. Тиймэрхүү зүйлүүдийг мим (meme) гэж нэрлээд байгаа бөгөөд хошин, хөгжилтэйд тооцдог. Гэхдээ дундаас нь таслаад авчихсан байдаг учраас гол сэдвээсээ шал өөрөөр ойлгогдох нь олонтоо. Заримдаа бүр хүмүүсийн хэлж яриагүй, хийгээгүй зүйлийн талаар ч видео хийх нь бий.
«Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформуудад байнга тааралддаг хуурамч мэдээллийн дийлэнх нь яг л мим шиг бүрэн бус зураг, видеонууд байдгийг судлаачид тогтоожээ» (Аксиос медиа).
Бодож үзээрэй: «Энэ мэдээлэл баттай эх сурвалжтай юу, аль эсвэл мим үү?»
Эх сурвалж болон агуулгыг нь магадлаарай
Библид юу гэж байдаг вэ?: «Аливаа юмны зөв эсэхийг магадал» (1 Тесалоник 5:21).
Тухайн мэдээлэл мэдээгээр дахин дахин цацагдаж олон нийтэд түгсэн байлаа ч итгэхээсээ эсвэл бусдад дамжуулахаасаа өмнө үнэн эсэхийг нь шалгаж үзээрэй. Тэгвэл хэрхэн шалгах вэ?
Эх сурвалж нь найдвартай эсэхийг магадлаарай. Хэвлэл мэдээллийн болон өөр бусад байгууллага өөрсдийнхөө юм уу улс төрийн эрх ашгийн үүднээс мэдээллийг ашиглах нь элбэг байдаг. Мэдээ үзэхдээ бусад эх сурвалжтай харьцуулж байгаарай. Заримдаа найз нөхөд маань ч санамсаргүйгээр буруу ташаа мэдээллийг мэйлээр юм уу олон нийтийн сүлжээгээр түгээх нь бий. Тийм болохоор эх сурвалжийг нь шалгаж байж л итгээрэй.
Агуулга нь үнэн зөв, сүүлийн үеийн мэдээ эсэхийг нь шалгаарай. Он сар өдрийг анхаарч, буцах эзэнтэй, батлах баримттай эсэхийг нягтлах хэрэгтэй. Ялангуяа хэтэрхий энгийн болгосон эсвэл онцгой сэтгэгдэл төрүүлэх зорилгоор цацсан мэдээ мэдээллээс болгоомжлоорой.
«Баримт нотолгоог шалгах нь өнөө үед гар угаахтай адилхан чухал болчихоод байна» (НҮБ-ын хүнс тэжээлийн аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн Шридар Дармапури).
Бодож үзээрэй: «Энэ мэдээ хэн нэгний үзэл бодол уу эсвэл баримт уу? Үйл явдлыг нэг л талаас нь харуулаад байна уу?»
Хүссэн юмандаа биш, бодит үнэнд л итгээрэй
Библид юу гэж байдаг вэ? «Зүрхэндээ итгэдэг хүн мунхаг» (Сургаалт үгс 28:26).
Ер нь хүн хүссэн юмандаа амархан итгэчих хандлагатай. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд бидний хайлтын түүхэд үндэслэн холбоотой мэдээ мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан санал болгох нь элбэг. Гэхдээ сонирхоод байгаа зүйл маань зайлшгүй хэрэгтэй биш ч байж болох юм.
«Хүн ямарваа зүйлийг тунгаан бодож, дүгнэлт хийх чадвартай. Гэвч хүсэл эрмэлзэл, итгэл найдвар, айдас хүйдэс маань бидний итгэхийг хүссэн зүйлтэй нийцвэл үнэн гэж хүлээж авах магадлал өндөр болдог» (Нийгмийн сэтгэл зүйч Питер Дитто).
Бодож үзээрэй: «Би энэ мэдээлэлд итгэхийг хүссэн учраас л итгэж байна уу?»
Худал мэдээлэл бүү тараагаарай
Библид юу гэж байдаг вэ? «Чи худал мэдүүлэг бүү өг» (Египетээс гарсан нь 23:1).
Тарааж буй мэдээлэл тань бусдын бодол санаа, үйл хэрэгт нөлөөлөх хүчтэй гэдгийг санаарай. Худал мэдээллийг санамсаргүй дамжуулсан байлаа ч ноцтой үр дагаварт хүргэж болох юм.
«Хамгийн чухал зарчим бол түр азнаад, “Би энэ мэдээллийг дамжуулах нь зөв үү?” гэж өөрөөсөө асуух юм. Хүн болгон ингэдэг бол онлайн дахь худал мэдээлэл эрс багасна» («Ньюс литераси» төслийн дэд ерөнхийлөгч Питер Адамс).
Бодож үзээрэй: «Би энэ мэдээллийг үнэн гэж мэдэж байгаа учраас хуваалцаж байна уу?»