СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Украины дайн дэлхийн хүнсний хомсдолыг даамжруулж байна
«КОВИД-19 цар тахал болон уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээд байсан дэлхий дахины хүнсний хомсдол Украины дайны улмаас даамжирч, олон улс оронд өлсгөлөнгийн аюул нүүрлээд байна» гэж эрх бүхий 80 орчим албан тушаалтан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд 2022 оны 5 дугаар сарын 19-нд мэдэгджээ. Мөн «Экономист» сэтгүүлд «Угаасаа хэцүү байдалд орчихоод байсан дэлхий ертөнцөд дайнаас болоод өлсгөлөн цар хүрээгээ тэлж байна» хэмээн бичжээ. Дэлхий дахинд хоол хүнсний хомсдол ийнхүү нүүрлэхийг Библид зөгнөөд зогсохгүй, яаж даван туулах аргыг бичсэн байдаг.
Хүнсний хомсдолыг Библи зөгнөсөн
Есүс: «Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй өлсгөлөн болно» гэж зөгнөжээ (Матай 24:7).
Библийн «Илчлэл» номд дөрвөн морьтны тухай гардаг. Тэдний нэг нь дайныг бэлгэддэг. Түүний араас гарч ирсэн морьтон өлсгөлөнг бэлгэддэг бөгөөд тэр үед хоол хүнс хомсдож, үнэ нь тэнгэрт хадах ажээ. «Намайг харж байхад хар морь гарч ирлээ. Түүнийг унагч гартаа чигнүүр барьжээ. ... хүнийхтэй адил дуу гарч, “Нэг литр буудай нэг өдрийн ажлын хөлсний үнэтэй. Гурван литр арвай ч нэг өдрийн ажлын хөлсний үнэтэй ...” гэхийг би сонслоо» (Илчлэл 6:5, 6, ОҮМБОХ).
«Эцсийн өдрүүд» гэж Библид нэрлэгдсэн өнөө үед хүнсний хомсдолын тухай эдгээр зөгнөл биелж байна (2 Тимот 3:1). Эцсийн өдрүүд болон дөрвөн морьтны тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл «1914 оноос дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдсөн» видеог үзэж, «Дөрвөн морьтон гэж хэн хэн бэ?» өгүүллийг уншаарай.
Библи хэрхэн туслах вэ?
Хоол хүнсний үнийн өсөлт, тэр байтугай, хүнсний хомсдол зэрэг хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад тустай зөвлөгөөнүүд Библид байдаг. Зарим жишээг «Бага орлогоор амь зуух арга» (англи) өгүүллээс уншина уу.
Бас Библи бидэнд бүх юм сайхан болно гэсэн найдвар өгдөг. «Газарт үр тариа элбэг дэлбэг» болж, хүн болгон хоол хүнсээр элбэг хангалуун амьдрах цаг ирнэ гэсэн амлалт энэ номд байдаг (Дуулал 72:16). Библийн энэхүү найдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, амлалтад нь итгэж болохын учрыг мэдье гэвэл «Амьдрал сайхан болох болов уу?» (англи) өгүүллийг уншаарай.